90-ээд оны ардчилсан хувьсгал! Энэ бүхэн бага байхад маань болж өнгөрсөн. Аав, ээж, ах эгч нар маань бүгд л болж байгаа үйл явцыг телевизээр нүд салгалгүй харж, их догдолж байсан санагдах. Бүгд л Сүхбаатарын талбайд очихоор нэхий хүрмээ өмсөөд гарч байсныг санадаг юм. Одоо бодоход тэд нар маань хичнээн их итгэж найдаж, бас санаа нь зовж, бас сэтгэл нь хөдөлж байсан бол гэж бодох. Хүн болгоны итгэл үнэмшлийн төлөөлөгч болж хэсэг бүлэг хүмүүс Сүхбаатарын талбай дээр гарч ирж, тэдний хэл яриа үйлдэл болгоныг бүгд чих тавин сонсож байлаа. Олон хүний хэлэх гэснийг төлөөлөн хэлж тэдний хүслийг гүйцэлдүүлж өгсөн нь мэдээжийн магтаал сонсохоор сайн үйл хэрэг. Гэхдээ энэ нь ямар нэгэн давуу эрх эдлэх шалтаг биш юм.
Тухайн үед энэ хүмүүсийг цаашдаа 25 жил улиг болтлоо телевизээр харах байснаа мэдсэн бол хүмүүс арай өөр маягаар хандах байсан даа гэж боддог юм. Мөн хэдэн сар талбай дээр суучихвал цаашдаа 30 жил дархан эрхтэйгээр юу дуртайгаа хийх боломжоор хангагдана гэж мэдсэн бол бүгд нэг нэг цагаан хоолой байраад гүйлдэх байсан байхдаа ч гэж бодох. Ямар ч байсан Монгол бөхийн дүрэм шиг өнгөрсөн баларсан гавьяагаараа дулдуйдан хамгийн туниа муутайг нь авч гуядсаар байнга давуу эрх эдлэх дархан аваргын цолыг тэдгээр хүмүүс хүртжээ. Бид ч гэж бид, хэн илүү жүжиг тавьж хэн илүү хулгай хийсэнтэй нь л зууралдаад байх. Хүн их хүндлэлийг хүртэх тусам илүү хатуу шалгуур, илүү хатуу давааг туулах ёстой.
Мөн хүнийг өнгөрсөн баларснаар нь бус зөвхөн одоогийн чадамжаар нь үнэлэж дүгнэх нь зөв байлтай.
Одоо эргээд бодохооор, бага байсан болохоор Сүхбаатарын талбай дээр цагаан хоолойгоор юу гэж яриад байсныг огт санадаггүй юм. Харин тэр үеийн зургуудыг эргээд харахад
"Би дарга больё, би бүгдийг нь хулгайлая!"
гээд орилоод байсан юм шиг л санагдах.
Цаг хугацаа бүхнийг илээх хүчтэй тул нөгөө дархан аваргууд маань цагийн эрхээр халагдах солигдох цаг үе дөхөж байна.
Энэ үед, шинэ залуус мөн урьдын адилаар тухайн цаг үеийнхнийхээ хүсэл мөрөөдөл итгэл найдварыг ярисаар гарах нь мэдээж. Гэхдээ энэ удаад тун нухацтай бодоцгооё. Таны сонгож байгаа хүн чинь, одоогийн баатрууд чинь таны үр хүүхэд нас биенд хүрэх үед дийлдэшгүй мангас болоод бүхний итгэл найдвар нандин бүхнийг цөлмөн дээрэмдэж байх болно гэж төсөөлдөө. Яг тэгж мангас болохынх нь өмнө, эсвэл хүч чадал, чадвал чадамж нь буураад ирэхэд эсвэл түүнээс илүү хүн гараад ирэхэд, эсвэл болохгүй хүн байна гэдгийг нь мэдэх үед тэр даруйд нь хөөгөөд явууж чадах эсэхээ байнга бодож сонгоё. Энэ боломжийг тэд өөрсдөө баталгаажуулж өгсөн тохиолдолд л сонгоё.
Алдаагаа засья!
Өнгөрсөн хугацаанд хэн хаана юу шахсан, ямар төсөл авч өгөөд талыг нь цавчсан, хаана ямар хамаатны хүнээ ажилд оруулсан гээд л Монгол жижигхэн болохоор бүгд л нөгөө хэдийнхээ талаар ам дамжуулан ярьж хүүрнэлдэх болов ч ямар ч арга байхгүй. Үүнийг олж илчлэхийг хүсвэл хайран цаг бас бөөн зовлон тэгээд ч ингэж байж зөвхөн өөрөө хохироод өнгөрөх магадлал маш өндөр. Нөгөөх нь нэг үлгэр зохиогоод мэлзэж эхэлнэ, энэ нь яваандаа жүжиг болж хүн бүхэн талцаад хэсэг хөөрөөөд тэгээд мартаад өнгөрнө. Ийм юм хөөцөлдөөд явах завтай ч хүн алга.
Харин шинэ улс төрийн орчиндоо дараах зүйлийг тохироё тэгээд амлалтыг нь авая. Бид одоо хүн сонгохдоо, чи юу хийх вэ гэж асуухаас гадначи ямар тохиолдолд өөрөө буух вэ гэдгийг нь асууж бичгээр амлалт авцгаая
. Тухайн хүн өндөр хариуцлага үүрч өндөр эрх эдэлж байгаа бол өчүүхэн төдий ч хир буртагтай байж болохгүй. Энэ нь жижиг том гэлтгүй бүх сонгууль томилгоонд хамаатай байг. Ямар нэгэн буруу зүйлд орооцолдон цуу яриа ч болтугай гарсан л бол. Хурлаа, ажлаа тасалсан бол. Төрийн ажлыг хувийн бизнестэй хутгасан бол, таны томилсон хүн алдаа гаргасан бол үг дуугүй буух ёстой. Цуу ярианы үнэн худал нь ч тийм чухал биш, ийм зүйлд нэр холбогдохоор харагдсан учраас л цуу яриа гарч таараа. Үүгээр улс төрийн кариер нь дуусах ёстой. Дөрвөн жил дэндүү урт. Сонгосон итгэлд хариулж чадаагүй бол сонгоод тавьсан байр суурьнаас уучлал гуйгаад буух нь бусад орны практик. Манайд хүнийг буцаан татах, буулгах механизм огт байхгүй байгаа нь олон асуудал ужиграх үндэс болж байна. Япон, Солонгост бол улс төрийн байтугай өөрөө биологийн карьераараа төлөөсөө төлөх нь ч элбэг.
Шинээр гарч ирж байгаа хүн ч бай нам ч бай шинэ улс төрийн соёлыг бүтээж өөрөө өөртөө хариуцлага тооцдог зарчимыг бий болгоё. Үүнийг бид (сонгогчид) шинэ соёл, шинэ шалгуур болгож чадвал бусад нь дагахаас өөр аргагүй. Буруу зүйлд нэр холбогдвол заавал хүнээр хэлүүлээд чичлүүлээд байлгүй өөрсдөө хурдан зайгаа тавиад өгөх соёлыг дэлгэрүүлье. Тэгэхийн тулд гараад ийм юм хийнэ гэсэн амлалтын хамт, ийм юм хийхгүй бол, ийм асуудал гарвал итгэлийг буцааж өгнө гэсэн амлалтыг ч бичгээр бичээд online хэлбэрээр тавих, түүнийг нь иргэний нийгэм ямар нэг шаардлага гарвал өөрсдийн баримт болгож огцруулах хариуцлага хүлээлгэх шаардлага тавья. Үүнийг ямар нэгэн хуулиар зохицуулах нь тун ээдрээтэй, ашиг сонирхлын зөрчилтэй, илүү зардалтай. АТГ нь хүртэл хэл ам хэрүүлийн бай болох. Хамгийн чухал нь ухамсар, ёс зүй тэгээд хүлээн зөвшөөрөгдсөн соёл. Эдгээрийг сахихгүй итгэл алдсан сонгогдогчийг иргэд бухимдаад үглээд өнгөрөх биш эргүүлээд шаардаж, хариуцлага нэхэж болохоор"огцрох болзол" маягийн бичиг баримттайгаар сонгоё, дараагийн удаа. Алдаагаа давтахгүйн тулд!
uul ni tegmeer l bna, yaj uuniig heregjuuleh ve? huuli erh uin orchin enee teree bolchikh baikhdaaa