Нийтлэл 11 сарын 01, 2016

'ШИНЭЧЛЭГДСЭН ХУУЛЬ' МӨРДӨХ ХҮРТЭЛ ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ЗОХИХ ӨӨРЧЛӨЛТ ДАРУЙ ХИЙЕ  

Эрүүгийн хуулийн шинэчлэлийн шинэчлэл нь тулгамдсан асуудал болоод байна.

Эрүүгийн хууль нь хүний ба улс орны амьдрах эрх, аюулгүй байдал, амин эрх ашиг, үнэт зүйлсийн үндсэн бөгөөд онцгой хамгаалалт учир Эрүүгийн хуулийн шинэчлэлийн бодлого, зохицуулалт нь онол ба практикийн олон талт шалгуурыг бүрэн хангасан, нийгмийнхээ бодит амьдрал ахуйд үндэслэгдсэн, зөв, оновчтой байх, ял шийтгэлийн бодлого нь гэмт хэргийн гаралтыг ихэсгэхгүй харин бууруулах буюу тодорхой түвшинд тогтоон барихад чиглэгдсэн, энэрэнгүй, хийдэлгүй байх зэрэг шаардлагыг хангасан байх ёстой байдаг. Түүнээс биш Эрүүгийн хууль нь улс төрч гэх хэн нэгэн эсхүл хэсэг бүлэглэлийн дурын санал, хүсэл зоригийн эсхүл бусдаас хуулбарласан буюу зохицохгүй, хуучирсан зохицуулалтын эрээвэр, хураавар хураангуй биш юм.   

Тийм ч учраас одоо мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн хуучирсан, шоронжуулахад чиглэгдсэн зарим зохицуулалтыг өөрчлөх, боловсронгуй болгох талаар хуульч, эрдэмтэн судлаачид бараг батлагдсан 2002 оноос эхлэн шүүмжлэн, шинэлэг санал дэвшүүлэн, байр сууриа илэрхийлсээр байсан боловч төдийгөөс эдүгээг хүртэлх үе үеийн хууль санаачлах, батлах эрх бүхий этгээд, засгийн эрх баригчид мэдсэн ч мэдээгүй мэт “нүдэн балай чихэн дүлий мэт” дүмбийрсээр, шинэчлэлийг эсэргүүцсээр өдийг хүрэв.

Алдаан дээр нь түлхэх, хуучин алдааг нь дахин давтан алдаа, хэрэгт тооцох зэргээр шоронд илгээн тарчлаах тэрхүү алдаатай, буруу бодлогын золиос нь олон зуун энгийн номхон идэр насны иргэд болсон нь жил бүрийн шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, судлаачдын судалгаанаас тодорхой болсоор байна.  

Гэвч иргэдээ шоронжуулахын эсрэг шинэ цаг үе, нийгмийн бодит шаардлагын хүрээнд эрс шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг 2015.12.03-ны өдөр чадан ядан баталсан боловч тодорхой бус, эргэлзээтэй шалтаг, шалтгаанаар тус хуулийн хэрэгжилтийг нэгэнт урт хугацаагаар хойшлуулсан, нөгөө талаас Эрүүгийн процессын буцаагдсан хуулийг дахин батлахад мөн уг хуулийг баталлаа гэхэд сургалт, сурталчилгаа, бэлтгэл ажил хангах гэх зэрэгт бага бус хугацаа шаардагдах учраас Шинэ Эрүүгийн хуулийг мөрдөгдөж эхлэх хүртэл одоо мөрдөж буй Эрүүгийн хуулийг хугацаа алдалгүйгээр “шинэ Эрүүгийн хуулийн үзэл санаа”-нд нийцүүлэн шинэчлэх нь тулгамдсан асуудал болоод байна.

Шинэчлэгдсэн Эрүүгийн хууль мөнхийн, гайхамшигтай хууль биш ч гэсэн ерөнхий үзэл баримтлал, зохицуулалт нь цаг үеийн шаардлагад нийцсэн гэдэгт эргэлзээ байхгүй. 

Буруу бодлогын золиосоор шоронд буй нэг ч гэсэн иргэнийг нэг өдрийн өмнө ч гэсэн суллах, алдаа гаргасан нэг ч гэсэн иргэнийг шууд шоронд илгээхгүй байх нь дэлхийн ардчилсан, ухаалаг төрийн үүрэг, загвар бодлого болсон байх тул зожигрон зөрөх, гажих ёс, гарц үгүй байна.   

            Эрүүгийн хуулийн шинэчлэлийн гол үзэл баримтлал юу вэ ?

Чингис хааны 

 

"Хэрэв миний овгийн (Монгол овгийн) хэн нэг нь батлагдсан засгийг (хуулийг) зөрчвөл түүнд :           

- үгээр зөвлөн ухуулсугай, хоёр дахь удаагаа зөрчвөл

- донгодсугай, гурван удаа зөрчвөл  

- балжид хүнчирийн алс газар цөлсүгэй. Тэнд очоод эргэж ирэхдээ ухамсар болно биз ээ. Хэрэв үл засарвал   

- дөнгөд хадаж, гянданд хорьсугай” 

 

 

гэсэн сургааль бол гол үзэл баримтлал болно гэж үзэж  байна.  Уг сургааль нь ялын бодлогын энэрэнгүй, иргэнлэг, үр нөлөөтэй, улс, нийгмийн ашиг сонирхолд нийцсэн байх зэрэг ардчилсан үзэл баримтлалын гүн агуулгатай байна.   Өөрөөр хэлбэл, хэн нэгэн иргэн хууль байнга зөрчсөн буюу огт засраагүй л биш бол гэмт хэргийг анх, давтан үйлдсэн тохиолдолд хорих ялыг гол болгох бус өөр төрлийн, нийгмээс заавал тусгаарлахтай холбоогүй, гэхдээ алдааг нь ухамсарлуулах, алдаагаа засахад чиглэгдсэн хөнгөн ялын хэлбэрүүдийг өргөн хэрэглэхээр хуульчлах ёстой гэсэн үг.

 

   Юуг, яаж шинэчлэх вэ ?

Эрүүгийн хуучин хуулиас шинэ хууль руу шилжихэд багагүй хугацаа шаардагдахаар байгаа учраас тийнхүү “шилжих” хүртэл нэг ч гэсэн иргэнийг нэг өдрийн өмнө ч гэсэн суллах, алдаа гаргасан нэг ч гэсэн иргэнийг шууд шоронд илгээхгүй байх зорилгоор одоогийн Эрүүгийн хуулийг бүхэлд нь бус харин тус хууль дахь бодлого, зохицуулалтын ноцтой зөрчил бүхий цөөн зарим зүйл, заалтыг цаг алдалгүй даруй өөрчлөх шаардлагатай байна. Үүнд :       

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид хийх өөрчлөлтийн талаар

  1. Эрүүгийн хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг : Энэ хуулийн нэг зүйл, түүний нэг хэсэгт заасан гэмт хэргийг 2 буюу түүнээс дээш удаа үйлдэж, тэдгээрийн алинд нь ч ял шийтгүүлээгүй байхыг давтан гэмт хэрэгт тооцох ба зөвхөн тусгай ангид заасан тохиолдолд давтан гэмт хэрэгт хариуцлага хүлээлгэнэ гэж,

 мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсгийг : “Эрүүгийн хэрэгт ялтай байдалтай этгээд гэмт хэрэг шинээр үйлдэх нь гэмт хэрэг давтан үйлдсэнд тооцогдохгүй” гэж тус тус өөрчлөн найруулах  

Үндэслэл : Эрүүгийн хуулийн 18 дугаар зүйлийн одоогийн зохицуулалт нь “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тухайн хэрэгт нь зөвхөн нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн шударга ёсны зарчимтай ноцтой зөрчилдсөн, ял шийтгэлтэй ба ял шийтгэлгүй давтанг зөв ялган зааглаж, зохицуулж чадаагүйгээс  Эрүүгийн хуулийг буруу хэрэглэхэд хүргэсэн.

  1. Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийг бүхэлд нь хүчингүй болгох

Үндэслэл : Уг зохицуулалт нь “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тухайн хэрэгт нь зөвхөн нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн шударга ёсны зарчимтай утга агуулгаараа шууд зөрчилддөг буюу хэдэн хэдэн гэмт хэргийнх нь ялтай байдлаас хамааруулан гэмт хэргийн хүндрүүлэх, онц хүндрүүлэх нөхцөлд тооцдог, ялын дэглэмийг чангаруулдаг зэрэг ноцтойгоор цалхаан цээрлүүлэх, нэр хүндийг нь гутаасан зэрэг харгис шинжийг агуулдаг.   

  1. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах

Тус хуулийн 52.4 дэх хэсгийг : Хүндэвтэр гэмт хэрэгт оногдуулсан хорих ялыг жирийн, хүнд, онц хүнд гэмт хэрэгт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлнэ. Хорих анги нь насанд хүрсэн, насанд хүрээгүй, эмэгтэйчүүдийн гэсэн төрөлтэй байна гэж өөрчлөн найруулах, мөн хуулийн 52.10 гэснийг 52.5 гэж өөрчлөх, 52.11 дэх заалтыг : хүнд, онц хүнд хэд хэдэн гэмт хэргийг давтан, нийлмэл хэлбэрээр үйлдсэн насанд хүрсэн эрэгтэй ялтны хорих ялын заримыг гянданд эдлүүлэхээр шүүх тогтоож болно гэж найруулах, 52.11 гэснийг 52.6 гэж өөрчлөх, 52.5-аас 52.9 дахь заалтуудыг хүчингүй болгох

Үндэслэл : Эрүүгийн хуулийн 18 дугаар зүйлийг өөрчлөх, мөн хуулийн 24 дүгээр зүйлийг хүчингүй болгосон үндэсл энд мөн хамаарна.

  1. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д : “…гэмт хорыг арилгасан гэдгийн дараа…”гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөх, гэм хорыг арилгахаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрлийн гэрээ байгуулсан“ гэх өгүүлбэр нэмэх

Үндэслэл : Улирлын шинжтэй ажил, ар гэрийн амьдрал ахуй, эрүүл мэндийн зэрэг хүндэтгэх шалтгаанаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорыг барагдуулаагүй боловч барагдуулах арга зам, нөхцлөө хохирогчтой тохиролцон эвлэрсэн байх тохиолдлууд шүүхийн практикт маш их байдаг боловч тухайн тохиолдолд “хохирлыг бодитой төлөөгүй” гэж үзэн хорих ялыг биечлэн эдлүүлэхэд хүрдэг, энд энэрэнгүй хандах шаардлагатай.    

  1. Эрүүгийн хуулийн 61.5, 62.3, 63.2 дахь заалтуудыг хүчингүй болгох

Үндэслэл : Гэмт хэрэг, захиргааны зөрчил 2-ыг адилтгах ямар ч үндэслэлгүй тул захиргааны зөрчил гаргасан гэдгээр өмнөх ялыг сэргээн шоронд явуулах ёсгүй, захиргааны зөрчилдөө тохирсон шийтгэл тусдаа хүлээх нь хууль ёсны зарчимд нийцнэ.

  1. Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд “гэмт хэргийн ялтай байдлыг гэмт хэргийн болон ялын дэглэмийн хүндрүүлэх нөхцөл, давтан гэмт хэргийн шинжид хамааруулахгүй гэсэн 78.6 дугаар зүйлийг нэмэх

Үндэслэл : Энэ нь шударга ёсны зарчмын хэрэгжилтийг хангах нэг арга зам болно.

Цаашид ялтай байдлыг Эрүүгийн хуулиар тогтоох эсэх нь анхаарах асуудал.

Учир нь төрийн зарим албан тушаалд нэр дэвших, томилогдох, сонгогдоход ял шийтгүүлсэн эсэх шалгуурыг холбогдох зарим хуульд заасан байдаг учир ялтай байдал нь төрийн албаны хийгээд төрийн албан тушаалтны үйл ажиллагаа цэвэр, тунгалаг, ёс зүйтэй байх суурь нөхцөл, нөгөө талаас ялтай байдлын асуудал нь гэмт хэрэг үйлдэхгүй буюу ялтай байдалтай болохгүй байх тодорхой айдас, эмзэглэлийг бий болгох буюу гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэг арга хэлбэр, бодлого болдог гэж үздэг. Энэхүү шалгуур, зорилго, бодлогын хүрээнд ялтай байдлыг ялгүйд тооцох хугацааг нь зохистойгоор багасгах хэлбэрээр Эрүүгийн хуулиар шинэчлэн зохицуулахыг жич шийдвэрлэх шаардлага үүснэ. Хэрэв Эрүүгийн хуулиар ялтай байдлыг зохицуулахгүй гэвэл бусад хуульд заасан төрийн зарим албанд тавигдах шалгуур шууд хүчингүйд тооцогдоно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид хийх өөрчлөлтийн талаар

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн хэдэн хэдэн гэмт хэрэгт ( тухайлбал, Эрүүгийн хуулийн 145.4, 146.3, 146.4, 147.2, 147.3, 148.3, 148.4, 149.2, 149.3, 161.2, 175.3, 176.2, 177.2, 1781 .2, 181.2.3, 181.3, 192.3.3, 194.2.3, 258.3, 261.3, 268.2, 269.2, 270.2 гэх мэт) : “энэ хэргийг...урьд булаах, дээрэмдэх, уулгалан довтлох, далайлган сүрдүүлэх, хулгайлах, завших гэмт хэрэгт шийтгүүлсэн, удаа дараа шийтгүүлсэн этгээд, онц аюултай гэмт хэрэгтэн” үйлдсэн бол гэх мэтээр заасан хүндрүүлэх, онц хүндрүүлэх бүрэлдэхүүнийг бүгдийг хүчингүй болгох

Үндэслэл : Эрүүгийн хуулийн 6 дугаар зүйлд заасан “нэг гэмт хэрэгт 1 удаа ял эрүүгийн хариуцлага хүлээлгэх” шударга ёсны зарчмыг ноцтой зөрчсөн, мөн хуулийн 7 дугаар зүйлд заасан энэрэнгүй ёсны зарчимд нийцэхгүй. 

Жишээ нь : Иргэн Дорж 200,000 төгрөгийн гар утас хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн боловч тэрээр өмнө нь бусдаас 300,000 төгрөг залилан мэхэлж авсаны улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-д зааснаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, гэвч уг хэргийнх нь ялтай байдал арилаагүй байсан учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1- д зааснаар торгох, албадан ажил хийлгүүлэх ялаар, эсвэл 1-3 сар баривчлах зэрэг аль нэг хөнгөн ялаар шийтгэгдэх боломжгүй болж, харин уг хэрэг нь өмнө нь ял шийтгүүлсэн гэдгээр шууд онц хүндрэн 145.4-т зааснаар зүйлчлэгдэн, 10 жилээс дээш 15 жилийн хорих ялаар шийтгүүлэхээр байна. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын судалгаагаар Улсын хэмжээнд 2000-2010 онд нийт 40119 хүн шоронгоос суллагдсанаас 47% нь дахин гэмт хэрэг үйлдсэн гэжээ. Тэгвэл 2002-2016 оны хооронд нийт хорих ял шийтгүүлэгсэд, үүнээс Иргэн Дорж шиг шийтгүүлсэн хүний тоог судалгаагаар нарийвчлан тооцож, сайтар эргэцүүлэх шаардлагатай.

  1. Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн :

181.1-д : 251-300 цаг хүртэл хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх ял гэж нэмэх,

181.2-т : зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж гэж 181.2.6 дахь хэсэг болгон нэмэх, мөн 351-500 цаг хүртэл албадан ажил хийлгэх ял гэж тус тус нэмэх

181.3-аас : зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж гэснийг хасахаар тус тус өөрчлөх

Үндэслэл : Судалгаагаар танхайрах гэмт хэрэг, ялангуяа зэсвгийн чанартай зүйл хэрэглэж танхайрах гэмт хэрэг жил бүр тодорхой хувиар өссөн, уг хэрэгт ихэвчлэн залуус холбогддог, зэвсгийн чанартай зүйл гэдэгт “зэвсэг”-ээс бусад бүх эд зүйлийг хамааруулан ойлгодог, уг үйдлийн улмаас гэмтэл, хор уршиг учруулсан эсэхээс үл хамааран тухайн хэрэг үйлдсэн бол шууд шоронд хоригддог тул идэр насны залуусыг эхний удаад шоронд илгээх бус харин бусад хөнгөн ялаар хүмүүжүүлэх бодлого барих нь нэн чухал байна.

 Эрүүгийн хуульд “дээрх нэмэлт, өөрчлөлт”-ийг цаг алдалгүй шуурхай хийх нь Үндсэн хуулийн эрхэм зорилго, зарчим, орчин цаг үе, нийгмийн бодит зайлшгүй шаардлага гэж үзэж байна.  

Тухайн нэмэлт, өөрчлөлтүүд цөөдөхгүй, харин Эрүүгийн шинэ хууль мөрдөгдөх хүртэлх бага бус хугацаанд гэмт хэрэг, ялын буруу бодлого, зохицуулалтын зарим хэсгийг засч, боловсронгуй бус зохицуулалтын олон сөрөг үр дагавараас урьдчилан сэргийлэх, нэг ч гэсэн иргэнийг шоронгоос суллах, шоронд илгээхгүй байхад чиглэгдсэн “төрийн ялын бодлогын нэн чухал, цөм хэсэг”-т хамаарч байгаа болно.  

Шоронд хоног тоолон тарчилж буй зарим иргэдээ суллая, амьдралд алдсан зарим иргэдээ шоронд илгээхийг хязгаарлая.  

Шорон барих, тэнд ял эдлэгсдэд зарцуулах төсвийн хөрөнгө, зардлыг эмнэлэг, сургууль, цэцэрлэгт зарцуулъя. 

Хуульч Г.Ганбаатар

2016.0.9.28

arrow icon