Нийтлэл 06 сарын 12, 2016

ДЭЛХИЙ: Ямар салбарт компаниуд хамгийн өндөр ашигтай ажилладаг вэ?

Сүүлийн 30 жилийн хугацаанд корпорациудын хүү, татварын өмнөх ашиг 3 дахин, татварын дараах ашиг 5 дахин өссөн. Өндөр хөгжилтэй орнууд нийт ашгийн 2/3-ыг хүртэж байгаа бол барууны компаниуд хамгийн их ашигтай ажиллаж байна. ТухайлбалWalmart-ын ажиллах хүч Латви, Словенийн хүн амны тооноос их, ExxonMobil-ын ашиг Болив, Иорданы ДНБ-тэй тэнцүү, Apple-ийн зах зээлийн үнэлгээ ОХУ, Испанийн хөрөнгийн зах зээлийн үнэлгээтэй тэнцүү болсон. Компаниудын ашигтай холбоотой ажиглагдаж буй голлох зүйлсийг энэхүү мэдээгээр танилцуулъя.    

Капиталд суурилсан салбараас бүтээлч санаанд суурилсан салбар луу

Ашгийн өндөр маржин капиталд суурилсан (capital intensive) салбараас R&D, брэнд, програм хангамж, алгоритм ашигладаг санаанд суурилсан (idea intensive) салбарууд руу шилжиж байна. Mckinsey компанийн хийсэн судалгаагаар (Зураг 1) 2014 оны байдлаар эм зүй, эм хангамж, медиа, санхүү, мэдээллийн технологийн салбарууд хамгийн өндөр ашгийн маржинтай ажиллаж байна.

 

ЗУРАГ 1. САЛБАРУУД АШГИЙН МАРЖИН, ОНЦЛОГ

1999 онд барууны компаниудын хийсэн ашгийн 17%-ийг санаанд суурилсан салбарын компаниуд бүрдүүлж байсан бол одоо 31%-ийг бүрдүүлдэг. Эдгээр компаниудын ашиг аж үйлдвэрийн машин, үйлдвэрээс бус оюуны эрх, брэнд, худалдааны тэмдэгээс бий болгож байна.

Компаниуд өсөлт, амжилтад хүрэхийн тулд M&A –ийг түлхүү хэрэгжүүлж байна.

Компаниуд зах зээлд эзлэх байр сууриа хадгалах, шинэ зах зээлд орох, шинэ бизнесийн шугам нэмэхдээ M&A стратегийг хэрэглэж байна. M&A хэлцлийн  идэвхи, хэлцлийн үнийн дүн 30 жилийн өмнөх үетэй харьцуулахад 5 дахин нэмэгдсэн.  2014 онд л гэхэд 3.5 триллион ам.долларын хэлцэл хийгдсэн бөгөөд 5 тэрбум ам.доллараас дээш үнийн дүнтэй 95 хэлцэл хийгдсэн байдаг.

Санаанд суурилсан салбарын компаниуд M&A хэлцэлд хамгийн их хувийг эзэлж байна. Тухайлбал Facebook Instagram-ын 33 сая хэрэглэгч бүрийг 30 ам.доллараар үнэлж 1 тэрбум ам.долларыг зарцуулсан бол ердөө 2 жилийн дараа 19 тэрбум ам.доллараарWhatsApp-ийг худалдаж авсан.

Улс орнуудын онцлогын тухайд БНХАУ, Энэтхэг болон хөгжиж буй бусад улсууд M&Aхэлцлийг дэлхийн зах зээлд эзлэх байр сууриа бататгах, нэмэгдүүлэхийн тулд идэвхитэй ашиглаж байна. Жишээ нь Энэтхэг улсын Sun Pharmaceutical 1990 онооос салбарынхаа компаниудыг худалдаж авснаар дэлхийн хамгийн том эм үйлдвэрлэгч компаниудын нэгд орсон. Мумбайд төвтэй Tata Group зөвхөн Их Британид гэхэд л 50,000-аас дээш ажилтантай 19 компанийг өөртөө нэгтгэж дэлхийн хамгийн том ажил олгогч хувийн компаниудын нэг болсон. Бразилийн JBS АНУ-ын Swift&Company болон Pilgrim’s Prideзэрэг томоохон компаниудыг ээлж дараалан худалдан авч дэлхийн хамгийн том мах үйлдвэрлэгч болчихоод байна.

БНХАУ-ын компаниуд ч M&A хэлцлээр томорсоор. 2013 онд БНХАУ-ын компаниуд 59 тэрбум ам.долларын 198 гадаад хэлцэл хийсэн нь тус оны нийт худалдан авах хэлцлийн 1/3-тэй тэнцсэн. Сүүлийн 4 жилийн хугацаанд гэхэд БНХАУ-ын хэлцлийн нийт хэлцэлд эзлэх хувь нийт орлогод эзлэх хувьтай харьцуулахад 30%-аар илүү байсан. Цөөн хэдэн жишээ дурдвал БНХАУ-ын Zhejiang Geely Holding Group нь Шведийн автомашин үйлдвэрлэгч Volvo компанийг, Shuanghui International дэлхийн хамгийн гахайн мах үйлдвэрлэгч АНУ-ын Smithfield Foods-ийг, China National Offshore Oil Corporation Канадын газрын тос үйлдвэрлэгч Nexen, Lenovo компани нь Motorola Mobility-г тус тус худалдаж авсан.

Эрчимтэй хөгжиж буй орнуудын өмчийн эзэмшлийн хэлбэр өрсөлдөөнд нөлөөлж байна.

Компаниудын эзэмшлийн хэлбэр буюу төр эзэмшиж байна уу, гэр бүл, үүсгэн байгуулагч нь эзэмшиж байна уу гэдэг нь компанийн зорилго, урт хугацааны өсөлтийн талаархи төсөөлөлд онцгой нөлөөтэй. Төрийн өмчит компаниудын хувьд богино хугацааны ашгийн түвшин бага ч урт хугацаанд тогтвортой байх, цар хүрээ ихтэй байх шинжтэй байдаг  бол нээлттэй компаниудын хувьд хувьцаа эзэмшигчид нь богино болон дунд хугацаа, улирлын ашгийг нэн тэргүүнд тавьдаг.

ЗУРАГ 2. НИЙТ ОРЛОГОД ЭЗЛЭХ ХЭМЖЭЭ, КОМПАНИУДЫН ЭЗЭМШЛИЙН БҮТЦЭЭР


Дэлхийн хамгийн том төрийн өмчит компаниудын тал нь БНХАУ-д байдаг. БНХАУ-ын компаниуд сүүлийн 10 жилд 4-5 дахин хурдан өссөн ч ашгийн маржин нь дунджаас 5%-аар доогуур байна. БНСУ, Баруун Европ, Латин Америк хамгийн том гэр бүлийн бизнесүүдтэй. Эсрэгээрээ хамгийн том нээлттэй компаниудыг Хойд Америк, Японоос олж болно. 

 

Эгүлэ Капитал нь зах зээлийн шинэ мэдээлэл,

судалгаа бэлтгэн харилцагчиддаа хүргэхийн

зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүү, бизнес стратегийн

мэргэжлийн зөвлөгөө үзүүлэгч байгууллага юм.

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2016-06-14

    Салбар нь байхгүй юм уу, технологийн, аж үйлдвэрийн, хүнсний гээд л.....

arrow icon