Айлын байшин түрээслэхээр ирсэн эрхзүйч арван хоёр, гурван настай хүүгийн гэрийн эзэн оргисон царай төрхийг хараад өөрийн эрхгүй инээд нь хүрнэ
.
- За хүү минь аавын чээж гаргалгүй ээждээ хурдан захидал бичээд асуугаад өг.
- Ээжийн тухайд бол татгалзана. Надтай л ярь.
- Тэгээд түрээсийн мөнгө хэд гэж байгаа юм?
- За байз... Таван иен.
“Муу золиг чинь ханш мэдэж байна” хэмээн дотроо бодсон эрх зүйч ялимгүй нуруугаа цэхлэн байж,
- Таван иен үнэтэй байна гурван иен болгочих? гэхэд хүү
- Тэр ярихгүй ээ гээд яах ийхийн завдалгүй арын цэцэрлэг үрүүгээ гүйгээд явчих шинжтэй болов.
Эрхзүйч өвгөн энэхүү балчир гэнэхэн наймаанд яалт ч үгүй бууж өглөө. Учир нь түүнд хотын захиргаанд ойрхон энэ байшин зайлшгүй хэрэгтэй болсон байжээ.
- Энэ сарын түрээсийн мөнгийг л урьдчилж өгөөрэй.
- Чамд өгөх юм уу?
- Тийм гэж хүү гэрийн эзэн шиг итгэлтэй нь аргагүй толгой дохив.
Гэвч дотроосоо гарч ирэх хүүхдийн гэнэн томоогүй инээмсэглэлээ барьж чадалгүй сүрхий хөмсөг зангидан, уруулаа тас жимийнэ. Хүүд шинэхэн сурсан наймаа нь тунчиг сонирхолтой
байгаа аж. Энэ нь хоёр дахь удаагийн том наймаа нь байлаа.
Хүүгийн эх эгчийг нь төрөхөд Токио уруу туслахаар яваад буцаж ирэхгүй гурван ч сар болжээ. Хүүгээ Токиод хүрээд ир гэх боловч унааны зардал явуулсангүй. Хүү хөрш айлындаа байлаа. Хүү нэг удаа хөрш айлынд нь ирсэн хуучин бараа зардаг хүнийг гэртээ дагуулан оруулаад гэрийнхээ хуучин ном сэтгүүл, хэрэггүй хувцас хунарыг зарав. Тэгээд түүндээ сэтгэл хөдлөн баярлахдаа ил зуухан дээр байсан ширмэн данхаа шүүрэн авч, - Энэ хэр үнэ хүрэх вэ? гэж дэлгүүрийн хүнээс асуун зарснаас хойш юм зарах өвчин тусчээ. Ядуу айлуудаар тойрон явж өөд болсон эцгийнхээ хувцсыг хүртэл зарж орхив. Одоо таван иен олбол Токио хот руу яваад ирэх зардалтай болно. Хүү энэхүү наймаагаараа том хүний аж төрөл, өдөр тутмын ахуй хэрэгцээгээ болгоод явах ер бусын амьдралыг мэдэрснээр үл барам наймаа тохиролцооны мөнгөө хүлээн авахтай зэрэгцэн хуучин барааны дэлгүүрийн хүн ч бай, эрхзүйч өвгөн ч бай тэдний амьдралд нухлагдсан өрөвдөм дүр зураг хүүгийн толгойд тодхон дүрслэгдэж, том хүний амьдралд хөл тавьсан анхны алхамдаа хүү өөрийгөө ялан дийлэгч мэтээр харжээ. Энэ амьдралд идэх хоолоо олж идээд явж чадмаар шиг санагдсан аж.
Хүү Аомори мужийн Нарикогийн ногоон алим үүрээд Үэно буудалд ирлээ. Эх нь хэлэх үгээ олж ядан загнаж ч чадсангүй. Буцах нутаг ч үгүй, харих гэр орон ч үгүй болжээ гэх бодол хөндий чээжинд нь усны адил нэвчин тархжээ. Том хүү нь бас Токиод буй. Байшингаа зарвал том хүү маань наймаа хийх хөрөнгөтэй болно гэж хэдэн ч жил шаналан бодонгоо гэрээсээ хагацан салах зүрх зориг хүрэлгүй явсаар өдий хүрсэн байлаа. Гэтэл, өөрийн кимоног зарж баран барин хайрлан хадгалж ирсэн эр нөхрийнх нь гоёлын хувцсыг энэ хүү нь хуучин муу бөс бараа мэт зарж орхисон бус уу.
- Гурван өдрийн нойроо авна аа гээд хүү эгчийнхээ гэрт ирүүт бат бөх гэгч нь унтаад өглөө.
Том нууртай хотын захын айл байлаа. Маргааш нь хүү өглөө эрт загас барихаар нуур руу ганцаараа явж буцаж ирэхдээ хөрш зэргэлдээ айлын тав, зургаан хүүхдийг дагуулан ирээд гэрийнхээ үүдэнд арав орчим хэлмэг загас хувааж өгөв.
Гэртээ орвол эх, эгч хоёр нь уйлж байх. Хүргэн ах нь хүүг ажлынхаа нэг таньдаг шаварчныд хар бор ажил хийлгэхээр шийдсэн байсан тул өнөө орой хүүг авахаар ирэх болжээ. Эх нь айлд зарахаар явуулахдаа тулсан бол би хүүтэйгээ нутаг уруугаа харина гэж зүтгэв. Хүү шууд тэдний дэргэд ойртон очоод нарийхан гол дээгүүр хээв нэг годхийн харайн гардаг шигээ
- Тэгтлээ бүгд хэрүүл уруул хийн уйлаан майлаан болж байгаа бол би хаашаа ч хамаагүй ажиллахаар явна хэмээн огт тоосон шинжгүй өгүүлэв.
Эх юм хэлэлгүй чимээгүйхэн хүүгийнхээ оймсыг нөхөж эхлэв. Хүү ээжийнхээ дан кимоно, өөрийнхөө хувцас мөн одоо зуны улирал айсуй атал өвлийн оймсоо хүртэл тээшиндээ хийгээд ирсэн байлаа.
--------------------------
Тайлбар:
1. Аомори муж – Японы хойд зүгийн муж
2. Үэно буудал – Токио хотын хөдөө орон нутгийн чиглэлийн галт тэрэг ирж очих том буудлуудын нэг.
Кавабата Ясүнари, 1930 он, Япон
Орчуулсан Д. Алтанцэцэг 2016. 12. 4