- Зохиолын дүр, зохиолын баатар хоёрын ялгаа юу вэ?
- Асуулга, асуумж хоёрын ялгаа юу вэ?
- Уянгын шүлгийг хүүхдүүдэд хэрхэн яаж тайлбарлах вэ?
- Уран зохиолын хичээлийг заах хамгийн сайн арга зам юу вэ?
Нийслэлийн ЕБС-иудын уран зохиолын багш нартай хийсэн уулзалтын үеэр багш нар иймэрхүү асуулт асууцгааж байна. Тэгээд эдгээр асуултуудад хариулт болгож багш нарт санал бодлоо ийн илэрхийлсэн болно.
* * *
“Зохиолын дүр, зохиолын баатар хоёрын ялгаа юу вэ?”
гэж Багш та асууж байна. Би энэ асуултад хариулж чадахгүй. Үнэнээсээ хэлж байна. Би хэдий мэргэжлийн сургуулийг нь төгссөн ч, 20-30 жил уран зохиол гэдэг том тогооноос халбагдаж яваа ч энэ асуултын хариултыг би мэдэхгүй. Онол номыг нь сөхөж харж байгаад нэг юм хэлж болох... Гэвч би тэгэж хэлэхгүй. Хүсэх ч үгүй байна. Яагаад гэвэл би ийм хэрэггүй дэмий асуултуудаар хүүхэд багачуудын тархи толгойг эргүүтүүлдэг энэ уран зохиолын сурах бичгийг огтоос хүлээн зөвшөөрөхгүй байгаад л учир нь байгаа юм.
Та бидний хүүхдүүд уран зохиолынхоо хичээл дээр ямар нэгэн сэдэв уншаад, жишээлбэл “Үнсгэлжин” үлгэрийг уншаад “Гол баатар нь аль юм бол, дүр нь аль юм бол?” гэж гайхаж суухын оронд “Энэ ханхүүгийн сэтгэлийг ядуу Үнсгэлжин охин чухам юугаараа татсан юм бол?
Зөвхөн үзэсгэлэнтэй болоод тэр үү? Эсвэл энэ охин сайхан сэтгэлтэй, үнэнч болохоор нь тэр үү? Аль аль нь уу?”, “Хойт эх нь яагаад Үнсгэлжин охиныг үдэшлэгт явуулахгүй байгаа юм бэ? Энэ шударга уу? Хэрвээ миний ээж байсан бол яах бол?” хэмээн бодож, хэлэлцэж, өөр хоорондоо маргалдаж байх учиртай.
Та бидний хүүхдүүд уран зохиолынхоо хичээл дээр, жишээлбэл “Рамаяана буюу Раамийн үлгэрийн цоморлиг” номыг уншаад “Энэ бүлгийн асуумж нь аль юм бол, асуулга нь аль юм бол?” гэж гайхаж суухын оронд “Өөрийг нь хорлож, хаан ширээг нь булааж, харанхуй ширэнгэнд цөлж, хатан эхийг нь хөнөөсөн ах дүүсээ Рама баатар яагаад өширхөж хонзогнохгүй, алж хядахгүй байгаа юм бол? Харин ч бүр эсрэгээр хайрлаж талархаж байгаагийнх нь учир юунд байна вэ?” гэдгийг тал талаас нь хэлэлцэж, хүүхэд бүр өөр өөрийнхөөрөө тайлбарлан ярилцаж байх учиртай.
Чухам уран зохиолын хичээлийг би ийм байгаасай, үр хүүхдүүд маань уран зохиолынхоо хичээл дээр ийм л зүйлсийг ярилцаж байгаасай, уран зохиолоос хүүхдүүд маань нялх балчир сэтгэл зүрхэндээ урган соёолж эхэлж буй сайн сайхан хүсэл, бодол мөрөөдлөө тэтгэх тэр эрч, энергийг олж авдаг байгаасай гэж хүсэж, харж байна. Түүнээс биш тэр “Асуулга, асуумж, сэдэв, зангилаа, өрнөл” гэсэн хүүхэд бүрд огтоос хэрэггүй зүйлст толгойгоо зовоож, хайран цагаа хий дэмий бүү үрж байгаасай гэж хүсэж байна. Хэрвээ хэн нэгэн хүүхэд уран зохиолын судлаач болох гэж буй бол дээд сургуульдаа ороод л тэрхүү “Асуулга, асуумжаа, зангилаа, өрнөл, туйл, тэр изм”-аа үзэж судлах хэрэгтэй. Түүнээс биш өнөөдөр хүүхэд бүр ийм судалгааны зүйл үзэж суух огтоос шаардлагагүй.
Уран зохиолын хичээлийн зорилго бол хүүхдүүд зохиолын “эхлэл, төгсгөл, өрнөл, туйл гэж юу болох, символизм, кубизм гэж ямар урсгал байдаг болох” гэх мэт зүйлсийг ялгаж салгаж сургахад биш, харин хүүхэд бүрийг хүн хүнээ ойлгох, хайрлах, энэрэх, улмаар энэ гараг дэлхийн амьдралын мөн чанар утга учрыг ухааран ойлгодог, эрхэмлэдэг үнэт зүйлтэй, эрхэм дээд ёс суртхуунтай, зөв хүн болгоход оршино гэж би харж байгаа.
Цаашлаад уран зохиолын хичээл дээрээс хүүхдүүд маань энэ хүмүүний амьдралын сайн муу үйл, зан чанарыг ялган харж чаддаг, сэтгэн эргэцүүлж, түүнээ хэлж ярьж, итгэл үнэмшилтэй уран яруугаар илэрхийлж чаддаг, бусдынхаа санаа бодлыг сонсож, бас түүн лүгээ өөрийгөө бусдад үнэн зөвөөр илэрхийлж чаддаг, асуудлыг олон талаас нь харж, дүгнэж чаддаг болоход суралцах ёстой гэж би бодож байна. Хаана ч очсон, ямар ч мэргэжил эзэмшсэн бай, оюуны өндөр соёлтой, өргөн дэлгэр мэдлэгтэй, урлаг, гоозүйн нарийн мэдрэмжтэй
, ядахдаа л ажилд орох өргөдөл CV-гээ ойлгомжтой, цэгцтэй биччихдэг чадварыг эзэмшсэн байх ёстой гэж би бодож байна. Энэ бүх чадварыг, энэ дээр дурдсан чадваруудыг бидний үр хүүхдүүдэд хамгийн ихээр суулгадаг хичээл бол зөвхөн Уран зохиол.
Чухам өөр ямар ч төрлийн хичээл уран зохиолтой адил хүүхдэд тийм сайхан олон талын чадварыг суулгадаггүй, суулгах ч боломжгүй. Мундаг сайхан тоочин байлаа ч, мундаг сайхан физикч, химич байлаа ч та бидний үр хүүхдүүд уран зохиолыг уншихгүйгээр хүний энэ ертөнцөд хэрэгтэй, хамгийн чухал зүйл болох “Хүн байхын эрдэмд” суралцаж чадахгүй юм.
* * *
Тэнд нэг багш
“Уянгын шүлгийг хүүхдүүдэд хэрхэн яаж тайлбарлах вэ?”
гэж асууж байна. Би мөн л энэ асуултад хариулж чадахгүй. Хэрвээ та нарын сурах бичиг дээр чинь ийм асуултууд буй бол тэр уянгын шүлгийг тайлбарладаг сурах бичиг зохиогчоос нь асуу гэж зөвлөх байна. Жишээлбэл, Галсансүхийн “Үнээдэй Нютаг” гэдэг шүлгийг би яагаад ч тайлбарлаж чадахгүй, Д.Нямсүрэнгийн уянгийн шүлгүүдийг ч би тайлбарлаж чадахгүй. Угаасаа би чадахгүйдээ биш, боломжгүй дээ юм. Яагаад гэвэл уянгын шүлгийг тайлбарлах гэж биш сэрж мэдрэх гэж уншдаг юм
. Харин Т.Галсан абугайн Жирмийн сүлжээ дөрвөн мөртүүд болон Монголын эртний Хос ёсны сургаалыг бол сайхан тайлбарлан хэлээд өгч болно.
* * *
“Уран зохиолын хичээлийг заах хамгийн сайн арга юу вэ?”
гэж нэгэн багш асууж байна.
Би заах арга мэддэг хүн биш. Тэр дидактик энэ тэрийг нь би огт мэдэхгүй. Гэхдээ би уран зохиолын хичээлийг заах аргын талаар нэг л зүйлийг баттай хэлж чадна. Уран зохиолын хичээлийг хамгийн сайн заах арга бол хүүхдүүдэд хамгийн сайн номыг хамгийн ихээр уншуулах л явдал юм. Тэгээд тэр номынхоо талаар ярилцах явдал юм. Гэхдээ дээр дурдсан шиг “Энэ зохиолын эхлэл нь энэ байна, зангилаа нь энэ байна” гэж хий хоосон юмны тухай ярилцах биш, харин тэр зохиолд гарч буй тэр нарийн эмзэг сэтгэл хөдлөлийг, баяр баясгалан, зовлон шаналлыг хүүхдүүд сэтгэл зүрхэндээ хамгийн ойроор хүлээн авсан тэр сэрэл мэдрэмжээ илэрхийлэн ярилцах л явдал юм... Жишээлбэл, энэ миний хажууд зохиолч Д.Энхболд ах сууж байна. Ахын “Шар хөвийн зэрэглээ” гэдэг өгүүллэгийн гол баатар бүсгүйн сэтгэлийн эмзэглэлийг хүүхдүүд мэдэрч чадвал чухам тэр өдрийн хичээлийн жинхэнэ бодит үр дүн нь мөн. Түүнээс биш “Шар хөвийн зэрэглээ” өгүүллэгийг “эхлэл, төгсгөл, бол баатар, туслах баатар”-ыг мэдэж авах нь угтаа уран зохиолын хичээлтэй ямар ч холбоогүй зүйл. Тэр нь уран зохиол судлаачдад л хамаатай. Тэгээд ч чухам хэр их хэрэгтэйг нь ч би сайн хэлж мэдэхгүй. Яагаад гэвэл би эдгээрийг мэдэхгүйгээр өдий хүрсэн. Өөрөөр хэлбэл “Гол баатар нь онолын хувьд ийм байх ёстой, зангилаа хэсэг нь ийм байдаг, асуумж гэж иймэрхүү юм байдаг” гэдгийг огт мэдэхгүйгээр би утга зохиолын ертөнцөд өдий хүртэл явж, бичиж ирлээ. Энд уригдаж ирсэн зохиолч нар ч мөн ямар нэгэн зохиол бичихдээ, “Зохиолын эхлэл нь ийм байдаг, зангилаа нь тийм байдаг” гэсэн онолын мэдлэг дээрээ суурилж зохиол бичдэг гэж огт бодохгүй байна. Ер нь тэгэж зохиол бичдэг зохиолчийг би л лав мэдэхгүй. Хэрвээ хэн нэгэн тэгэж зохиол бүтээл туурвидаг бол тэр нь лавтай зохиол биш, өмсөж ч болдоггүй, хүрч ч болдоггүй үзэсгэлэнгийн загвар төдий зүйл болно. Тэгээд ч зарим зохиолын эхлэл нь бүүр төгсгөлдөө ч цохиж явах нь бий. Тэр бүхэн тухайн зохиолчийн туурвин бүтээх арга барилын онцлогоос л хамаардаг.
* * *
Тэндээс нэг багш
“Пост модернист зохиолыг хэрхэн заах вэ?”
гэж асууж байна.
Би дахиад л энэ асуултад хариулж чадахгүй. Хүүхдүүдэд зүгээр л уншуул... Хүүхэд бүр өөр өөрийн гэсэн өвөрмөц сэрэхүй, мэдрэмжтэй. Тэд өөр өөрийнхөөрөө мэдрэг, хүлээж аваг. Тэгснийх нь дараа ярилцах хэрэгтэй. Заавал хүүхдүүдийн сэрэл мэдрэмжийг нэг хайрцагт, нэг зааг хязгаарт хаших гэхийн хэрэггүй. Тэгээд ч дунд сургуулийн, ялангуяа дунд ангид энэ симболизм, кубизм гэх мэт онолын зүйлсийг үзэх шаардлага байгаа эсэхэд би их эргэлзэж байна. Хожим уран зохиолын судлаач болох гэж буй нь дээд сургуульдаа ороод нарийвчлан үзнэ биз. Харин дунд сургуульд эх зохиолуудтай боломжийнх нь хэрээр уншуулаад танилцуулаад авах нь л чухал.
Би дахиад хэлье. УРАН ЗОХИОЛЫН ХИЧЭЭЛИЙГ ЗААХ ХАМГИЙН САЙН АРГА БОЛ ХАМГИЙН САЙН УНШУУЛАХ Л ЯВДАЛ...
Гэтэл харамсалтай нь өнөөдрийн уран зохиолын хичээл маань ийм уран зохиолын мөн чанараас хол ангид сонирхолгүй, онолын шинжтэй зүйлсээр нэлээд арвин байж, тэгээд хүүхэд багачуудыг маань уран зохиолын хичээлээс залхдаг, дургүй болгодог, түлхдэг байдалтай байгаа биш байгаа гэж сэрдэх бодол төрж байна. Үнэхээр тийм бол маш харамсалтай. Тэргүүн фронтод байгаа уран зохиолын багш нар та бүхэн л нөхцөл байдал ямар байгаа үнэнийг хэлж өгөх байх.
* * *
Эцэст нь би та бүхэнд ном уншихтай холбоотой хоёр гуравхан жишээ, баримт хэлье.
Эхнийх нь, сүүлийн хэдэн жилд бид гэр бүлээрээ Дэлхийн хүүхдийн сонгодог зохиолын “ЭРДЭНЭСИЙН САН – 108” цувралтай зууралдаж байна. Анх 6 жилийн өмнө 6 номыг тус бүрийг нь 300 ширхгээр гаргасан. Муу номууд биш. Дэлхийн хүүхдийн зохиолуудын сор нь болсон л номууд. Нэг жил болоход нэг номоос дунджаар 75 ширхэг зарагдсан байв. Бид сайн маркетинг, менежмэнт хийж чадаагүй, сурталчилгаа ч муу хийсэн тал бий. Гэхдээ л энэ чинь Монгол Улс нэг сая хүүхэдтэй, тэднээс 512 000 нь сургуулийн насныхан шүү дээ. Гэтэл 512 000-аас 75 нь л эдгээр номыг авч уншсан
байсан. Энэ тоог үзээд тэр үед “Ингэхэд Монгол Улсад ирээдүй байгаа юм уу. Ийм харанхуй ирээдүй биднийг, бидний үр хүүхдийг тосож байгаа юм биш байгаа” гэсэн айдас, гутрал төрж байлаа. Тэгсэн ч тэдгээр номоо үргэлжлүүлэн гаргасан. Одоо нэг ном дунджаар жилдээ 300 ширхэг борлож байна. 6 жилийн өмнөхөө бодвол 4 дахин өссөн. Хүүхдүүд ч ном уншдаг болж байна. Гэхдээ л хангалттай уншиж өгөхгүй байна.
Хоёрт нь, би хааяа энэ тэнд номын үзэсгэлэн худалдаанд хэдэн номоо үүрээд очдог л доо. Нэг удаа louis vuitton фирмийн цүнх тохионоосоо зүүсэн, Том tailor фирмийн цув нөмөрсөн, бугуйнд нь Ролексийн цаг гялалзсан нэг сайхан гоо бүсгүй 10-аад насны хүүгээ хөтөлж ирээд, Х.Х.Андерсений номыг зааж, “Энэ ямар ном бэ? Сайн ном уу, муу ном уу?” гэж надаас асуусан
. Ер иймэрхүү асуулттай үе үе таардаг л даа. Ийм асуултад би юу гэж хариулахаа мэдэхгүй гацчихдаг юм. Уран зохиолын багш та нар хэрвээ миний оронд байсан бол бас л тэгэж гацна гэдэгт итгэлтэй байна. Ингэхэд Андерсен гэдэг хүний үлгэрээс уншаагүй, ядаж нэрийг нь ч сонсоогүй тэр бүсгүй энэ гариг дэлхийн хаана нь амьдарч ирсэн юм бол. Мэдээж Монголд л байж таарах нь. Бид чинь номыг ийм л муу уншиж байна.
Тэгээд тэр цул брэнд болсон бүсгүйд би өөрийнх нь ойлгох хэлээр л хариу өглөө. “Андерсен гэдэг бол номынхоо ертөнцөд брэнд нь юм аа” л гэсэн. Ямар “Андерсен бол гайгүй, дажгүй нь шүү дээ” гэж хэлэлтэй нь биш. Үнэндээ Андерсен бол хүн төрөлхтний оюун санааны брэнд. Гэхдээ тэр ээжид бас учиргүй талархан баярлах сэтгэл төрсөн болно. Өөрөө уншиж мэдээгүйгээ үр хүүхдүүддээ давтахгүй гэсэн тэр эхийн сэтгэл, санаачилгыг би хүндлэн дээдлэхээс аргагүй.
Гуравт, өнгөрдөг хавар би хөдөөгийн нэг суманд очлоо. 200 гаруй хүүхэдтэй гэнэ. Номынх нь санд орлоо. Хүүхэд уншчихаар 100 хүрэхтэй үгүйтэй ном байна. Гэхдээ тэр нь шилэн хоргонд, хүн гар хүрсэн шинжгүй. Бусад нь хуучин соц үеийн өнөөх баахан тайлан, материалист деалактикийн сурах бичгүүд, намын дайчин туслах энэ тэр гэсэн хуучны номын үлдэгдлүүд байна.
Тэгээд би номын санч, уран зохиолын багшаас нь асуулаа. “Өдөртөө хэдэн хүүхэд ном авч уншиж байна вэ, каталог нь байна уу?”. Надад багш хариуллаа. “Бараг хагас сарын өмнө нэг хүүхэд л нэг ном авсан“ гэж... Төрсөн дүү бол тэр охиныг алгадаад авах байв. Тэгээд хэллээ. Захирлынх нь дэргэд, захиралд нь ч бас давхар хэллээ. “За миний дүү, танай сургууль 200 хүүхэдтэй юм байна. Чи уран зохиолын багш гэдэг энэ сайхан мэргэжлийг эзэмшсэн юм бол энэ 200 хүүхдийн ядаж 20-ийг нь уран зохиолын ном уншдаг, уран зохиолд хорхойсдог болгочих. Тэгвэл чиний энэ мэргэжлийг сонгосны, хэрэг зардал болгож эзэмшсэний утга учир тэр болно. Хэрвээ чи 20 хүүхдэд уран зохиол гэдэг энэ аугаа гайхамшигт ертөнцийн үүд хаалгыг нээх түлхүүрийг атгуулчихвал хүн болж төрсний нэгэн насны чинь буян болно шүү” гэлээ.
Өнөөдөр ч гэсэн энд цугласан уран зохиолын багш та нарт би энэ үгээ давтан хэлмээр байна. Та бүхэн хэрвээ 30 хүүхдэд хичээл заадаг бол ядахдаа 3-ыг нь, 300 хүүхдэд заадаг бол 30 хүүхдийг нь уран зохиолд дуртай болгоод энэ уран зохиолын ер бусын гайхамшигтай ертөнцөд гараас нь хөтлөөд оруулаад ир. Тэр өмнө чинь бүлтийгээд сууж байгаа жаалхан хүү, гэнэхэн охидын зүрх сэтгэлд урган дэлбээлж буй цэцэгсийг уран зохиол гэдэг ер бусын баялаг бордоогоор усалж торд. Өөр бордоонд тэр цэцэгс чинь тэр бүр ургаж дэлбээлдэггүй, сайхан үнэрээ гаргадаггүй юм шүү дээ.
Та бүхэн чухам үүний л төлөө ажилла, хөдөлмөрлө, сэтгэ, шанал ... Тэр янз бүрийн хэрэгтэй хэрэггүй онол, ном ярьж хүүхдүүдийг уран зохиолоос бүү дайжуулж, хөндийрүүл... Нэг ч болсон хүүхдийг уран зохиолд дуртай болгож, оюун билгийг нь нээж чадах ахул энэ насандаа босгосон хэзээ ч үл нурах, үл замхрах жинхэнэ буяны цагаан суварга чинь чухам тэр болно. Эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ, ирээдүйнхээ өмнө үүрсэн ачаагаа нэр төртэй биелүүлсэн хамгийн том үзүүлэлт чинь тэр болно шүү...
Батлагдсан, батлагдаагүй их ч олон онол, теором бий. Харин миний мэдэх баталгаатай үнэн нэг теором бол улс орны хөгжил дэвшил хэзээ ч, хаана ч соён гэгээрэл, танин мэдэхүйгээс ангид өрнөж байгаагүй юм. Хэрвээ соён гэгээрэл, танин мэдэхүйгээс ангид хөгжил дэвшил байна гэвэл тэр хөгжил дэвшил биш харин өөрөө өөрийгөө дотроосоо мэрж сүйтгэх гаж мутант хөгжил байх болно.
Соён гэгээрэл, танин мэдэхүйг ном уншихаас гадуур төсөөлөх ямар ч боломжгүй
. Тийм болохоор л үүнийг батлагдсан, цаашид ч батлагдах теором гэж хэлнэ.
Өнөөдөр манай эцэг эхчүүд үр хүүхдээ номонд ойртуулъя гэж бодож мэрийдэг болчихож. Гэвч тэр бүр бүгдэд нь зав зай, боломж хомс байна. Бас тэр бүрд нь үр хүүхдүүдээ номын дэлгүүрүүдээр дагуулан явж, хүссэн номыг нь авч өгөх санхүүгийн боломж ч олонхи эцэг эхчүүдэд алга байна.
Тэгэхээр монголын хойч ирээдүй болсон үр хүүхдүүдийг номын ертөнцтэй уулзуулах тэргүүн фронтын ганц байлдагчид бол Ерөнхий боловсролын сургуулийн уран зохиолын багш та нар. Та нарын нуруун дээр тун их чухал үүрэг, ачаа байгаа шүү...
2015 оны 2 сарын 5
Үнэхээр санал нийлж байна.
Үнэхээр санал нийлж байна.
ҮНЭХЭЭР САЙХАН ОЙЛГОМЖТОЙ БАС ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛ БИЧСЭН БАЙНА. УРАН ЗОХИОЛЫН ХИЧЭЭЛ ЗААХДАА ТАНЫ СУРГАМЖИЙН ДАГУУ ЗААХ БОЛНОО.БАЯРЛАЛАА.
тийм шүү.
Энэ нийтлэлийг хөдөө оон нутгийн бүх сургуулийн монгол хэл уран зохиолын багш нарт албан ёсоор явуулж, уншуулж мөрдүүлэх юмсан.