Нийтлэл 07 сарын 03, 2017

ЦАГААН СОНГОЛТ НЬ СОНГОГЧ БҮРИЙН ХУУЛИАР БАТАЛГААЖУУЛСАН ХУУЛЬ ЁСНЫ ЭРХ

Иргэд, залуучууд энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид болон намуудын гаргаж буй улс төрийн шийдвэрүүдэд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, улмаар Цагаан Сонголт хөдөлгөөнийг эхлүүлээд байна.

Цагаан Сонголт хөдөлгөөн бол анхан шатны санал хураалтад 18663 “Хэнийг ч дэмжээгүй” буюу нийтэд түгсэнээр “цагаан сонголт” хийсэн иргэдийн дундаас үүссэн хараат бус, ашгийн бус, аливаа байгууллага, улс төрийн хүчнээс хамааралгүй иргэд билээ.

Сонгуулийн тухай хуульд "Хэнийг ч дэмжихгүй" гэсэн сонголтыг баталгаажуулсан байдаг. Харамсалтай нь энэхүү хуулиар олгогдсон эрхийг иргэд сонгогчид бүх нийтээрээ таньж ойлгоогүй, Сонгуулийн ерөнхий хороо хуулийнхаа дагуу саналын хуудаст энэхүү сонголтыг огт оруулаагүй учраас иргэд бид сонгогчдод энэхүү эрхийг таниулах ажлыг үндсэн зорилгоо болгон ажиллаж байна.

Сүүлийн үед иргэдийн дунд сонгогчийн эрхийн асуудлаар буруу ташаа мэдээлэл түгээж, ойлголтын зөрүү газар авч байна. Санал дугуйлаагүй хоосон цагаан хуудас бол сонгуулийг гацаах, хууль бус ажиллагаа биш, 1996 оноос хойш хуульд туссан улс төрийн соёл, хууль ёсны эрх юм.

Түүнчлэн Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.9-т “Сонгогч нэг ч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тоолох ба энэ тохиолдолд уг саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст тооцно” гэж зааснаар цагаан хуудас өгөх нь “Сонгох нэр дэвшигч алга” гэдгээ тайван замаар илэрхийлэх сонголт болж байна.

Бид нийгэмд талцал тэмцэл, үймээн самуун, хүчирхийллийг сурталчилаагүй, харин сонгогчдын бие даан сонгох эрхийг хүндэтгэж хууль ёсны дагуу, тайван замаар, ёс суртахуунтай, үндэслэл нотолгоотойгоор үзэл бодлоо илэрхийлж буйгаараа энэ удаагийн сонгуульд улс төрийн намуудад үлгэр үзүүлэх зорилготой. Аливаа ардчилал төлөвшсөн улс орнуудад иргэдийн идэвх, эсэргүүцэл байгаагийн сайн дохио бол цагаан сонголт гэгддэг. Гэтэл ардчилсан Монгол Улсад иргэд хоорондоо эвлэлдэн нэгдэж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлснийхээ төлөө олон талын хардлага сэрдлэгэд өртөж, хараат бус иргэдийн хөдөлгөөнийг өөрсдөө санаачилсан мэт харагдуулах, улс төрийн зорилгодоо ашиглах явдал нэр дэвшигчдийн зүгээс гарч байгаад бид гүнээ харамсаж байна.

Цагаан сонголт хөдөлгөөн иргэд сонгогчдыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг цаг үргэлж уриалж байгаа бөгөөд гагцхүү хэнийг ч сонгохгүй байх нь хууль ёсны эрх гэдгийг дахин сануулж байна.

Эх сурвалж: Цагаан Сонголт

2017 оны 07-р сарын 03

Сэтгэгдэл бичих

arrow icon