Монголын медиаг ажиглаж байхад нэг трэнд дүрс гэж асаад унтрах нь олон. Хулгайчийг бариарай гээд орилж байхад хулгайч чимээгүй байвал тэгсгээд унтрах хандлагатай бол, юун гуя гээд орилоод байх тусам трэнд асаад л байна. Ойрд Монголын Зэс Корпорац Эрдэнэт ба Монголросцветметийн 49 хувийг авсан асуудалтай холбоотой трэнд ассаар, ордны хаанаасаа авахуулаад онлаин хавчааркууд хүртлээ юун гуя гээ л орилоод байна
, ашгүй ашгүй.
Ер нь ганц Эрдэнэт биш. Юун гуя гэж орилохдоо юу ярьдгийг нь мэдээд авчихвал хулгайч мөн биш эсэхийг ялгаж таних хараа сууна. Тийм хараа, мэдрэмж суухгүй болохоор хулгайч “Юун гуя” гээд орилж байхад чинь “Монгол улс мандтугай” гэж сонсогдоод алгаа ташиж суудаг. Ийгээд хулгайчдын дуулж байгаа "Монгол улс мандан бадартугай" хоор дуунаас ганц нэг хөрвүүлэг хийж үзье. Янз бүрийн бүлэгтэй зохиол тул энэ удаа зөвхөн “Хувийн хэвшилд очвол шахаа арилна, шахааг арилгаж сайхан Монгол орноо мандуулъя” хэмээх бүлэг. Өөрөөр хэлбэл ХХБ, Монголын Зэс корпорац Эрдэнэт үйлдвэр, Монголросцветметийн 49 хувийг авсан нь яагаад маш сайхан үйл явдал вэ гэвэл төр авснаас хувь авсан нь элдэв шахаа багасч, энэ үйлдвэр өөдөлж дэвшинэ гэсэн ухуулга үнэн худал эсэхийг шалгаж тунгааж үзье гэсэн үг.
Хэдүүлээ хүүхэд шиг хялбар сэтгэхээ больё, гуйжийна гурван пиав авч өгьё. Уг нь
“Төр болохоор хэмнэдэггүй, хувь болохоор хэмнэдэг”
биш билээ. Бүтнээрээ бол
“Төрийн өмчөөс хэмнэлээ гээд хэмнэсэн нь төрд очдог, хувийн өмчөөс хэмнэвэл ашиг нь өөрт үлддэг”
тийм юм. Энэ бичсэнээ Орлого-Зардал=Ашиг гэж бичье. Төр зардлаа ахиухан тавих тусам муусайн монголчуудад өгөх ашиг багасаа л байдаг гэсэн үг. Энийг бүгдээрээ мэднэ. Хувьд бол жишээ нь Дамба мухлаг ажиллуулдаг байлаа гэхэд аль болох үнэтэй бараа авч ирээд ашиг багахан гаргаад байх шиг тэнэг юм байхгүй. Эндээс буюу Эрдэнэтийн 49 хувийг авсан хувийн хэвшил ба Дамбын мухлаг хоёр тэс ондоо гэдгийг мартуулан янаглахаас “Эрдэнэт үйлдвэрээ мандуулъя” зохиол эхэлнэ.
Орлого-Зардал=Ашиг тэгшитгэлээ дахиад харъя. Дамбын Долоонбуудал дахь дэлгүүрийн зардал өндөр байх тусам өөрийнх нь ашиг бага байна. Гэтэл Дамба Долоонбуудлын бараагаа Дэнжийн мянгын салбараасаа татдаг бол бас өөр. Зардал хэчнээн өндөр гарч, ашиг багаслаа ч өөрийнх нь л данс хооронд болохоос нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй. Тэгшитгэлээ Зардал=Орлого-Ашиг болгоод өөрчлөөд харъя. Долоонбуудлын ашиг бага байх тусам Дамбын Дэнжийн мянгын салбар цодойно гэсэн үг. Долоонбуудлаасаа ш**на уу, байна уу, Дамбын дур болжээ.
Баруун кармаанд байгаагаа зүүн кармаа руугаа авч хийгээд байгаа өөрийнх нь хувьд шахаа биш гэсэн үг.
За Дамба аа баярлалаа баяртай. Да.Ганболд руугаа оръё. Юу гэлээ, төр ш**даг, хувь бол ш**даггүй гэж түмний өмнө цэнхэр дэлгэцээр тайлбарласэн. Гэтэл жинхэнэ ш**ж өгч байгаа баримтууд ар араасаа дэлгэгдсээр. Яагаад? Яагаад гэвэл Эрдэнэт маань өмнөх жишээний Долоонбуудлын мухлаг гэсэн үгээ. Түүний 49 хувийг юун Дэнжийн мянга, Монголд хамгийн том нийлүүлтийн суваг атгасан конгломерат авчээ. Яаж авсныг нь энэ удаа бүр больё. Ашиг их гаргахаар татвар төлнөө, татвар төлөөд үлдсэн ашгийн 51 хувийг төсөвт тушаанаа. Тэгэхийн оронд Хөтөл рүү авчия, Дарханы төмөрлөгөөс бөмбөлөг авчия, аль болох урдчилаад мөнгө гаргая, ахиухныг гаргая... ийм юм болжээ. Хөтөлөөс шохой авна урдчилгаа 15 тэрбум, Дарханы төмөрлөгт 40 хувийн урдчилгаа 87 тэрбум, Хөтөлөөс кран 480 мянган ам.доллар, Белаз 7,26сая доллар, дээр нь одоогийн Эрдэнэтийн тэргүүн дэд захирал Б.Шинэбаатарын ажиллаж байсан МТ-ээс түлш... зөвхөн ил мэдэгдээд байгаагаас харахад нийлүүлж болох бүхнийг нийлүүлж шахаж болох бүхнийг шахжээ. Түүндээ бүрэн үйлчлэхээр ТУЗ-ын бүтэцтэй болсон байсныг энд хөндсөн.
”Төр ш**даг нь үнэн бол дотроо худалдан авалтын сүлжээ бүрдүүлсэн конгломерат түүнээс ч хайр найргүй ш**даг”
аж. Ц.Нямдорж гишүүн 51 хувьтай төрийнхөн оросуудаас нууж иддэг байсан гэх үеэс ч төсөвт төлсөн татвар огцом буурсан дүнтэй гэж мэдээлсэн. Ер нь дэнжийн мянгаар жишээлүүлж байгаа бизнесүүдийнх нь эрүүл мэнд ямаршуу байгааг, Долоонбуудлаар жишээлж байгаа Эрдэнэтэд болох болохгүйгээ шахах хэрэгцээ хэр их байгааг нягтлан шалгахад гэмгүй. Жишээ нь өмнөх оны 2-р улиралд 179 тэрбумын ашигтай ажилласан банкны салбар энэ онд бүх банкных нийлээд 27 тэрбум гэж Монголбанк мэдээлжээ.
Тэгмэгц “Монгол улс мандтугай” болгон дуулагчид дахиад нэг хөзөр гаргаж шиднэ, хөндөж ярихаас ч ичмээр золиг. Юу гэвэл “За шахдаг байж, тэхдээ үндэсний үйлдвэр штэ, Хятад идэхээр Монгол ид. Монголын үйлдвэрт юм идүүлэхгүй хараал идсэн Нямдорж яг Хятадын тагнуул байна” хэмээх бүлэг эхэлнэ. Бүр улсын генерал хүртэл гарч ирээ л үнэн сүртэй, үзэгдэл бүрэн гүйцэд болоход улаан хөшиг л дутуу
. Ер нь бол Нямдорж Хятадын тагнуул мөн бол ҮАБ, тагнуул, хүчний асуудал ба та бидний хэлэлцэж байгаа Эрдэнэтийн 49 хувь, ашиг=орлого-зарлага тэгшитгэлд үнэндээ падлий байхгүй бөлгөө. “Ашиг=Орлого-Хятадын тагнуул” хэмээх тэгшитгэл хаанахын ч корпорацын санхүүд байхгүй атал ашиг ярьж байхад энэ Нямдоржийг хараа, аймар хятад гээ л орилоод байгаа хэрэг. “Юун гуя” гэдгийн хамгийн сонгодог хувирал.
Тэгшитгэлийн жинхэнэ гишүүн болох зардал. Үндэсний үйлдвэрүүд рүү гарч байгаа гэнэ. Одоо Дамбаа дахиад дуудъя. Хөөрхий Дамба Дэнжийн мянга руугаа томхон зардал бичсэн байвал төрийн албад яах бол? Тэр дороо акт бичиж торгууль тавьж, шоронд хийх нь халаг юм болно. Угаасаа ч аж ахуйн нэгж Монгол улсын компани, татвар, санхүүгийн өмнө хуулиар хүлээсэн үүрэгтэй. Гомботой хамтарсан бол бүр ярвигтай, ядарсан Гомбоос нуугаад өөрийнхөө дэлгүүр рүү аваад байна гэсэн үг. Гомбо мэдвэл гоомой юм болно, хэрэлдэж зодолдох энүүхэн.
Том үйлдвэр боловч ив ижилхэн асуудал атал татварыг аргалсгээд Дэнжийн мянга руугаа шахчих сонирхолтой Дамба гэх үү Да тэргүүт нар “хувьд очвол шахаа арилна” гээд байх. Шахсан нь харагдаад ирмэгц өөрийнх нь мухлаг бол ганц мянгыг ч хусахыг зөвшөөрөхгүй Гомбо маань “Хятад идэхээр Монгол ид” гэж хөндөлсөнө. Шахаа байна гэж шарлаасан Ломбыг хоёулаа нийлээд хужаа гэж орилно. Одоо намайг ч хужаа гэж орилох нь дамжиггүй. Би хужаа болсон ч яахав, лаг хөдөлмөрч айхтар улс шт. Хулгай хийгээгүй, хулгайчийг өмөөрөөгүй хужаа нь надтай адилхан народ Гомбодоо л ганц юм хэлмээр байна, ар өвөргүй мухлагаасаа ш**лгаж байж битгий гомбоороод бай л даа хөгшөөн.
Фото зургийн эх сурвалж: ikon.mn
Фото зургийн эх сурвалж: ikon.mn
Фото зургийн эх сурвалж: ikon.mn
Фото зургийн эх сурвалж: ikon.mn