Нийтлэл 11 сарын 10, 2016

БӨМБӨГ БӨӨРӨНХИЙ: Арсенал vs Тоттенхэм

Бүтэнсайны өдөр болсон Хойд Лондонгийн дэрби уламжлал ёсоор хүчтэй тэмцэлтэй ширүүн тоглолт болсон. 2-р хагаст Арсеналын тоглолт эхлүүлсэн шигээ сайн байж чадалгүй 1-1 р дууссан нь дасгалжуулагч Арсене Вэнгэрийг бухимдуулж орхисон бол бүх тэмцээнийг оролцуулаад сүүлийн 7 тоглолтондоо хожлын бараа хараагүй Маурисио Почеттинод хүнд өрсөлдөгчийнхөө талбай дээр авсан энэ нэг оноо хангалттай байсан биз ээ.

Гарааны бүрэлдэхүүн

Шүгэл ч дуугарч амжаагүй байхад л Аргентин дасгалжуулагч сонгосон гараагаараа гайхшруулаад авав. Дэлэ Аллиг гаргалгүй, Кэвин Виммэрийг нэмэлт төвийн хамгаалагчаар гаргаж, довтлогч Харри Кэйнийг Сон Хюн Мин, Кристиан Эриксэн нараар дэмжүүлж, төвийн хагастаа Мусса Дэмбэлэ, Виктор Ваняама нарыг гаргаснаар нэг ёсондоо 5-2-3 гэж гарав.

Харин Арсеналын хувьд Гранит Шака, Фрэнсис Кокелин нар төвийн хагас хамгаалагчаар гарсанаас өөр онцын өөрчлөлт байсангүй. Хэктор Бэллэрин, Начо Монреал нар жигүүрийн хамгаалалтанд гарч, хамгаалалт довтолгоонд идэвхитэй оролцох нь тодорхой байсан. Довтолгоонд зүүн жигүүрийн довтлогч Алекс Ивоби тоглолтын турш захын шугамтай ойр тоглож байсан бол баруун жигүүрийн довтлогчоор гарсан Тео Валкотт плэймэйкэр Мэсүт Өзил, довтлогч Алексис Санчес нарыг дэмжин үе үе төв рүү орж байлаа.

Тоттенхэмын эмх замбараагүй хамгаалалт

Почеттиногийн 5 хамгаалагч гаргасан нь оносон гэхээсээ алдсан. Эхэн хэсэгтээ тэдний 3 төвийн хамгаалагч хоорондох зайгаа хэрхэн багасгаж Санчесын хамгаалалтын шугамын арын гүйлтүүдийг зогсоохоо ч ойлгоогүй мэт байлаа. Үүн дээр нэмээд, тэр 3 Арсеналын довтолгоог эвдэх гэж үе үе байрлалаа орхиж гарсан нь улам замбараагүй болгож байв. Товчхоноор тэд бараг өөрсдийнхөө ч юу хийж байгаагаа ойлгоогүй мэт байв.

Тэгсэн ч Тоттенхэм тоглолтын эхний хэсэгт давамгай тоглолт үзүүлж байв. Шалтгаан нь Тоттенхэмын амжилттай прессинг (нэхэлт) , Арсеналын довтолгооны бүс дэх бүтээлч бус тоглолт. Харин Арсеналын урагш хаясан алсын дамжуулалтын эсрэг Тоттенхэмын хамгаалагчид хэд хэд алдаа гарган, Арсеналд гоалын боломж бэлэглэх шахаж байсан юм.

Тоттенхэм довтолгооны бүст хааяадаа л прессинг (нэхэлт) хийж байв. Энэ нь ихэвчлэн нэг тоглогч Петр Чех рүү бөмбөг булаахаар гүйж, бусад тоглогчид дэмжиж урагш шахалт/прессинг хийхийн оронд  ард суусан байдалтай байв. Ваняама Дэмбэлэ нар Арсеналын довтолгооны тоглогчдыг, ялангуяа Өзилийг хамгаалах гэж зүдэрсэн харагдаж байлаа. Харин Арсенал эхний 20 минутын дараа бүтээлч гурвалжин дамжуулалтууд явуулж, Тоттенхэмын жигүүр дэх сул талыг ашиглаж эхлэв.

Үүнээс хэдэн хормын дараа Почеттиногийн баг хамгаалалтын сул зайгаа нөхөж чадахгүй байгаа нь харагдсан. Кайл Волкер, Дэнни Роүз нарын аль аль нь эсрэг багийн жигүүрүүдийн довтолгооноос сэргийлэн нэлээд зах хэсэгт байрлалаа эзэлж байсан нь эсрэгээрээ Ивоби, Валкотт нарт төвөөр довтлох боломжыг гаргаад өгчихөв. Дэмбэлэ, Ваняама 2 төвийн хагас хамгаалалтын шугамд хийх ажил ихтэй байхад нэмээд Арсеналын жигүүрүүд төв рүү орж тоглоод эхлэнгүүт сул зай их гарах болов. Хэрвээ Роүз, Волкэр нарын аль нэг нь бөмбөгтэй тоглогчийг дагавал байнгын бэлэн байдалтай байгаа  довтолгоо сайн дэмждэг Арсеналын жигүүрийн хамгаалагчид тэр хоёрын үлдээсэн зайгаар орж ирнэ.

Үр дүнгүй бөмбөг эзэмшилт

Статистикыг харвал эхний үеийн төгсгөлийн минутуудад Тоттенхэм 59 хувьтай бөмбөг эзэмшиж байсан нь харагдах болно. Гэвч энэ их бөмбөг эзэмшилтийн ихэнхи хувь нь тэдний хамгаалалтын бүсийн дамжуулалтуудаас бүрдэж байв.

 

(Тоттенхэмын 7 тоглогч талбайн зүүн хэсэгт байна.)

Тоттенхэм довтлох үедээ Виммер, болон солгой хөлтэй Вертонген нар зүүн жигүүр лүү хэвийж, довтолгоо тэр жигүүрээр явуулахыг эрмэлзэж байлаа. Арсенал харин тэдний 3 хамгаалагчийг бүгдэнг нь сайн маркалж (барьж), Дэмбэлэ, Ваняaмаг тоглолтоос гаргах ажлаа ч сайн хийж байв.

Тоттенхэмаас зөвхөн зүүн жигүүрийн хамгаалагч Роүзэд л чөлөөтэй довтлох боломж гарч байв. Бэллэрин түүний жигүүрээр амжилттай довтолж, түүнийг завгүй байлгаж чадахгүй байснаас болсон хэрэг. Ингэж Тоттенхэм Роүзээр дамжуулан хэд хэд довтолсон ч Арсеналын хагас хамгаалалтын шугамыг эвдэж чадахгүй л байлаа. Харин Роүз хамгаалах үедээ Валкоттыг захад маш сайн барьж, эсрэг талаас Кокелин Дэмбэлэг дагаснаар Вертонгэнд бага зэрэг урагшлах зай гарав.

Тоглолтын 5 дахь минутанд Сон арын шугамаас ирсэн дамжуулалтыг авах гэж байгаа болоод хөл доогуураа гарган эргэн гүйж Бэллэринээс мултарч хөндлөн дамжуулалт хаясан харамсалтай нь хэн ч хүрч чадсангүй. Энэ довтолгоо тэдний довтолгооны тактикыг харуулсан довтолгоо болсон юм. Товчхондоо Сон зүүн жигүүрийн захаас довтолгоог дэмжиж байхад, Кэйн Арсеналын хамгаалагчдын дунд зай хайн гүйж, харин Эриксэн баруун жигүүрээс төв рүү орж хагас хамгаалалт довтолгооны хоорондох зайг нөхөх. Эндээс харахад Тоттенхэмын довтолгоо зүүн жигүүрт төвлөрч байсан юм.

Арсенал арын зайг ашигласан нь

Тоттенхэмын хамгаалалтын замбараагүй байдал Венгэрийн залууст хэд хэд довтлох боломж гаргаснаар эхний хагасын дундаас Буучид тоглолтын хэмнэлийг гартаа авч эхлэв. Дээр дурдсан хагас хамгаалалт болон жигүүрийн хамгаалалтын хоорондох зайг нөхөхөөс бусдаар Почеттиногийн 5 хамгаалагчтай систем тус болохоос гай болж байлаа. Ялангуяа Арсенал жигүүрээр довтлох үед тэдний 5 хамгаалагчийн давуу тал харагдахгүй байсан юм.

Тэдний хамгаалагчид бүгд 16-н шугамт дотроо хамгаалж, Дэмбэлэ, Ваняма нар Арсеналын төвийн хамгаалагчидтай зууралдан завгүй байх нь Довтлогчийн ард тоглож буй Өзил, Валкотт нарт зай гаргачихав. Энэ зай ялангуяа Өзилд аюул тарих боломж үүсгэж байсан бөгөөд, довтолгооны бүс рүү 14 удаа бөмбөг дамжуулж амжжээ.

31 дэх минутанд Өзилийн 16-н гаднаас цохисон цохилт хаалганаас багахан зөрсөн юм.

Үүнээс багахан хугацааны дараа Герман тоглогч чөлөөт цохилтоос бас нэгэн эвгүй бөмбөгийг эсрэг багийн 16-н шугам руу явуулсаныг нь Виммер өөрийн хаалганд мөргөөд хийчихлээ. Виммер энэ тоглолтонд Премиер Лигийн шинэ улирлын анхны тоглолтоо хийж байсан ч ийнхүү харамсалтайгаар багаа хөөдөж орхив.

2-р үе

Эхний 45 минутанд Тоттенхэм хэдхэн үр дүнтэй довтолгооны хувилбар явуулж чадсаны ихэнхид нь Дэмбэлэгийн мундаг дрибблын (бөмбөг туух) чадвар чухал үүрэг гүйцэтгэж байлаа. Тэр 2-р хагаст илүү сайн тоглосон. Үүний шалтгаан нь,

1-рт, Почеттино 2-р хагасын эхэнд багахан тактикын өөрчлөлт хийж, Дэмбэлэг илүү гүнээс тоглуулж эхэлсэн. Энэ нь жижиг хэрнээ маш чухал шийдвэр байлаа. Ваняама, Эриксэн тэр 3-н хоорондын тоглолт мэдэгдэхүйц сайжирсан байв.

2-рт, хэдий илүү гүнээс тоглох болсон ч Дэмбэлэ чөлөөтэй урагшлах эрхтэй тоглож байв.

(Дэмбэлэгийн пэналт авчирсан дриббл (бөмбөг туулт) - 1)

Баруунаас зүүн рүү диагоналдсон гүйлт хийж, Кокелин, Монреал нарыг ардаа үлдээн 16-н шугам руу ороход Кошилнигоос өөр түүнийг зогсоох өөр хүн байсангүй. Тэр Дэмбэлэгийн бөмбөгийг булаах гэж оролдсон боловч бөмбөгөнд хүрэлгүй түүнийг унагаасанаар торгуулийн цохилт бэлэглэчихэв. Кэйн цохилтыг амжилттай болгож тооны харьцааг тэнцүүлсэнд Дэмбэлэгийн чөлөөтэй тоглолт маш их хэрэг болсон.

Тоттенхэм эхний үеийн хамгаалалтын бүсдээ бөмбөг тойруулан сул орон зай хайсан стратегиэсээ татгалзаж илүү шийдмэг довтолгоонууд зохион байгуулж байв. Почеттино мөн Волкер, Роүз 2-г илүү идэвхитэй урагшилахыг зааварчилсан нь бөмбөг алдах үед жигүүртээ сул зай үлдээх эрсдэлийг мөн дагуулсан юм. Харин энэ үед Арсенал тэдний жигүүрүүддээ үлдээсэн хоосон зайг ашиглан Тоттенхэмын хамгаалалтын бүс рүү хэд хэд аюултай дамжуулалт гаргаж өгөв.

Кэйний тэнцээний гоалын дараа аль аль багууд тоглолт дуустал нэгийн эсрэг нэг тэмцлүүд, жигүүр сольсон дамжуулалтууд хийсэн өндөр хэмнэлтэй довтолгоо зохион байгуулцгаасан.. Тоглолтын энэ хэсэг бичих зүйл нэг их байгаагүй ч маш сонирхолтой өрнөсөн юм. Хоёр талд боломж үүсгэж, аль аль нь 3 оноотой буцах боломжтой байсан ч боломжуудаа ашиглаж чадаагүй.

Вэнгэр 60 орчим минут өнгөрөх үед сэлгээ хийн Оливье Жируг оруулснаар Санчес зүүн жигүүр лүү шилжсэн бол төвийн хагас хамгаалагч Кокелинийг сэлгэж орж ирсэн Аарон Рамси довтолгоонд давгүй байсан Шакаг дэмжин урагш орон тоглож байлаа.

Дүгнэлт

Почеттиногийн Дэмбэлэг илүү гүнээс тоглуулж, хурдтай довтолгоо дэмжсэн гүйлтүүд хийлгэсэн нь ашгаа өгсөн. Харин Арсенал эхний үеийн төгсгөл хэсэгт үзүүлсэн идэвхитэй, үр дүнтэй тоглолтоо хийж чадахгүй байсаар тоглолт өндөрлөсөн. Буучид ямар нэгэн тактикын өөрчлөлт хийлгүй, цэвэр хувь тоглогчдын ур чадварт найдсан байдалтай байсан. Эцэст нь Вэнгэрийн баг нэг гоалтай тоглолтыг дуусгаснаар Почеттино ирсэнээс хойш Тоттенхэмыг ялаагүй цувралаа үргэлжлүүлэх болов.

www.spielverlagerung.com

 

arrow icon