Нийтлэл 05 сарын 25, 2016

С.Молор-Эрдэнэ: Бүгдээрээ хангалттай бухимдаж байж л урагшилна

Монгол хүн ба цаг үе

Монгол хүн яагаад өнөөдөр цаг үеэ мэдрэхгүй төөрөгдөнө вэ? Монгол хүн яагаад цаг үеэ бүтээн босгож чадахгүй хуучин дассан хоцрогдсондоо хорогдоно вэ?
Цайтгайст гэсэн ойлголтыг бусад хэлнүүдэд орчуулахгүй шууд хэрэглэдэг. Үүний цаад утга бол тухайн цаг үеийн оюуны төлөв байдал гэсэн ойлголт. Тэгвэл өнөөдөр Монгол хүний оюуны төлөв байдал ямар байна вэ? Монгол хүний цаг үе тодорхой болсон уу?

Монгол хүний оюуны төлөв байдалд нөлөөлөх учиртай хамгийн чухал гурван салбар доод хэмжээнд хүртэл доройтжээ. Нэгдүгээрт хамгийн боловсролгүй хүмүүс улстөрчид болжээ. Хоёрдугаарт хамгийн соёлгүй хүмүүс урлагийнхан болжээ. Гуравдугаарт хамгийн ёс суртахуунгүй хүмүүс лам пасторууд болцгоожээ.

Боловсролгүй улстөрчид цаашид улс орныг авч явахад олигтой нөлөө үзүүлэх чадвар байхгүй. Хуучин улстөрийн кадерууд Орос оронд суралцсан диплом, ганц хоёр жил Америкт байсан гэсэн үлгэр домогоос цаашгүй. Залуу үеийн улстөрчид дотоодын бүтээгдэхүүнүүд тул өнгөгүй, цаашлаад бичиг үсгийн боловсрол ч үгүй. Боловсролгүй улстөрийн балаг үргэлжилж, ноёд феодалын шинжтэй болсон тул баян ядуугийн хил хязгаар ихсэж хувьчлалын зорилго биелсэн бололтой.
Соёлгүй урлагийнхан байгалийн төрхөөсөө салж соёлт төрх рүү очиж чадалгүй амитанлаг төрхөндөө баригдсаар л. Амьтанд л бодох бодол байхгүй байгалийн сэрлүүдээрээ л өдөр өнгөрөөдөг. Соёлт хүн болж чадвал толгой ажиллаж бодох ухаан хөгжинө. Бодохгүй ухаан байгалийн төрхөндөө тул агуйн амидрал үргэлжилж агуйгаас гарч гэрэл үзэж гэгээрэх боломж дутагдана. Драмын театр драма тоглохгүй. Хүүхдийн театр хүүхэд хүмүүжүүлэх чадваргүй болцгоожээ.
Ёс суртахуунгүй лам нар тэргүүлж, сүүлд шинээр төрсөн пасторууд нийлж хүнийг л дарж, доромжилж, хоосон мөргүүлж, ирээдүй байхгүй мухар сүсэг рүү хуйлруулна. Шашин хэнд ч хэзээ ч тус болж яваагүй зөвхөн тайлбар хийж сэнхрүүлж л явсан. Хүний хувь заяа зураг төөрөг бол шашны үүрэг даалгавар биш. Шашин хүнийг төрж үхэх хоёрт л тайлбар өгөх үүрэгтэйгээр байгуулагдсан. Түүнээс биш эмчилж эдгээж туслаж дэмжих бол шашны даалгавар биш. Майдар бурхан юу ч чадахгүй бас юу ч хийж бүтээхгүй. Майдар бурхан ганц ширхэг ном бичиж үлдээж хүн ардыг соён гэгээрүүлж чадаагүй.

Монгол хүн ба түүний цаг үе өнөөдөр иймэрхүү л байна. Боловсролгүй улс төр улам даамжирч улам л боловсролгүйчүүдийн эгнээ өргөссөөр л. Соёлгүй урлагийнхан хүмүүний сэтгэлийн сурган хүмүүжүүлэгч болж чадалгүй доод ухаандаа хүлэгдэн, сайн сайханыг уриалж чадахгүй муу муухайг сурталчилсаар. Худлаа л бол мөн бохир л бол жинхэнэ урлаг болжээ. Ёс суртахуунгүй лам нар хүний мэдрэмжийг хөгжүүлж сайхан зүйл харж эелдэг зүйл мэдрэх тэр мэдрэмжийг устгаж зөвхөн айдас дээр тоглож мухар сүсгийн золиос болсон ээж аавуудаас эхлээд эмээ өвөө нар залуу үеийг өсөж хөгжихөд саад хийсээр л. Сурч хөдөлмөрлөж мэдлэгтэй бол гэж залуу үеийг сургахын оронд лам руу дагуулан очиж үр хүүхдээ мухар сүсэгт барьцаалан өгдөг шинэ амьдралын хэв маяг тогтсон зан заншил болсон мэт.
Хөгшин залуу нийлсэн боловсролгүй улс төрчид Улаанбаатар хотыг сүүлийн 20 хүрэхгүй жилийн дотор утаат болгосон. Утаат Улаанбаатарын утаатай иргэд утаагаар амьсгалж, утаагаар үнэртэж утаа ханхлуулан явах хэрнээ намуудад дарлуулсан хэвээр л. Утаа үнэртсэн хүний ухаан яаж ч сэргэг сэлүүхэн байх билээ. Улс төрчидийн жил жилээс арилгах хүсэлгүй утааны зорилго биелж Монгол хүнийг утаат хүн болгожээ. Гадаад орон луу нисэхийн өмнө онгоцны буудал дээр утаанаасаа салах гэсэн хүсэл бүтэлгүйтэж утаагаа үнэртүүлэн гадаадын онгоцны буудал дээр бууцгааж ямар орны хүн гэдгээ утаагаараа л таниулна.

Энгэр дүүрэн шагнал төрийн соёрхолтоос авахуулаад МУГЖ хүртэл биеэ чимсэн хөгшин залуу урлагийнхан соёлыг яагаад эзэмшиж чадсангүй вэ? Яагаад Улаанбаатарын гудамжаар дүүрэн нус цэр цацаастай байна вэ? Энэ ямар соёл вэ? Хурал зөвлөлгөөн эсвэл концерт цуглаан хаана л очно вэ хэсэг хугацааны дараа хүмүүсийн хөлс гарч хачин үнэр танар тархаж буйг ямар соёл гэх вэ? Хаа л бол хог новш муруй далий. Энэ чинь нөгөө гоо сайханы онолтой харш биш билүү. Урлагийнхан гоо сайханы тухай яагаад буруу ойлголттой явна вэ? Гоо зүйн хичээл ордог гэчихээд хамгийн их гоо зүйгүй хүмүүс урлагийнхан л байна шүү дээ. Нийгэмд яагаад гоо сайхан авчирсангүй вэ?

Ёс суртахуунгүй лам нарын түүх ярьвал их л урт түүх ярина даа. Сүм хийдээс үр хүүхдээ салгаж сургуулийн танхимд оруулсан монгол хүний өрөвдөлт түүх ердөө л 70, 80 хүрэхгүй жилийн өмнө шүү дээ. Тоо физик, хими биологоос авахуулаад астроном агроном гээд л олон мэргэжлүүдийг лам нар хоцрогдсон үеэрээ буруу тайлбарласаар л. Философоос авахуулаад социолог антрополог гээд хүн төрөлхтөний ямар сайхан мэргэжлүүд Монгол хүмүүст хэрэгтэй байна вэ? Энэ бүгдийг бас л лам нар мэдэмхийрч Их сургуулийн профессор нэртэй мухар сүсэгтэнүүдтэй нийлж арга билиг билэгдэл гэж гутаасаар л. Хуманизм, классик, модерн, авангард гээд л нийгмийн чухал мэдлэг мэргэжлүүдийн үнэ цэнийг алдагдуулсаар л.
Шашны номоор бол хамгийн найр цэнгээнд дургүй хүн лам байх ёстой. Шашны номоор хамгийн өлсгөлөн мацаг барьдаг хүмүүс л лам болох ёстой. Шашны номоор хамгийн шуналгүй өглөгч хүн л лам байх ёстой. Шашны номоор хамгийн цэвэрч нямбай хүн лам байх ёстой. Шашны номоор хамгийн сахилга бат дэг журамтай хүн л лам байх ёстой. Лам хүнийг харж л хүн дур хүсэл шунал тачаалаа барьж сурах агуулгатай. Гэтэл Монгол лам нар ёс суртахууныг алдагдуулж нийгэмд шашны нэр хүндийг алдагдуулжээ. Ялангуяа Гандангийн ойр орчимын хог новш овоорч ямар ч ариун зүйлгүй. Мөнгөөр л үйлчилдэг сэтгэлээр биш лам нар Буддын шашиныг гэгээрэлийн биш харанхуйралын газар болгожээ.
Монгол хүн ба түүний цаг үе шинэ эхлэлийн өмнө ирсэн мэт. Цаг үеэ мэдэрч 21-р зууны Монгол хүн болох гэвэл хуучин, хоцрогдсон, эртний, өвөг дээдсийнүүдээс салж ангижирч чөлөөлөгдөж урагшаагаа л харах тэр боломжийг бүтээх цаг иржээ. Боловсролгүй улстөрийн балаг, соёлгүй урлагийнханы төөрөгдөл болон ёс суртахуунгүй лам нарын гэмт үйлдлүүд Монгол хүний цаг үеийг хулгайлжээ. Хулгайлагдсан цаг үеэ тодорхойлох нийгэм үгүйлэгдэнэ.
Монгол хүн цаг үеэ бүтээн босгоход хоёр зүйл юун түүн хэрэгтэй болжээ. Нэгдүгээрт бухимдал, хоёрдугаарт зүтгэл. Бүгдээрээ хангалттай бухимдаж байж л урагшилна. Бүгдээрээ зүтгэлтэй байсан цагт л шинэ нийгэм бүтээн босгох боломж гарна. Болж л байна эсвэл хийж л байна гэвэл юу ч урагшлахгүй. Шүүмжлэл хүнийг өөдрөг болгоно. Шүүмжлэхгүй бол уруудна.

 

2014/11/17

arrow icon