Хэдхэн хоногийн дараа бид сонгууль өгч, улс орныг авч явах хүмүүсээ сонгоно. Зөв сонголт хийхийн тулд нэр дэвшигчийн нэрийг дугуйлахаасаа өмнө дараах хоёр асуултыг өөрөөсөө асуугаарай.
Би энэ хүнийг таньдаг болохоор л сонгох гэж байна уу?
Хүний сэтгэлзүйд Заойнсын зарчим гэгдэх нэг дүрэм үйлчилдэг байна. Зайонсын зарчим буюу mere-exposure effect гэдэг нь хүн таньдаг, мэддэг эд юмс, хүндээ илүү талтай байдгийг томьёолсон мэргэжлийн хэллэг юм. Хүн мэдэхгүй юмнаасаа айдаг гэхчлэн нөгөө талаас нь илэрхийлсэн энгийн хэлц ч байдаг.
Би энэ хүнийг аятайхан зөв төрхтэй болохоор сонгох гэж байна уу?
Хүний сэтгэлзүйд Зайонсын зарчмаас гадна нүүртэй холбоотой бас нэг хэтийдэл (bias) үйлчилдэг байна. “Хөөрхөн бол зөв” буюу илүү гоо сайхныг илүү зөв гэж хүлээж авах хэтийдэл. Бяцхан хүүхэд хүртэл үзэсгэлэнтэй нүүр рүү удаан ширтдэг байна. Ээж хүртэл хөөрхөн хүүхдээ илүү эрхлүүлж, багш нар хөөрхөн оюутнаа илүү өршөөж, хөөрхнүүд илүү хурдан ажилд орж, илүү хурдан ахиж, илүү их цалин авдаг. Шударга эсэх нь тусдаа асуулт боловч бидэнд гоо сайхныг илүүд үзэх хандлага байдаг. Өрнөдөд телевиз зохион бүтээгдсэнээс хойш улстөрчид илүү царайлаг, илүү мангар(эсвэл арай ухаалаг бус) болсон гэдэг. Холоос цагаан хоолойгоор ухаанаа уралдуулж байтал, камераар татаад царай харуулдаг болоод ирэхээр энэ төрлийн хэтийдэл илүү үйлчилж эхэлсэн гэсэн үг.
Монгол төдийгүй дэлхий дахинд төлөөллийн ардчилал буруу тийшээ үйлчилж, поп улстөрчдийг сонгох болсон нь мөнгөөр медиаг зоддог, эсвэл хандалт сайн авдаг шар мэдээний танил нүүрнүүд, мөн ухаантай гэхээсээ аятайхан зөв төрхтэй хүмүүсийг илүү сонгож ирсэнтэй холбоотой гэгдэж байна. Сонгогч та өөр маргаашийн төлөө хамгийн боловсрол, ур чадвар, ёс зүйтэй нэр дэвшигчийг сонгохын тулд танихгүй бас “царай муутай” нэр дэвшигчдийн тарааж байгаа материалыг төвөгшөөлгүй авч, хэлэх үг, зорьсон зорилгыг нь чих тавин сонсож байгаад сонголтоо хийгээрэй.
энэ хүнийг хараахаас илүү улс орноо бодож сонголт хийвэл зохилтой