Нийтлэл 09 сарын 19, 2016

СУДАЛГАА: 50 хүрээд аз жаргалтай амьдрахын тулд 30 насандаа юу хийх вэ?

Америкт 1500 ахмад настнууд дунд явуулсан судалгаанд үндэслэсэн 50 наснаас цаашхи 30 жилд сэтгэл хангалуун амьдрахын тулд 50 хүртэлх 30 жилд хэрхэн ажиллах хэрэгтэй талаар нэгэн сонирхолтой нийтлэлийг орчуулан хүргэж байна.

50 хүрсний дараах амьдралдаа аз жаргалтай байхын тулд 30 насандаа юу хийх вэ?

Хийсэн судалгаануудтай маань холбоотойгоор нэг хүн “Би 30 настайдаа хэрхэн ажиллавал 50 наснаас цаашхи амьдрал маань сайхан байх вэ?” гэж саяхан надаас асуусан юм. Ѳмнѳ нь 1500 гаруй өндөр настай Америкчуудаас амьдралын ухааныг нь мэдэх зорилгоор яг ингэж асууж судалгаа хийсэн болохоор энэ миний дуртай асуулт байв. Ахмадууд ч карьертэй холбоотой энэ сэдвээр дуртайяа ярьж, зөвлөгөө өгөхөөс татгалзаагүй юм. 

Аз жаргалтай амьдраад 90-ээд насандаа сэтгэл хангалуун байгаа хүмүүс, эсвэл амьдрал нь санаснаар нь болоогүй учир юун дээр алдаж болохгүйг анхааруулахыг хүссэн хүмүүс 20-40 насныханд зориулж ѳгсѳн зѳвлѳгѳѳн дунд дараах 3 зүйл хамгийн нийтлэг байв. Заримдаа гараан дээр байгаа хүнд бариан дээрээс юмс хэрхэн харагддагийг мэдэж авах нь тун хэрэгтэй зүйл байдаг:

  1. Ѳѳрѳѳ сэтгэл ханамжтай байх карьер сонго

Бараг бүх ахмад настнууд өгсөн нэг зөвлөгөө гэвэл энэ: Дуртай ажлаа хайж ол. Арай бага мөнгө олдог ч, дуртай зүйлээ хийх нь дургүй ажилдаа зүтгээд амралтын өдрүүдээр л амьдралыг мэдэрч насыг барахаас хамаагүй дээр гэж тэд хэлсэн юм. Жишээ нь, Вилли Брэдфилд 83 настай. Ахлах сургуулийн биеийн тамирын дасгалжуулагч байсан бөгөөд одоо ч эрүүл бөгөөд эрч хүчтэй нэгэн. Тэрээр юу гэж хэлсэн бэ гэхээр:

“Би ажилдаа үнэхээр дуртай байсан. Тиймдээ ч өөрийнхѳѳ авъяастай, чамайг аз жаргалтай байлгадаг тийм зүйлээ л хий гэх нь миний залуу хүмүүст ѳгѳх хамгийн гол зөвлөгөө. Аливаа ажлын хувьд зөвхөн мөнгө олох нь хамгийн гол зорилго байх ёсгүй. Би ажилдаа хайртай байсан учраас л хийдэг байсан. Өөрөө үнэхээр дуртай, өдөр бүр ажилдаа явахыг хүсдэг тийм л мэргэжлээр ажиллах нь хамгийн чухал.” 

  1. “За” гэж хэл

 Өөрийн ажлыг байж болох хамгийн явцуу хүрээнд ойлгоод “жижиг сэтгэ” гэдэг үгийг уриа болгосон хэн нэгэнтэй хүн бүр л таарсан удаатай байх. Нүхэн дотор нуугдаж, ширээгээ тойрсон эсвэл ѳрѳѳнийхѳѳ ханаар хамгаалуулсан тийм хүмүүс өөрийгөө эвдэх дургуй байдаг. Гэтэл ийм арга барил бол том алдаа юм. Ажил дээр чинь сорилт тулгарах болгонд шүүрч аваад, аль болох “За” гэж хэлэх хэрэгтэй. Ер нь боломж үүдийг нь тогшиход хаалгаа нээлгүй ѳнгѳрѳѳчихсѳн гэдэг нь ажлын талаар харамсдаг зүйлс дунд хамгийн их дурдагдсан нь байв.

 79 настай Жое Шлутер дараах сургамжийг надад ярьж өгсөн юм. Их хямралын (1920-иод оны сүүл) үеийн олон хүүхдүүдийн нэгэн адилаар тэр ядуу амьдралаас гараагаа эхэлсэн байв. Аав нь хивсний үйлдвэрт ажилладаг бөгөөд ахлах сургууль ч төгсөөгүй нэгэн байж. Гэхдээ Жое өөрөө сайн хичээсний үр дүнд амжилттай инженер, энтрепренер болжээ. Тэрээр ингэж хэлсэн юм:

 “Үнэхээр хөдлөшгүй шалтгаан л байхгүй бол “Үгүй” биш, харин “За” гэж хэлэх нь эргээд ач тусaa авчирдаг. Энэ бол миний амьдралаас сурсан хичээл юм. Би ажил дээрээ “Үгүй” гэдэггүй байсан. Би аль болох зөвшөөрдөг байлаа. Энэ нь мэдээж үргэлж амар байгаагүй ч, заримдаа сонирхолтой зүйл рүү хөтөлдөг. Хэрэв чи “Үгүй. Би үүнийг чадахгүй” эсвэл “Би үүнийг хийхийг хүсэхгүй” гэдэг хүмүүсийн нэг бол амьдрал чамд санал болгох олон сайхан зүйлийг алдаж байгаа хэрэг. Амьдрал бол адал явдал, гэхдээ өгөөжийг нь хүртэхийн тулд эхлээд “За” гэж хэлэх хэрэгтэй.”

 Ер нь амьдралын эцэст хамгийн сэтгэл хангалуун байдаг хүмүүс залуудаа хийсэн ямар нэг шийдвэрийг онцгойлж дурддаг. Хэдийгээр тухайн үед ѳмнѳ нь бэлэн байгаа замаараа явах нь эрсдэл багатай, илүү эвтэйхэн байсан болохоор ѳѳр боломж гарч ирэх үед “Үгүй” гэмээр байсан ч, тэд зориглоод “За” гэж хэлсэн нь ач тусаа өгсөн байдаг.

  1. Emotional Intelligence бусад бүх чадварыг дийлнэ

Хэрэв чи хөгширсѳн хойноо өөрийн амьдарсан амьдралдаа сэтгэл хангалуун байхыг хүсвэл одооноос харилцааны чадвараа билүүдэх хэрэгтэй. Судалгаа авахдаа ярилцсан хөгшчүүл хэдэн зуун төрлийн өөр мэргэжил, ѳѳр ѳѳр ажил хийж байсан хүмүүс байв. Тэд ямар хүн амжилтанд хүрч, ямар нь унадгийг маш олон удаа харцгаасан.

 Тэгвэл ер нь яагаад ялгаатай үр дүн гарч, зарим нь унаж зарим нь амжилтанд хүрдэг вэ? Ямар ч ухаантай, авъяастай хүн байлаа, бусадтай харилцах чадвартай байж л сая нэг амжилтанд хүрдэг гэж тэд хэлсэн юм.

Дэлхийн 2-р дайнд оролцоод харилцааны чадвар, бусдыг ойлгож хүндлэх чадвар хэр чухал вэ гэдгийг олон хүн ухаарсан байв. Жишээ нь, 93 настай Лэри Тайс надад ингэж хэлсэн юм:

 “Би Вермонт гэдэг хөдөөний суурингаас ирсэн залуу хүү байхдаа дайнд явж байв. Гэр бүл маань сууриндаа нэртэй, их бүгдэд хүндлэгддэг байлаа. Гэтэл би усан цэрэгт ортол бусдын адил жирийн л нэг хүү болов. Тэнд л би бусадтай ойлголцож, хүмүүстэй учраа олж сурсан. Энэ бол хожим амьдралд маань хамгийн их хэрэг болсон хичээл байлаа. Усан онгоцон дээр байхад чи хүнтэй эв зүйгээ олдог байх ёстой—өөр сонголт байхгүй. Ер нь хэн нэгэн намайг мэхлээгүй л бол би түүнд үргэлж сайхнаар ханддаг. Ажил дээр ч бас ийм л байх хэрэгтэй. Нээлттэй байгаад цуг ажилладаг хүмүүстэйгээ ойлголц.”

 

Ерөнхийдөө, ажлынхаа хүрээнээс халиад, бусадтай сайн харилцаа тогтооход ижил хэмжээний хүч зарцуул гэдэг нь ахмад настнуудын өгсөн нийтлэг зөвлөгөө байв. Харин энэ зарчмыг баримтлаагүй хүмүүс нь харамсч явдгаа хэлсэн юм...

Эдгээр энгийн зүйлс бол 50 болон түүнээс цаашхи насны амьдралыг чинь илүү сэтгэл ханамжтай болгоход туслах болно. Та ч бас ѳѳрийн уулзсан ахмад настнуудаас яг энэ асуултыг асуувал тэд ч бас чамд гайхалтай хариултыг хэлж өгнө байх аа.

 

by Karl Pillemer

Source: https://www.psychologytoday.com/blog/lessons-loving/201607/what-do-in-your-30s-be-happy-in-your-50s?collection=1092175

Сэтгэгдэл бичих

    • M!
    • 2018-11-05

    Unshihad sonirholtoi bailaa! Bayarlalaa

arrow icon