Сингапур улс, тэр дундаа Сингапурын гайхамшигийн эцэг гэгддэг Лин Куан Ю хэмээх эрхэмтэй монголчууд бид хожуу танилцсан гэж хэлж болно. Тэр чухам ямар гайхамшигийг хэрхэн бүтээгээд, түүнийг нь дэлхий нийт юуны учир шагших болов?
Арал дээр тогтносон Сингапур хэмээх жижигхэн хот улс Дэлхийн II дайнаас өмнө Англи улсын колони байсан төдийгүй байгалийн баялаг байтугай ундны цэвэр ус ч үгүйн дээр дорой буурай, олон үндэстнээс бүрдэж байсан тул үндэстний эв нэгдэл, үнэт зүйл гэх зүйлгүй, бусад улсаас хараат байдалд байжээ. Тийм учраас хөрш зэргэлдээ Малайз, Индонез улсууд Сингапурыг эрхэндээ оруулахаар бүх талаар хичээх нь тодорхой байлаа. Харин Ли Куан Ю 1959 онд Сингапурын ерөнхий сайд болсноор энэ улсын ирээдүй хөгжлийн оргил өөд чиглэсэн юм. Өдгөө Сингапур эдийн засгийн хувьд Ази тивд төдийгүй дэлхий дахинд нөлөөлөхүйц жинтэй гэдэгтэй хүн бүхэн санал нийлэх биз ээ.
Монголын эдийн засаг, нийгмийн байдлыг сайжруулах, ард иргэдийн амьдрал ахуйг дээшлүүлэх асуудал хурцаар тавигдах болсон өнөө үед 60, 70 жилийн тэртээх буурай хөгжилтэй, ажил орлогогүй иргэдтэй Сингапур улс хэрхэн өөрийн онцлогийг мэдэрч, хөгжлийн оргилд хүрэх замдаа орсон тухай Ли Куан Югийн бишрэм түүх, дурдатгалаас монголчууд бидэнд суралцах зүйл их. Иймийн учир “Сингапурын хөгжлийн нууц (Гуравдагч ертөнцийн орон үсрэнгүй хөгжилд хүрсэн түүх: 1965-2000)” номыг монгол хэлээр гаргах эрэлт хэрэгцээ зайлшгүй хэмээн үзээд, номын орчуулгад ихэд анхаарал тавьж уншигчдад хүргэхийг эрхэм зорилгоо болголоо.
Томоохон улс төрийн зүтгэлтнүүд Ли Куан Ю хэмээх энэ эрхмийн алсын хараатай бодлого, хөгжлийн арга замыг тусгасан уг номыг бишрэн сайшааж буйгаа хэлсэн нь бий
. Тухайлбал, Японы ерөнхий сайд асан Киичи Миязава
“
Энэ бол бараг л ганцаараа зүтгэж, жижигхэн арлыг агуу улс болгосон хүний амьдралын түүх
…Энэ ном төр улсыг байгуулах талаарх дэлхийн анхны сурах бичиг
”
хэмээсэн бол Тайландын ерөнхий сайд асан Чуан Ликпай
“Ер бусын алсын хараатай, гайхамшигтай чадвартай хүн. Тэргүүн сайд Ли Куан Ю-г өнөөдрийн Сингапур улсын амжилтын түүхийн үндэс суурийг тавьсан гэж үзэх бүрэн үндэслэл бий. Азиас төрсөн хамгийн гарамгай удирдагчийн хувиар тэр Зүүн өмнөд Азийн улс орнуудын хооронд эдийн засгийн илүү ойр нягт харилцаа үүсэхэд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан юм. Түүний тун чадмагаар бичсэн энэхүү маш сонирхолтой намтар нь бүс нутгийн түүх, улс төрийг шинээр ойлгоход тусална”
гэжээ. Харин Малайзын сангийн сайд асан Дайм Заинуддин
“Ердийн нэг худалдааны боомт төдий байсан Сингапур улс Ли Куан Югийн алсын хараа, улс төрийн авхаалж, стратегийн ачаар л өнөөдөр бусад улсын хүндэтгэлийг хүлээсэн өндөр хөгжилтэй улс орон болж хөгжсөн билээ. Улс төр, эдийн засгийн хөгжил сонирхон судалдаг аливаа хүн, Ли Куан Югийн энэ намтарыг заавал уншвал зохино”
хэмээсэн буй.
Мөн АНУ-ын ерөнхийлөгч асан Жорж Буш, Их Британийн ерөнхий сайд асан Маргерет Тэтчер, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан тэргүүтэй үе үеийн нэр нөлөө бүхий улс төрчид Ли Куан Юг хүндэлж, биширч явдгаа илэрхийлсэн билээ.
Хуучин социалист ситем задран унаад гучаад жил болж буй энэ цаг үед барууны неолиберализмыг түгээх гэсэн оролдлогууд газар авчээ. Хүн төрөлхтний түүхийг барууны уламжлалт хандлагаар авч үзэх нь нэг бус үнэтэй санаа, үзэл баримтлалыг мартагдаж хаягдуулахад хүргэсэн байдаг. Тэдгээр үзэл санааг нийт хүн төрөлхтний үнэт зүйлс хэмээн цуцалтгүй сурталдаж, бусдад нялзааж байгаагаас харахад (90 оноос дэлхийн зуу гаруй орон сайн дураараа, эсвэл бусдаар тулгуулан засаглалын илүү ардчилсан хэлбэрт шилжжээ), тэдгээр нь цөөн хэдэн улс орон, ард түмнүүдийн сувдаг хомхой ашиг сонирхолд үйлчилдэг бөгөөд угтаа бол нийт хүн төрөлхтний сайн сайхныг биш харин өөрсдийн явцуу эрх ашгийг урьтал болгож байгаад бид эргэлзэхгүй байхын аргагүй болж байна. Неолиберализмыг өмгөөлөн хамгаалагчид хөгжил дэвшил, эрх чөлөөнд хүрэх зам цорын ганц хэмээн ятгаж буйд эргэлзэж буйгаа илэрхийлсэн, тэр тусмаа неолиберал онолын үндсэн санаанууд болон түүнийг бодитой хэрэгжүүлэх боломжтойд эргэлзсэн хүн бүхний дуу хоолойг хязгаарлаж, тэднийг хөгжил дэвшлийг хойш татагчид болгон харуулахыг хичээсээр байна.
Ли Куан Ю бол өөрийн гэсэн “гуравдагч” замаар хөгжих ёстой гэдэг үзэл бодлоо хэдэн арван жилийн турш тууштай хамгаалсаар ирсэн манай үеийн тоотой хэдхэн улс төрчдийн нэг. Харин неолиберализмын олон онолчид энэ санааг элэглэн шоолж, биелэх боломжгүй гэж үзсээр ирсэн. Дээрх үзэл баримтлалын мөн чанар нь нийгэмд бүрэлдэн буй болсон тодорхой түүхэн нөхцөл байдал, үндэсний болон шашин шүтлэг, соёлын онцлогуудыг сайтар тооцож; эдийн засгийн хөгжил дэвшлийг уламжлалт ёс суртахууны болон соёлын үнэт зүйлстэй хослуулж; хуучны цэцэн мэргэн ухааныг хийсвэр онолоос дээгүүр тавьж; эх оронч үзэл, авах гээхийн ухаан, бүтээлч байдлыг сурталжсан үзэл баримтлалаас чухалд үздэгт оршино. Энэ маягийн хандлагын бодит үр дүн Сингапур, Хонконг, Өмнөд Солонгос, Хятад, Тайваньд хэний ч нүдэнд тусахаар тодорхой харагдаж байна.
Сингапурын түүхэн хөгжлийг өгүүлсэн энэхүү номын агуулгыг урьдчилан дэлгэх нь зохимжгүй бөгөөд уншигч та бүхэн өөрсдөө шүүн тунгаах буй за. Ли Куан Ю бол ээдрээтэй, нэг янзаараа байдаггүй улс төрч бөгөөд хэрсүү уншигчид энэ номын мөрүүдээс ихийг мэдэж авах биз ээ. Хамгийн гол нь улс төрийн нөхцөл байдлыг цаг үргэлж өөрчилж байдаг ширүүн давалгаан дундах улс төрийн явуулга, нарийн түвэгтэй ажиллагаануудын цаана өөрийнх нь ажил үйлс зөв гэдэгт бат итгэсэн хүний эх орон, ард түмэндээ чин үнэнч сэтгэл, эрүүл саруул ухаан, өндөр ёс суртахуун, төрийн хар ухаан, улс төрч хүний төмөр мэт хатуу зориг байгааг уншигч та бүхэн түвэггүй олж харах болов уу.
Монгол улс 60, 70 жилийн тэртээх ядуу буурай Сингапурыг бодвол давуу тал, нөөц боломж хавьгүй ихтэй учир үүнээс ч илүү хурдацтай, гайхамшигт хөгжилд хүрэх цаг наашлаасай. Энэ ном тэр хөгжлийг бидэнд дөхүүлж, мөн бидний ийм түүх дурсамжын сайхан ном хорвоод мэндлэх өдрийг бага ч болов ойртуулах болтугай.
Сэтгэгдэл бичих