Нийтлэл 10 сарын 23, 2016

Монголын санхүү 20 жил Хятадаас хараат байх ёсгүй

10 дугаар сарын 14-19-ны өдрүүдэд БНХАУ-ын Чунчин хотод болсон Дэлхийн улс төрийн намуудын удирдлагуудын дээд хэмжээний хуралдаанд Монгол улсын төлөөлөн УИХ-ын дарга, М.Энхболд оролцжээ. Айлчлалын үеэр УИХ-ын дарга М.Энхболд БНХАУ-ын талд Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдлын хүндрэлтэй холбоотойгоор 2 хүртэлх хувийн 20 жилийн хугацаатай хөгжлийн зээлийг олгох хүсэлтийг тавьж. Энэхүү зээл нь 2 хүртэлх хүүтэйгээс гадна, Монгол улсын эдийн засгийн хөгжилд нөлөөлөх салбарыг дэмжиx гэсэн агуулгатай байна. Монгол-Хятадын хоёр талын гадаад харилцаа ба эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжиж байгаа боловч энэ санал нь БНХАУ-ын эдийн засгийн бодлогод сайн дураараа гүйж очиж орохтой агаар нэг агаад Монгол улсын эдийн засгийн аюулгүй байдал, 2010 оны ҮАБ-ын үзэл баримтлалтай зөрчилдөж байгаа билээ. 2010 оны УИX-ын 48-аар тогтоолд

3.1.1.4.ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хөгжүүлнэ. Чингэхдээ үндэсний эрх ашиг, харилцааны түүхэн уламжлалыг харгалзан хилийн, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг эрхэмлэж, бүхэлдээ тэнцвэртэй харилцахыг эрмэлзэнэ.

Бас,

3.1.1.5."Гуравдагч хөрш"-ийн бодлогын хүрээнд дэлхийн болон бүс нутгийн өндөр хөгжилтэй  ардчилсан улсуудтай улс төр, дипломат, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарт хоёр болон олон талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлнэ.

гэж заажээ. Тэгэхээр Монгол улсын гадаад бодлого, эдийн засгийн тэнцвэртэй харилцаанд зөвхөн Хятад ч биш, Орос, Япон болон бусад орнууд ч хамааралтай болж байгаа юм. 

БНХАУ-ын эдийн засгийн богино болон урт хугацааны бодлого нь олон талд хүч үзэж, зөөлөн хүчний гадаад бодлогыг хэрэгжүүлж байгаа билээ. Тухайлбал, эдийн засгийн бодлогын хэсгээс аваад үзвэл:

  1. БНХАУ, АНУ-тай эдийн засгийн бодлого, нөлөө, хүчээрээ өрсөлдөж байгаа;
  2. БНХАУ-ын эдийн засгийн богино болон удаан хугацааны бодлогод, Азийн блок (эвсэл) бий болгох хүсэлтэй;
  3. Азийн блок (эвсэл) үүсгэхийн тулд эдийн засгийн хамтын ажиллагаа, найрсаг харилцаа, бага хүүтэй зээл г.м. бодлогууд хэрэгжүүлнэ. Ялангуяа хил залгаа улсуудад энэхүү болзлуудыг тавинa;
  4. БНХАУ-ын санаачлаж буй санхүүгийн байгууллагууд нь давхар сонирхолтой.
    • Азийн Хөгжлийн Банк, Шинэ Хөгжлийн Банк, БРИКС, Азийн, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк г.м. санхүүгийн байгууллагууд нь зээл өгсөн улсаас хүү авахын зэрэгцээ, дэд бүтцийн тендэр, төсөлд хамтран ажиллах болзолууд түлхүү тавьдаг.
    • БНХАУ-аас зохион байгуулж, санаачилж буй зээлүүд нь удаан хугацааны эдийн засгийн хараат байдал үүсгэх зориулттай. Ялангуяа хөрш, жижиг улсууд руу.

Монгол улсын эдийн засгийн хувьд БНХАУ-аас хамааралтай нь үнэн. Хилийн боомт, татвар, татварын хөнгөлт г.м. олон зүйлийг хоёр улсын эдийн засгийн харилцаанд нөлөөлж байгаа. Гэхдээ бид нар нэг зүйлийг мартаж болохгүй болов уу? БНХАУ-ын зээл 20-н жилийн хараатай байна. Монгол улсын гадаад бодлого, эдийн засгийн бодлого хорин жилийн бодлоготой юу? Бүр цаашилбал, дэлхийн улс төр, Ази, номхон далайн аюулгүй байдал эгзэгтэй байгаа үед бид нэг улсаас зээлийн хараат байх ёсгүй. 20 жилийн дотор юуч болж болно. 20 жилийн дараа юу ч болж болно.

Алсын хараат гадаад бодлого Монгол улсад хэрэгтэй. Иймэрхүү сорилтуудад бид үндэсний эрх ашгийг богино болон удаан хугацаанд хамгаалах, ухаантай тэлэх бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй болов уу. Үндэсний аюулгүй байдлын хүрээнд ч мөн адил. Эдийн засгийн хараат байдал нь хорин нэг дүгээр зууны хамгийн хүчтэй зөөлөн хүчний гадаад бодлого. энэ бол удаан хугацааны аюултай бодлого гэдгийг л хэлэх гээд байна. Үүнээс гадна, Монгол улсын эдийн засагт нөлөөлөх салбарт энэхүү зээлийг олгоно гэдэг чинь уул уурхайг л хэлж байна. Эцэст нь хэлэхэд, Монгол улсын уул уурхайн салбар нэг улсаад хараат байх ёсгүй. Монгол улсын гадаад бодлого, эдийн засгийн бодлого олон талт харилцааг баримтлана гэж гадаад бодлогын үзэл баримтлалд оруулсан нь учиртай.

arrow icon