Нийтлэл 06 сарын 13, 2016

Ч.Сайханбилэгийн 'Эдийн засаг Эдийн засаг Эдийн засаг' нь 'Популизм Популизм Популизм' болжээ

Монголчууд газар доорхи нүүрс ба популист засгийн газрынхаа ачаар бүгд ингэж зэрэг эртлэн босч, банкны салбарууд нь нээгдэхээсээ өмнө харилцагчаар дүүрсэн тохиолдол өмнө нь гарч байгаагүй байх... Өнөөдрөөс иргэд "Эрдэнэс-Таван Толгой"  хувьцаат компанийн 1072 хувьцааныхаа 30 хувийг Засгийн газарт өгөөд оронд нь 300 мянгыг авах боломжтой болж буй. Жаахан очерлоод л 300 мянгыг хийх боломжийг хэн ч алдахыг хүсэхгүй нь лав. Хүн бүр эдийн засгийн хүн гэдэг утгаараа ийм боломжоо ашиглах нь мэдээж зөв.

Оройн хоолны мөнгөгүй ядуу ч бай, офшор дансанд хэдэн саяыг нуусан баячууд ч ялгаагүй, 

  • Нэгд, очерлох хооронд алдчих орлого 300 мянгаас бага л бол ажлаа түр орхиод банк явсан нь ашигтай;
  • Хоёрт,  бүртгэл төдий хувьцааг мөнгө болгосон нь ашигтай, ялангуяа төрийн өмчит дампуу компанийн хувьцааг зах зээлийн үнэлгээнээс хэд дахин өндөр үнээр зарах боломж олдсон дээр нь;
  • Гуравт, портфолио талаас нь харвал ер нь Хятадын эдийн засaг, нүүрсний үнэ, хувьцааны үнэлгээ цаашид юу ч болоо билээ. Иймд 30%-ийг зарах нь байж болох портфолио менежмент (хувьцааны үнэ өсвөл 300 мянгаараа эргүүлээд худалдаж авах боломжтой!).

Гэхдээ энэ мэтээр дор бүрнээ ашиг орлого тооцож хувиа бодохоос илүү Монгол хүний саруул ухаан гаргаад 300 мянгад "үгүй" гэж хэлцгээе гэж уриалмаар байна.

 

Tragedy of commons буюу хувиа бодоод хувьсгалаараа хохирохуй

Эдийн засагт tragedy of commons  гэдэг нэг зовлон бий.Хүн бүр хувиа хичээгээд өөрт ашигтай гэж бодсон хувилбарыг сонготол нийгэмд буюу өөрсдөдөө хохиролтой үр дүнд хүрдэг. Жолооч болгон цагаа хэмнэх гээд уулзвар руу дайрахаар түгжрээ үүсдэг, хүн бүр хогоо задгай хаяхаар бохир заваан, гэмт хэрэг ихтэй гудамж бий болдог гэх мэт энгийн амьдрал дээрх жишээ ч олон (түгжрээний жишээ энд, хогны жишээ энд).

Уул нь энэ зовлонгоос сэргийлэхийн тулд л, эдийн засагт бүх зүйлийг хүмүүсийн рациональ(ашгийн төлөө) сонголт буюу зах зээлд даатгахгүйн тулд төр оролцох шаардлагатай үе гардаг. Хүмүүсийн амин хувиа хичээсэн үйлдлүүд зах зээлийн үл үзэгдэх гараар зохицуулагдаад нийгэмдээ ашигтай зүйлийг авчирдаггүй нь математикаар нотлогдсон

Тэгвэл манай популист засгийн газар ирэх 2 долоо хоногийн хугацаанд "Сайн хувьцаа" нэрээр 1 сая 650 мянган иргэнд 300 мянгыг тараан, 500 тэрбум төгрөг зарцуулахаар болж байна. Иргэд ч өөр өөртөө ашигтай хувилбарыг сонгож өглөөнөөс банкинд очерлоцгоож байна.

Уул нь хувьцаагаа зарах нь нэг хүн бүрт ашигтай хувилбар гэдгийг дээр тайлбарласан ч, дараа нь яагаад бүгд хохирч үлдэх вэ гэдгийг одоо харцгаая:

  • Нэгд, энэ 500 тэрбум төгрөгийг дотоодын зах зээлээс босгох 1.6 их наяд төгрөгийн дүнтэй бондын мөнгөнөөс санхүүжүүлнэ. Бонд учир дараа нь харин бидний татварын мөнгөөр төлөгдөнө. Бидний ирээдүйгээс хулгайлж авчраад одоо тарааж буй санхүүгийн схем гэсэн үг.
  • Хоёрт, 500 тэрбумыг дотоодын зах зээлээс босгоно. Энэ мөнгө уул нь эдийн засгийг эргэлдүүлж одоогийн хүндрэлээс гаргах гол мотор буюу аж ахуйн нэгжүүдэд очих ёстой байсан мөнгө юм. ЗГ нь ингээд шимэгч хорхой шиг зах зээл дээрээс мөнгө сорж аваад байхаар компаниудад зээл олдохгүй байх нь аргагүй. Тэгэхээр цаашид ажлын байр, өсөлт бий болгох учиртай хөрөнгө оруулалтуудыг санхүүжүүлэх мөнгийг ЗГ нь булааж аваад бидэнд тарааж байна гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, хүн бүр хувиа бодоод хувьсгал хохирдог зах зээлийн алдааг засах ёстой ЗГ маань харин ч эсрэгээр нь хувьсгалын мөнгийг тарааж, Баабарын хэлдгээр "оройгүй тэнэглэл" хийж буй. Бид хуучин хувцсаа хүнд зүгээр өгснөө эргүүлээд худалдаж авъя гэдэггүй л биз дээ. Эдийн засгийг удирдаж буй хүмүүс нь ингээд байх юм. Ийм дампуу төртэй байхаар хүндрэлд оролгүй яахав, эдийн засаг сайжрах дүр зураг ч яаж харагдах вэ?!

Тэгэхээр эрхэм Ерөнхий сайд аа, "Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг" гэж гарч ирчихээд эдийн засгаа зохицуулахгүй гэхэд ингэж гай болохоо болиоч ээ. Ta өөрөө эдийн засаг мэдэхгүйдээ биш, харин эдийн засаг мэдэхгүй сонгогчдод идүүлэх гээд популизмын будаа цацаад байна шүү дээ. Популизмын будаа идээд буруу замаар орсон Грек-ийн араас орохыг хэн ч үл хүснэ.

Сайн хувьцаанд, хувьцаагаар халхалсан популизмд бид "ҮГҮЙ" гэж хэлж байна!

arrow icon