-Улсын хэмжээнд хаврын тариалалт 74 хувьтай байгаа талаар Хүнс, Хөдөө Аж Ахуйн яамнаас мэдээллээ. Нийт 323 мянган га-д үр тариа тариалахаар төлөвлөснөөс тавдугаар сарын 27-ны байдлаар 249 мянган га-д нь тариалалт хийсэн, гүйцэтгэл 78.2 хувьтай байгаа ажээ. Хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-аас 250 аж ахуйн нэгж, иргэнд 8500 тонн улаанбуудайн үрийг хөнгөлөлттэй зээлээр олгосон
байна.
-АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ удахгүй өсгөнө
гэх хүлээлт зах зээлд улам нэмэгдсээр байна. Өнгөрсөн баасан гарагт Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жанет Йеллен Харвардын их сургуульд болсон нэгэн арга хэмжээний үеэр энэ талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Бодлогын хүүг ойрын хугацаанд аажмаар бөгөөд маш анхааралтай өсгөнө
” гэж харж байгаагаа онцолсон байна.
-“Apple” компани БНХАУ-ын автомашин дуудлагын үйлчилгээнд нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Шинжээчид “Apple”-ийн санхүүгийн тайлангаас өнгөрсөн гурван жилийн хугацаанд нэмэлт судалгаа шинжилгээ, хөгжүүлэлтэд тус компани таван тэрбум ам.доллар зарцуулсан болохыг тогтоожээ. Энэ нь автомашин үйлдвэрлэгч томоохон 14 компанийн хөрөнгө оруулалтаас дээгүүр дүн болсон аж.
-БНХАУ-ын нүүрс олборлох болон боловсруулах салбарын ашиг энэ оны эхний дөрвөн сарын дүнгээр 92 хувиар буурч, 146.6 сая ам.доллар болсон гэж тус улсын Статистикийн Товчооноос мэдээллээ. БНХАУ-ын нүүрсний салбарын ашиг 3-4 жил дараалан буурсан дүнтэй гарсан төдийгүй орлогын хэмжээ нь 15 хувиар агшиж, 99.5 тэрбум ам.доллар болсон байна. Тиймээс БНХАУ-ын Засгийн газар нүүрс болон гангийн салбараа шинэчилж, нийлүүлэлтийн илүүдлийг бууруулах зорилт тавиад байна. Ингэснээр ирэх таван жилд олон тооны уурхай, үйлдвэрийг хааж 1.8 сая ажлын байрыг танахаар төлөвлөжээ.
-Төмрийн хүдрийн зах зээлд нийлүүлэлт тасралтгүй нэмэгдэж байгаатай холбоотойгоор ханш нь эргээд буурах эрсдэлтэй байна гэж “Goldman Sachs”-аас анхаарууллаа. Тодруулбал зах зээлд үүссэн илүүдлийн нөлөөгөөр нэг тонн хүдрийн ханш эргээд 40 ам.доллараас хямдарч магадгүй
гэж таамагласан байна.
Сэтгэгдэл бичих