Нийтлэл 10 сарын 02, 2016

Эрдэнэт яачаад Нямка  боож үхэх гээд байгаа вэ? Яагаад бид хамт боож үхэх ёстой вэ?

Нямка (иргэний... аа биш төрийн түшээгийн зориг гаргасанд нь “хайр” хүрээд их л  дотночлон дуудав) өнгөрсөн Пүрэв гарагт Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ын тухай мэдээлэл хийж, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн.  Мэдээллийн дэлгэрэнгүйг эндээс унших боломжтой. 

Дээрх мэдээнд ирсэн хариултаас хамгийн сонирхолтой нь: “Нямдоржид хүн болгон хулгайч харагддаг” гэсэн жиргээ. Үйлдвэрийн ТУЗ ярьж байхад Нямдоржийг ярих гэх мэтээр монголчууд бид юмс үзэгдэл биш хувь хүний тухай хэрүүл рүү шунган ордог нь ямар нэг сэдвээр гүнзгий хэлэлцэж, илүү дээр санал шийдэл(синтез гэдэг) -д хүрэх замд хамгийн том тээг болдог.  Ийгээд сэдвийг ганц алхам боловч урагшлуулах зорилгоор нэг мэдээлэл хүргэе.

Бид хөмсөг хоёр байдгийг сайн мэдэж байдаг тул нэгийг нь хусаад хаячихсан байвал шууд анзаарна. Аливааг ямар байх ёстойг хэр сайн мэдэж байна түүнээс гажсан хэлбэрийг төдий чинээ хурдан анзаардаг гэсэн үг. Эрдэнэтийн ТУЗ ч адилхан. ТУЗ гэж ер нь юу болох, ямар байвал зохихыг мэдэж байвал энэ тэмдэглэлийн дор хадсан зурган дээрх ТУЗ-ыг хүнээр бол өрөөсөн хөмсөгт мэт үл бүтэх байдалтайг анзаарч, Нямкаг шүүн хэлэлцэж байх түвшний асуудал биш гэдгийг ойлгоод хоёр дахь хөмсгөө нэхэх эмоц төрнө гэж найдаж байна.

Аль болох товчоор: Компани бүр өөрийн гэсэн зах зээлийн үнэтэй.  Жишээ нь 1 сая гэе. Түүнийг хүмүүс хувааж авах боломжтой болгоод 100 цаасан дээр 10000 гэж бичье, хувьцаа гэе. 10000 гэж бичсэн  100 цаасаа 100 хүнд нэг нэгээр нь заръя, хувьцаа эзэмшигч гэе.  Ингээд  1 саяын компани маань 100 эзэнтэй боллоо. 100 эзэн маань бүгд компаниа удирдаад эхэлбэл хөл толгойгүй юм болно. Тиймд бултаараа хуралдаад биднийг төлөөлөөд удирдаад өгөөч гээд зөвлөл байгуулна.  Төлөөлөн(100 хувьцаа эзэмшигчээ) удирдах(компаниа) зөвлөл(зөвлөлдөх баг) буюу ТУЗ гэсэн үг.    Эндээс эзэн нь өөрөө компаниа авч явдаг ХЭАА, ХХК, гэр бүлийн компаниас арай өөр,  “эзэмшил ба менежмент” нь хоёр тусдаа орчин үеийн хувьцаат компанийн засаглал эхэлнэ.  ТУЗ болохоор  100 хувьцаа эзэмшигч, ажилчид, хэрэглэгч, нийгэм гээд олон хүний (stakeholders) эрх ашгийг хангаж ажиллах үүрэгтэй тул бие даасан, хараат бус, ёс зүйтэй, чадварлаг байх ёстой.  ТУЗ компанийн стратеги бодлогыг гаргана.  Тэрийгээ хэрэгжүүлэхийн тулд ийм тийм ажлыг ингэж тэгж гүйцэтгэ гээд хэдэн хүн томилно.  Гүйцэтгэ буюу хий гэж томилдог болохоор гүйцэтгэх удирдлага гээд байгаа хэрэг. Гүйцэтгэх баг  цалин авна, ашиг гаргах үүрэг хүлээнэ, гаргасан ашгаасаа бонус авна. 100,000 төгрөгний ашиг гаргалаа гэхэд 5 хувийн гэрээтэй бол 5000 төгрөг авна. Тийм бонус авахын оронд 500,000 мянгын зардлаа 700,000 болгож орлогод нь тултал томхон бичээд 200,000-ыг цохиж бас юуны магад.  Тэгвэл нийгэмд татвар, нөгөө 100 хувьцаа эзэмшигчид очих ногдол ашиг дашийн шог болно. Тэгэх эрсдлийг хяна гээд ТУЗ-аас хянах багийг бас томилно, тэр нь хяналтын хороо ба аудит.   ТУЗ-тай гүйцэтгэх баг хэр их давхцаж байгаагаас болон хянах, аудит хийх, нэр дэвшүүлэх хороодыг байгуулах аргачлалаас хамаараад Англо-Саксон, Эх газрын Европын гэх мэт хэдэн хувилбар байдаг ч ерөнхийдөө иймэрхүү.    1762 онд байгуулагдсан Английн хатан хааны хадгаламжийг агуулж асан Barings банк, хувьцаа эзэмшигчид 74 тэрбум долларын алдагдал хүлээсэн Enron, дэлхий дахины санхүүд үхлийн шоок өгсөн Lehman Brothers-ын дампуурал бүгд хараат бус дотоод хяналт алдагдсанаас болсон байдаг.

За энэ загвараа Эрдэнэт рүү буулгая. Эрдэнэт үйлдвэр одоогоор 3 сая эзэнтэй(нэгмөр  тавиад туучаагүй бол).  3 сая монголчууд 100 хувьцааны 51 ширхэгийг  буюу 51 хувийг эзэмшиж байгааг Засгийн газрын 51 хувь гэж нэрлэж заншсан.  Үлдсэн 49 хувь ОХУ-д байсан нь ямар замаар ч юм бэ Худалдаа Хөгжлийн Банкных болсон.  3 сая хүн+ХХБ гэсэн хувьцаа эзэмшигчдийг төлөөлөн удирдах баг нь 6 хүнтэй агаад үүний 3 нь ХХБ буюу түүний охин компани Mongolian Copper Corporation, 3 нь 3 сая хүнээ төлөөлдөг аж.  Ядаж 9 хүн байгаад 4 ба 5-аар төлөөлвөл 49/51 олонхи цөөнхийн харьцаа ойр хадгалагдана. Гэхдээ гол асуудал энд биш. 3/3аар төлөөлж байгаа хэрнээ ТУЗ-ын даргыг ХХБ талаас томилно. Тэгнэ гэдгийг сонгуулиас 2 өдрийн өмнө Сангийн сайд Б.Болор нууц тушаал гаргаж баталсан гэнэ. 6 хүн тул санал тэнцэх магадлалтай, тэгэх юм бол ХХБ тал шийднэ. ТУЗ-ын дарга нь өнөө гүйцэтгэ, хяна гэдэг хамаг томилгоог хийнэ.   Өөрөө хүмүүсээ томилоод тэднүүс нь нэг нэгнийгээ хянаж, ТУЗ-д өөрт нь тайлагнана гэсэн үг.  Бас нэг хачин нь 3 сая хүнээ төлөөлж байсан сангийн яамны мэргэжилтэн 7 сарын 7-нд өөртөө тушаал гаргаад гүйцэтгэх багт орсон байгаа гэнэ.  Ингээд 51 хувь буюу 3 сая мануусыг төлөөлсөн Засгийн газраас 49 хувийнхан гартаа атгасан  ТУЗ ба түүний гүйцэтгэх баг лаагаа идэж байна уу, луувангаа  идэж байна уу хянахын эцэсгүй битүү бүтэц үүсчээ. ТУЗ-ын дарга хэн болсон нь тодорхойгүй байгаа ба мэдээлэл авах гээд өгөхгүй байна гэж Нямка ярьсан. Ашгаас авах бонус ба зардал, хараат бус хяналтын тухай хэсгийг мартаагүй байгаа гэж найдаж байна. УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн мэдээлснээр Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн жил 284 тэрбум, энэ жил 20 тэрбум, Оюутолгой 246 тэрбум төлжээ. Яагаад? гэж асуух, эргэцүүлэх ажлыг уншигчийн мэргэн оюунд үлдээе.

 

“Эрдэнэтийн мөнгөөр Эрдэнэтийг хувийн болгох луйвар хийгдэж байна.” Ц.Нямдорж

Эрдэнэт үйлдвэр ийм “өрөөсөн хөмсөгт” болжээ. 51 хувийн эзэмшигч бидэнд үхэр монголчуудаа та нар өмчөө нэхэж мэдэхгүй, заргалдаж чадахгүй үмбүүнүүд биз дээ гээд өгч байгаа тэнэг том дунд хуруу. Дунд хуруу гаргуулаад хэн боож үхэхгүй байхав, гаргаад байгаа эсэхийг мэдрэх мэдрэхгүйн ялгаа болохоос.  Энгийн иргэд яахав, мэдүүлэх мэдрүүлэх боломжтой ч ус балгасан хүмүүс их сонирхолтой. Засгийн газрын мэдээ намба алдан “дуугарч” гоё түүхийн баримт өөрөө хэвлэж өгсөн, тэрийг дараа болъё.  Заримаас нь дурдвал:  Бядны монголчуудын оюун санааны тод манлай уяач, өрөөсөн хөмсөгтүүдийг өөлөх ажилд зүтгэж ирсэн  Баабар яасан бэ? Шударга ёсны загалмайлсан эцэг Ц.Элбэгдорж яасан бэ?  Э.Бат-Үүлийг дуудаж өөд нь татаад яахав, энэ улсын ганц эдийн засагч гэсэн Р.Амаржаргал яасан бэ? Энэ улсад хоёр сайхан хөмсөг зурж өгөхөөр чуулганд заларсан 76 бултаараа яасан бэ? Итгэл алдахгүй гээд тормолзоод байсан М.Энхболд яасан бэ? Яасан бэ яасан бэ яасан бэ...(ая сонсогдож байна уу танууст?)

Өөр мэргэжилтэй энгийн уншигчид бол ТУЗ зэргийг мэдэж ойлгож байх албагүй ба энэ хүртэл уншаад Эрдэнэт үйлдвэр юу гээчийн ганц хөмсөгт болсон нь бас л ойлгомжгүй байвал боол би ганцаар түмэн буруутай, асууж тодруулж болно.  Хөмсөг ямар байх тухай ярих чадваргүй  тул хоолоо олохын тулд сүнсээ худалдаад Нямдорж тэргүүтэй энэ сэдвээр ярьж байгаа хэн бүр рүү дайрахаар араа шүдээ хүртэл зэвсэглэсэн арми “Засгийн газрын мэдээ” сониноос авахуулаад хүлээж байгаа тул комментыг хаасан. Асуултыг @trendsmn, @bolushka жиргээ хаягуудаар хүлээж авна. Манай фэисбүүк пэижээр, мөн хөгжүүлэлт хараахан дуусаагүй байгаа ч  “Надад асуулт байна” булангаар дамжуулж асууж болно. Олон нийт, оюунлаг уншигчид, эдийн засагчдыг шударга ёсны төлөө биш юм гэхэд үеийн үед сурах сургууль, давхих зам, амьдрах хот чинь болж ирсэн үйлдвэрээс авах мөнгө, үр хүүхдээ бодоод  энэ сэдвээр өргөн хэлэлцүүлэг шүүмж өрнүүлэх, дуу хоолойгоо гаргахад уриалж байна.  Хөмсөг ч, төмсөг ч хосоороо дээр биз дээ?...

arrow icon