Түрүү жил эгчийн хүүхэд сургуульд орж, нэгдүгээр ангийн сурагч болсноос хойш очих бүрт л тэднийх багахан хэрүүлтэй байдаг боллоо. Ер нь ойр тойрныхноос харахад бага насны хүүхдийн гэрийн даалгаврыг хийлгэнэ гэдэг нэлээд асуудал болдог юм шиг ээ. Дөнгөж сургуульд орсон нэг, хоёрдугаар ангийн хүүхдүүд мэдээж бие даан ганцаараа хичээлээ хийж чадахгүй, тэдэнд эцэг эх, томчуудын туслалцаа хэрэг болно. Харин бид тэдний ойлгохгүй зүйл дээр тусалж, даалгаврыг нь хамтарч хийхийн тулд хүүхдийнхээ хичээлийг мэддэг байх хэрэгтэй. Гэвч удаан хугацаанд хэрэглэгдэхгүй байсаар бараг мартагдсан бага ангийн ерөнхий эрдмийн хичээл, мөн бидний үеийнхээс эрс өөрчлөгдсөн олон шинэ юм энд асуудал болж байна. Ялангуяа монгол хэлний хичээл дээр эцэг эхчүүдийн гайхширлыг барсан олон зүйл байгаагаас зөвхөн нэгийг нь л жишээ татахад уншигч танд тун танил, дотно дүр зураг бууна байх.
... Саяхан эгчийндээ очиход бас л хүүтэйгээ монгол хэлний даалгавар дээр нь “дайн” эхлүүлчихсэн сууж байсан. Цээж бичиг эсвэл чээж бичиг гэж дэвтэр хаяглахаас л эхэлсэн тэдний үл ойлголцол нэлээн дээрээс үргэлжилж байгаа юм. Анх нэгдүгээр ангид ороход хүүхдийнх нь дэвтэр дээр “чээж бичиг” хэмээн хаягласан багшийг зарим эцэг эх буруу бичсэн гэж хэл ам хийж, ингэж бичдэг болсон тухай ангийн хурал дээр тайлбарлахад тун дургүй хүлээж авч байжээ. Өөрсдийнх нь бичдэгээс шал өөрөөр бичих болсон монгол хэлний шинэчилсэн дүрэм, журамд дан ганц эцэг эхчүүд гэлтгүй ер нь ихэнх хүмүүс таагүй хандах болсон.
“Шавьж”-ийг шавж, “гариг”-ийг гараг гээд ийм хачин болгоод байхдаа яадаг юм
, энэ монгол хэлний дүрэм бүр утгаа алдлаа, өөрийнхөөрөө бичнэ гэх үгийг их олон хүний амнаас сонссон. Тэд өөрсдийнхөөрөө бичсээр ч байгаа. Уг нь аль 2011 онд хэлний эрдэмтэд туулайн бүжин- бөжин, байцаа- байцай, дэгдээхэй- дэгдээхий, шүдэнз- чүдэнз гээд эргэлзээтэй бичигддэг нийт 700 гаруй үгийг нэгдсэн байдлаар бичихийг журамласан боловч хүмүүс одоог хүртэл янз бүрээр бичсээр л байна. Ингэж дур дураараа бичсэнийг нь бусад хүмүүс ч шууд ойлгодог, ямар нэгэн түвэгшээх асуудал гардаггүй учраас энэ эмх цэгцгүй байдал улам ихэссээр байгаа юм.
Мөн нийтийн боловсролд ихээхэн үүрэгтэй хэвлэл, мэдээллийн хэрэгсэл ч зөв бичихзүйн дүрмээ мөрдөхгүй, үүнд нь олон нийт шүүмжлэлтэй ханддаг боловч хэрхэн засаж залруулах арга замыг олохгүй байна. Тэгэхээр эх хэлний иймэрхүү асуудлаа гадны улс орнууд хэрхэн шийдсэн тухай Герман улсын жишээг авч үзье
.
Дүүдэн (DUDEN) хэмээх нэртэй герман хэлний толь бичиг нь ХБНГУ-ын стандарт толь бичиг бөгөөд 130 гаруй жилийн түүхтэй, өдийг хүртэл герман хүмүүсийн төдийгүй герман хэл сурч буй хүн бүхний өдөр тутмын хэрэглээ болсон толь юм. Үүнийг зохиосон “Герман хэлний зөв бичихзүйн эцэг” гэгдэх Конрад Александр Фридрих Дүүдэн (1829-1911) нь философич, хэл шинжээч, түүхч хүн байжээ. Тухайн үеийн герман хэл зөв бичгийн нэгдсэн дүрэмгүй байсан бөгөөд Конрад Дүүдэн 1872 онд “Герман хэлний зөв бичиг” нэртэй үгсийн жагсаалтыг гаргасан нь олны сайшаалыг хүртэж, хожим Германы Соёлын яам түүний зохиосон нэгдсэн зөв бичихзүйн дүрэмд санал нэгдэж, 1903 оноос улс даяараа албан ёсны зөв бичихзүйн дүрмийг мөрдөх болсон байна.
Өдгөө түүний нэрээр нэрлэгдсэн “Дүүдэн” хэвлэлийн газар толь бичгийн ажлуудыг үргэлжлүүлэн хийдэг аж. Хэвлэлийн газрын дарга нь Төрийн хэлний зөвлөлийн гишүүнээр ажиллаж, толь бичигт орох үг болон зөв бичихзүйн дүрмийн асуудлыг хэлэлцэхэд хамтарч оролцдог. Герман улс ийнхүү нэгдсэн зөв бичихзүйн дүрэмтэй болохын тулд төрийн байгууллага нь төрийн бус байгууллага болон эрдэмтэн, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, Төрийн хэлний зөвлөл нь төрийн бус байгууллага болон хувийн байгууллагын тухайн мэргэжлээрээ гаршсан хүмүүсийг урин оролцуулах, гишүүнээр элсүүлэх зэргээр ажиллаж асуудлыг хамтдаа шийдвэрлэдэг байна.
Манайд ч зөв бичихзүйн толийг хэд хэдэн удаа зохиож, шинэчилж байсан туршлага бий бөгөөд тэдгээрээс дурдвал 1983 онд Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын хэвлүүлсэн “Зөв бичихзүйн журамласан толь”, мөн 2011 онд Монсудар хэвлэлийн газраас дээрх толь бичиг дээр тулгуурлан гаргасан “Кирил бичгийн зөв бичихзүйн толь” зэрэг байна. ШУА, МУИС, МУБИС-ийн багш, эрдэмтэд 2011 онд гарсан толь бичгийн ерөнхий бүтэц, үндсэн агуулга, баримталсан зарчим, багтаасан үгс зэрэгтэй танилцаад олон хувилбар бичлэгтэй үгс, гадаад үгсийн бичлэгийн талаар саналаа солилцож, улмаар энэхүү толийг цаашид кирил бичгийн зөв бичих дүрмийн журамласан толь болгон хэрэглэх боломжтой гэж үзсэн билээ. Гэвч одоог хүртэл бичгийн хэлний хэрэглээнд уг толь бичиг нийтээр хэрэглэгдэхгүй байгаа нь үүнийг дагаж мөрдүүлэх төр засгийн нэгдсэн тогтоол шийдвэр гараагүйтэй холбоотой байж болох юм.
Бүх нийтээр дагаж мөрдөх албан ёсны зөв бичихзүйн дүрэмтэй болж, түүнд нийцсэн толь бичгийг нийтийн хүртээл болгохын тулд төрийн байгууллага нь хувийн байгууллагуудтайгаа өрсөлдөж, өрсөхийг урьтал болголгүй харин дэмжиж, хамтарч ажиллах хэрэгтэй болов уу. Ингэснээр бид дээр дурдсан ганц, хоёр жишээнээс эхлээд эх хэлнийхээ олон чухал асуудлыг хамтдаа шийдвэрлэж чаддаг болно.
Л.Навчаа
Хувийн хэвшилд ажилладаг, хэд хэдэн удаа төрийн байгууллагаас албан бичиг энэ тэр авч л байлаа. Нуль алдаа /энэ нуль гэж иймэрхүү үед яг таарсан үгдээ иймэрхүү гадаад гэхээргүй болсон үгийг бол ашиглах нь зөв ккк/. Зөв бичих дүрмийн алдаа бол аль эрт өнгөрсөн хэрэг, утга найрууллагын алдаанууд нь зовмоор. Бас нэг инээдтэй юм нь төрийн албаны хурган мэргэжилтнүүд , жаахан улс төр оролддог залуучуудын албаны яриаг сонсохоор бөөлжис цутгахаар болсон. 'Энэ асуудал шийдэгдээд ороод ирвэл, зарчмын асуудлууд хэлэлцэгдэнэ' өөр юу юу билээ, маний мэдэхгүй монголоор яриад хахахах