Нийтлэл 11 сарын 10, 2016

Хүний зан чанар субъектив дүгнэлтийнх нь суурь болдог

Тендерийн микроны жолооч шөнө үүрэглэж яваад замын хажуугийн шуудуу руу орж, арай л онхолдсонгүй тогтжээ. Зорчигчдийн яриа харилцан адилгүй.
Нэг эгч ихэд бухимдуу байв. "

Өдөр шөнөгүй мөнгө хөөж явж байгаад хүн алах нь. Муухай шуналтай юмнууд, арчаагүй нь арай дэндүү. Данхраат ч байхгүй. Шөнөжин биднээр чулуу зөөлгөчихөж байгаа юм даа. Ёоёо, нуруу нуруу. Тэр муу х...рээс нэхэж байгаад нурууныхаа эмчилгээний мөнгө гаргуулахсан..."


Бас нэг эгч,

"Муу ёр муу ёр, арын суудлын хоёр юм л хоорондоо хэрэлдээд явна билээ. Түүнийх нь гай байхгүй юу... Бүгдээрээ үхэхийг шахлаа."


Гурав дахь ах,

"Жолооч үүрэглэж яваад осол болохыг шахав. Зайлуул, амьдрах гэж өдөр шөнөгүй л явах юм даа. Ядаж сандарч байхад нь энэ авгайчууд тал талаас нь хашгичаад бүр ч зовоочих юм. Таван чулуу зөөх гэж хорвоог зөөж байгаа мэт ялархаад л... Их л санаа нь зовж байх шиг. Даруухан хүү юм. Өөр хүн байсансан бол өмнөөс нь асчихгүй юу?"

Нэг охин

"Ёстой бөөн адал явдалтай. Машин унах шахсан. Бүх хүмүүс аймаар орилолдоод. Зарим нь уйлалдаад. Бас дараа нь чулуу зөөлцөөд. Нэг ах, эгч хоёроос бусад нь шүү. Тэд тамхи татаад, шүлсээ хаяад л зогсоод байсан. Чулуу зөөж явахдаа би бүдэрч унаад гараа шалбалчихсан. Гэхдээ одоо зүгээр ээ. Адал явдалтай гоё.. Тийм ээ."

Ангийнхаа манлайлагч байсан талийгч залуугийн дурсгалд цуглаад тарж байгаа гурван нөхрийн яриа ч харилцан адилгүй.
Нэгдэх нь,

"Манай талийгч ёстой эр хүн байсан шүү. Хүнд зөв талаасаа их нөлөөлдөг байж. Буруу юм хийж байгаад би хааяа сайн гөвшүүлнэ ээ. Гэхдээ хүнд үнэнээсээ муу санадаггүй, их зөв хүн байж. Гар чангатай. Их нөмөр нөөлөгтэй. Түүнийхээ далбаан дор манай хөвгүүд, охид сургууль дээрээ хэнээс ч эмээхгүй явдаг байсансан."

Хоёрдахь нь,

"Талийгч нөхөрсөг, төлөв даруухан, шударга, зөв зантай хүүхэд байлаа. Бид түүгээрээ үнэхээр бахардаг байжээ"

Гурав дахь нь,

"Шал худлаа онгироо гар байсан даа. Атаман гээд хамраа сөхчихсөн, орох орохгүй юманд хошуу дүрнэ. Нөгөөдүүл нь худал хөөргөөд л..."

Хавар мод услахад байгууллагаар очиж оролцсон хүмүүс ч мөн адилхан янз бүрээр ярина. Зарим нь агаар салхинд, суудлын бидний биеийн чилээг гаргасан, бас буянтай сайхан ажил боллоо гэж байхад зарим нь хар шороон дотор үйлээ үзлээ, ингэж хэнхэглэх санааг хэн гаргадаг байна аа хэмээн уцаарлах...
Константин Симинов Фронтын сурвалжлагч байхдаа нэг зүйлийг анзаарсан гэдэг.
Давшилтынхаа талаар байлдагч бүр өөр өөр ярьжээ.
Нэг нь

"Босоод л, унаад л, бас босоод л гүйгээд байсан. Энд тэнд бөмбөг дэлбэрээд, бөөн бужигнаан. Мэдэхгүй ээ, хаашаа ч гүйгээд байсан юм. Дайсан хаана ч байсан юм. Бөөн тоос утаа л байсан. Тэр чинь довтолгоон биш, бөөн хядаан л байсан..."

гэж ярьсан бол нөгөөх нь

"Манай 5-р рот давшилтанд орсон юм. Дайсны их бууны гал доогуур хориглолт сэтлэхээр давшсан. Нэг талдаа бяцхан товгортой, тэнд немцийн пулемётын точик байсан. Тэндээс биднийг хайчин галаар шүршиж байв.... Миний зүүн талд Коля явсан, тэр бөмбөгдөлтөд унахад Димя түүн лүү очиж харагдсан. Ротын захирагч цээжээрээ буудуулаад унахад Улстөрийн орлогч командыг авсан. Их олон цэргүүд алуулсан. Миний урд явсан цэргийн нарийн шилбийг пулемётын сум тас цохисон. Тэр уначихаад, ураа хашгираад босох гэж оролдоод байсан. Воронежийн хүн байсан, нэрийг нь санадаггүй. Цус алдуулахгүй гэж гуяар нь боож байхад сувилагч Валючка ирсэн. Зарим газарт шавар ихтэй байсан учир гүйхэд хүнд байлаа. Өглөө нь бороо орсон байсан юм. Дайсны нуувчинд очиход дайснуудын олонхи алуулаад, үлдсэн нь зугтсан"

гэх мэтээр маш тодорхой ярьжээ. Өөр нэг нь "

Бид муусайн немцүүдийг салба нүдсэн дээ. Биднийг ура хашгираад дайрахад немцүүд сүүлээ хавчаад л зугтсан"

гэж...
Бүгд л нэг үйл явдлын тухай ярьсан, гэхдээ харилцан адилгүй түвшинд...
Аймхай, сандруу бажга нэгэнд бол бөмбөг дэлбэрээд л, унаад л, босоод л гүйгээд байсан үйл явдал болж. Хаашаа гүйсэн, дайсан хаана байгаагаа ч анзаарах сөхөөгүй. Сүйхээ самбаатай нэгэнд бол олон зүйл тодорхой, хөөрүү зоригтойд нь бол эргэн тойронд юу болсныг анзаарсан ч үгүй, дайрч ороод ялсныг л санаж байж...
Иймэрхүү жишээг эцэс төгсгөлгүй үргэлжлүүлж болно.  Өөрөөр хэлбэл, хувь хүний онцлог шинж, мөн чанар нь үйл явдлыг дүгнэхэд ямар нэгэн хэмжээгээр илэрдэг төдийгүй субьектив дүгнэлтийнх нь суурь болдог байна.
.
Үйл явдлын цар хүрээ томорч, нийгмийн шинжтэй болон агуулга гүнзгийрэх хэрээр хүмүүсийн хандах хандлагын ялгаа нэмэгдэж, олон өнгө төрхтэй болдог байна.
Өөдрөг романтикууд нь инээн баясна.
Гутруу гуниглагчид нь гомдоллож, гасалцгаана.
Хөөрүү хийрхүүчүүд хөөрөн дэвэргэж, эсвэл магтан мандуулна, эсвэл нурааж сөнөөхийг шаардана.
Ухаалаг прагматикууд баримт мэдээллүүдийг харьцуулан үзэж, учир шалтгаан хийгээд үр дагаврыг харна. Хэт прагматикууд нь зөвхөн бодит ашиг талаас нь харж туйлширна.
Мунхгууд баярлаж буй газарт ухаантнууд харамсах нь их. Харин ухаантнууд баясваас мунхгууд гайхаж мэлрэх нь олонтаа.
Хувиа хичээгчид, бэртэгчид олз ашиг нь сайн бол сайшаана, муу бол хараана, харин альтриустууд яг тэдний эсрэг байна.
Ов зальтангууд баярлаж байвал шударгуучууд хилэгнэж байна, эсрэгээрээ шударгуучууд баясаж буй бол ов зальтнууд нь бухимдацгаана. Гэнэхэн хөвсөргөн үзэлтнүүд тун хялбархан тархиа угаалгана. Тэгээд аль нэг туйл руу нь маш хурдан очиж нийлнэ. Гүн ухаантнууд нь харин үл тооно.
Ямар ч үйл явдлыг үзэх, харах хандлагууд хэт туйлширсан хоёр үзүүртэй. Хоёр туйл байгаа хойно төв голч нь ч бас байж таарна. Ийм байдал бидний саяхан өнгөрсөн түүхэн цаг үеэ болон энэ цаг үеэ үзэх үзэлд улам бүр тод илрэх аж.
Зарим нь соц нийгмийг хараана, бүр байж ядна. Тэднийг анзаарахад хувь хүмүүсийн нэг нийтлэг байдал илэрнэ. Зарим нь магтана, бүр бахархан дээдлэн, диваажин болгоно. Тэндээс ч бас нэг нийтлэг хэв шинж ажиглагдана. Тэдний дундын олон хэв шинжүүд бий. Өнөөх дайнд нүдээ аниад унаж босоод явсан, ямар ч довтолгоон болоогүй, амжилт мэдэхгүй, бөөн хядаан л болсон гэдэг шиг нөхөд ч байна. Бас ялаад мандуулаад хаясан гэдэг нь ч, бүхнийг анзаарч, бодитоор харж чаддаг нь ч байна.
Зарим маань Ардчиллын гэгдэх энэ цаг үеэ хараана, бүр тэсэж тэвчихгүй шинжтэй, бас зарим нь учиргүй магтан өргөмжилнө. Чухам диваажинг бүтээн босгож буй аятай. Аль алинаас нь хэв шинж анзаарагдана. Дунд нь бас бодит байдлыг харьцуулан дүгнэж, нөхцөл байдлыг тодорхойлж, гарц боломж эрж буй нь ч байна.
Ерөнхийдөө ямар нэгэн онол, систем, тогтолцоо, үзэл баримтлал тийм ч чухал биш, бараг зүгээр л хар зөнгөөрөө шахам хандлага нь илэрдэг байдал илүү түгээмэл. Элдэвийн санаатай, санамсаргүй тархи угаалтууд баадууг нь улам чангалж өгөх...
Энэ бүх хэв шинж, ааш араншингууд, хандлага итгэл үнэмшлийг харахад танин мэдэхүйн түвшний ялгаанаас гадна хувь хүний мөн чанартай ихээхэн шүтэлцсэн байх. Ингэхэд Социалист болон Ардчилагч байна гэдэг хүний мөн чанартай ихээхэн хамааралтай "эд" байх шиг ээ... Та чухам аль нь вэ?

Сэтгэгдэл бичих

arrow icon