Нийтлэл 07 сарын 04, 2017

ДЭЛХИЙ ЮУ УНШИЖ БАЙНА ВЭ? Монголын эзэнт гүрний соёлын солилцоо

Дэлхийн хамгийн анхны юниверсал түүхэн бүтээл “Судрын чуулган”-г бичсэн Рашид ад-дины тухай олон хүн мэддэг боловч уг бүтээлд чухал хувь нэмэр оруулсан нэгэн Монгол хүнийг төдийлөн мэддэггүй. Энэ бол цэргийн эрдэм, Хятадын соёлд суралцаж Монголын Юань гүрэнд өндөр албан тушаал хашиж байсан Болод хэмээх Монгол хүн юм. Тэрээр Юань гүрэнд хүчин зүтгээд зогсоогүй Ил хаант улсад элчин сайдаар очин Ил хаадад олон жилийн турш хүчин зүтгэсэн юм. Ингээд тэрээр Өрнө-Дорны харилцаа холбоонд ямар хувь нэмэр оруулсаныг тайлбарлан бичсэн Ингрид Пиллерийн өгүүллийг орчуулан хүргэж байна.

Рашид ад-дин

Ираны Солтание хот дахь Рашид ад-дины хөшөө (Эх сурвалж: Wikipedia)

Дээрх хоёроос Рашид ад-диныг Судрын чуулганаар нь хүмүүс илүү мэддэг бөгөөд түүнийг дэлхийн юниверсал түүхийг бичсэн “анхны” хүн гэж үздэг (Boyle 1971).

Рашид ад-дин НТ 1250 онд баруун хойд Ираны Хамаданы нутгийн еврей гэр бүлд төрсөн. Тэрээр 21 эсвэл 30 настайдаа (ялгаатай эх сурвалжууд байдаг; Kamola 2012 үзнэ үү)  Исламын шашинд итгэх болж тухайн үеийн Ираны удирдагч Ил хаан Абахайн (1265-81) ордонд эмчээр ажиллах болсон. Абахайн ач Ил хаан Газаны (1295-1304) үед тэрээр хааны зөвлөх (визир-хааны улс төрийн зөвлөх, сайд Орч.) болж төрд хамгийн их нөлөөтэй эрх мэдэлтнүүдийн нэг болсон юм. Мөн Газаны хүү, залгамжлагч Өлзийтд зүтгэж байсан. Өлзийт хаан (1304-16) нас барсны дараа 1317 онд тэрээр 70 орчим настайдаа ордны хуйвалдааны улмаас амиа алджээ.

Олон хаадын үед эмч, ордоны захирагч, цэргийн хэргийн ба генералын зөвлөх, хүнд хэцүү санхүү, хөдөө аж ахуйн шинэчлэлийг зохион байгуулагч цаашлаад өөрийн бүтээлээрээ дамжуулан Ил хаадын гол үзэл сурталч байсан. Товчоор хэлбэл Рашид ад-дин өөрийнхөө төлөө болон улсдаа зүтгэсэн томоохон эрх мэдэлтэн байжээ:

Тэрээр Ил Ханы газар нутгийн өнцөг булан бүрт их хэмжээний өмч эзэмдэг байв: Азербайжанд жимс, дарсны талбай, Өмнөд Иранд дал модны талбай, Баруун Анатолиад тариалангийн талбай эзэмдэг байв. Төрийн алба бараг бүхэлдээ түүний гэр бүлийн мэдэлд байв: түүний 14 хүүхдийн 8 нь аймгуудын захирагч байв. Үүнд Баруун Иран бүхэлдээ, Гүрж, Ирак болон өнөөгийн Туркын ихэнхи хэсэг багтаж байв. Түүний мэдэлд хувийн болон нийтийн хэрэгт зарцуулах их хэмжээний хөрөнгө байдаг байв. (Boyle 1971, х.20)

Болод

Иранаас зүүн зүгт хэдэн мянган километрийн цаана амьдардаг Болодын замнал Рашид ад-динтай их төстэй байв. Болод 1240-өөд оны үед Монголд төрсөн бөгөөд Рашид ад-динаас 10 насаар ах байв. Түүний аав 1204 онд Чингис хааны харъяанд орсон Монголын Дөрвөн овгийн Журхи гэдэг хүн байжээ. Журхи цэргийн албан хурдацтай дэвшиж зуутын дарга болохын зэрэгцээ хааны ордонд буурч буюу тогооч болсон аж. Тогооч гэхээр онцгой албан тушаал шиг сонсогдохгүй байж болох ч Монголын ордны системд энэ алба нь өндөр нэр хүндтэй, хаантай ойр харилцаатай байх боломж олгодог байв (Allsen 1996, х.8).

Аав нь дээрх албанд байсан учир бяцхан Болод найм эсвэл ес орчим насандаа Чингис хааны ач хүү Хубилай хаанд зүтгэх болов. Тэрээр цэргийн эрдэм, Хятад хэл, соёлд суралцжээ. Болод Юань гүрний ордонд амжилттай албан тушаал дэвшиж байв. Тэрээр нас ахих тусам ордны ёслолын үйл ажиллагаа зохион байгуулах, эзэнт гүрний албанд элссэн залуу Монголчуудыг сургах, төрийн шалгалтын байгууллагыг удирдах зэрэг үүрэг, даалгаваруудыг гүйцэтгэж эхлэв. Цаашлаад хамтран байгуулалцсан Газар тариалангийн товчооны дарга болж, цэргийн хэргийн шадар сайд, авилгын эсрэг шалгалтыг ахлах зэрэг ажлуудыг гүйцэтгэсэн. Хубилай хаантай олон төрлийн ажилд ойр ажиллаж байсан учир Хятадын Чинсан (гүйцэтгэх эрх мэдлийн хамгийн дээд албан тушаал Орч.) гэх цол авчээ.

1283 оны хавар Болодыг Ил хаадын улсад суух Хубилай хааны элчээр томилов. Хубилай хааны нийслэл Ханбаликаас (Даду буюу өнөөгийн Бээжин) Табриз дахь Ил Хааны ордон хүртэл нэг жилээс их хугацаанд аялан 1284 оны сүүлээр очжээ. Тэрээр 1285 онд Хятадад эргэж ирэх ёстой байсан ч сөргөлдөөний (Цагаадайн улс Юань гүрний хоорондын зөрчил даамжирсан учраас Орч.) улмаас буцаж чадсангүй. Ингээд амьдралынхаа үлдсэн 28 жилийг Иранд өнгөрөөжээ. Иранд элчин сайдын алба хаагаад зогсохгүй Ил хааны ахлах зөвлөхөөр ажиллаж эхлэв. Өлзийт хааны үед тэрээр гуравдугаар сайдаар томилогдон хэд хэдэн цэргийн ажиллагааны ложистикийг хариуцаж байв. 70 нас хүртлээ идэвхитэй ажиллаж 1313 онд хойд нутаг дахь армийг удирдаж байхдаа нас барсан юм.

Рашид ад-дины адилаар Болод нөлөө бүхий эрх мэдэлтэн байв. Тэрээр ганц улсад биш хоёр улсад хүчин зүтгэн өөрийгөө харуулж чадсан. Мөн Рашид ад-дины адилаар Болод өөрийн гэр бүлдээ ч ихээхэн хөрөнгө хурааж чаджээ.

Юань болон Ил хаадын ордны нөхцөл байдал

Рашид ад-дин болон Болод нар Ил хаадын ордонд уулзсан нь гарцаагүй. Гэхдээ тэд ямар нөхцөл байдлын улмаас уулзах болов?

Хубилайн дүү Мөнх хаан 1259 онд нас барсны дараа Чингис хааны бүтээсэн Монголын эзэнт гүрний нэгдэл бүр мөсөн задарч, Чингис хааны үр удмынхан өв залгамжлалын олон дайн хийх болов. Хубилай хааны Юань гүрэн Хятадад хүчтэй байв. Хүлэгүгийн Иранд байгуулсан Ил хаант улс Хубилай хааны бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөв. Энэ хоёр холбоотоноос гадна Төв Ази, Орос дахь Чингис хааны удмынхан Алтан орд зэрэг тусдаа хаант улсуудаа байгуулж байв. Янз бүрийн цаг үед эдгээр хаант улсууд эвсэж, сөргөлдөж байв, ялангуяа Хятад, Ирантай дайтаж байв.

Нүүдэлчин язгууртанууд суурин, газар тариалантай, эртний соёл иргэншилтэй ард түмнийг захирахад буюу Хятадад Юань, Иранд Ил хаад адил асуудлуудтай тулгарч байв: Нүүдэлчин дайчид нарийн төвөгтэй газар тариалангийн нийгмүүдийг хэрхэн удирдах вэ?

Хубилай хаан үүнд Хятадуудын дэмжлэг хэрэгтэй гэж аль эрт ойлгосон байжээ. Түүний Хятад хэлний чадвар хангалттай сайн биш байсан учир Хятад зөвлөхүүдтэй уулзахдаа хэлмэрчтэй хамт байдаг байв. Хэдийгээр тэрээр Хятад зөвлөхүүдэд найдаж байсан ч хамгийн чухал нь Болод шиг залуу Монголчуудын хос соёл, хэлний боловсролыг дэмжиж байв. Болод соёл дамнасан хандлагыг хөгжүүлж, “эзэнт гүрний Хан угсааны зөвлөхүүдийн саналуудыг байнга, идэвхитэй дэмждэг нь Хятадын соёл иргэншлийг хүндэтгэн биширдэгийг нь харуулж” байна (Allsen 1996, х.9).

Болод хэзээ, хаана Перс хэл сурсан нь тодорхойгүй. Гэвч Иран хүртэлх урт аялал болон тэнд байсан эхний хэдэн жилд Монголчуудын дор ажилладаг несторийн шашинтан хэлмэрч нарыг дагуулж явдаг байв. Хятад эх сурвалжуудад тэднийг Айшүэ, Перс эх сурвалжуудад Иса хелемчи (Есүсийн хэлмэрч) гэдэг байв (Takahashi 2014, x.43).

Хэлмэрчид ямар чадвартай байсан нь тодорхойгүй. Ил хаант улсад хэлний нөхцөл байдал Юаний ордоноос илүү ярвигтай байв.

Ил хаан Газан Монгол, Түрэг хэлийг илүүд үздэг байсан. Мөн тэрээр ордондоо Перс, Араб хэлээр ярих дуртай байв. Цаашлаад тэрээр Хинду, Кашмир, Төвд, Франк хэл болон “бусад олон хэл” мэддэг байв (Amitai-Preiss 1996, x.27).

Ил хаант улсын газрын зураг, 1256-1353 он (Эх сурвалж: Wikipedia)

Рашид ад-дин Перс, Араб, Еврей хэлээр бичдэг байсан. Түүний бичлэгийн хэлбэрээс харвал тэрээр Монгол, Түрэг, Хятад хэлний талаар бага сага мэддэг байсан нь харагддаг (Findley 2004, x.92).

Дүгнээд хэлбэл Монголын нүүдэлчин байлдан дагуулагчид цэргийн хувьд давуу талтай байсан ч нэгтгэсэн эзэнт улсын оршин тогтнолын төлөө Хятад, Иран зэрэг эртний суурин иргэншилтэй соёлын харилцаатай болж байв. Үүнийг тэд шинэ “соёлтой” ангийг бий болгон хийж байв. Энэ ангид Болод шиг Монгол хүмүүсийг авч хос хэл, соёлд сургана эсвэл Рашид ад дин шиг тухайн нутгаас элсүүлнэ. Үүний хоёр дахь хэлбэр нь илүү түгээмэл байсан. Яагаад гэвэл нүүдэлчид хэл, соёлоо Хятад эсвэл Иранд тулган нутагшуулаагүй билээ.

Өрнө Дорны нэгдэл

Болод болон Рашид ад-дин хоёр нүүдэлчин байлдан дагуулагч ба эзлэгдсэн суурин нийгмүүдийн хоорондын харилцааг зохицуулах “ганц” ажлыг хийгээгүй. Тэдний нөхөрлөл бол Дорно ба Баруун Азийн бат харилцаа холбооны илэрхийлэл байв.

Тэдний нөхөрлөл энэ солилцооны чухал холбоо байсан нь маргаангүй. Оюунлаг, эрч хүчтэй Рашид ад-дины хувьд Болод бол эзэнт гүрний соёлыг системтэй ашиглаж, бүрэн мэдэрсэн суурин амьдралтай цөөн Монголчуудын нэг байсан юм (Allsen 1996, x.12).

Судрын чуулган бол тэдний харилцааны дээд илрэл юм. Энэ түүхэн судар бол Ислам, Энэтхэг, Еврей, Франк, Хятад, Түрэг, Монголчуудын эзэнт гүрнийг багтаасан дэлхийн түүхийг бичих гэсэн анхны оролдлого юм. Бидний мэдэх 13-р зуун хүртэлх Төв Азийн түүхийн үлэмж хэсэг Судрын чуулганаас үүдэлтэй. Энэ бүтээл өргөн хэмжээний хамтын ажиллагаагүйгээр бүтэх боломжгүй байв. Рашид ад-дины хэлсэнээр Болодтой “Түрэг овгуудын угсаа гарвал, тэдний түүх, ялангуяа Монголчуудын тухай мэдлэгээр зэрэгцэх” нэгэн байхгүй гэжээ (Allsen 1996, x.13 номоос эшлэв).

Дээрхээс гадна алга болсон Алтан дэвтэр гэх Монголын түүхийн эх сурвалжаас Болод тодорхой мэдээллүүдийг орчуулдаг байв. Монгол угсааны бус хүмүүс Алтан дэвтэрийг үзэх хориотой байв. Рашид ад-дин энэ үед тэд хэрхэн хамтарч ажиллаж байсныг тайлбарласан байдаг: Болод өндөр албан тушаалтай Монгол хүний хувьд Алтан дэвтэрээс хэрэгцээтэй мэдээллүүд цуглуулан дараа нь “ажилдаа орох өдрийн өглөө нь” Рашид ад-динд Перс орчуулгыг нь дамжуулдаг байжээ (Allsen 1996, x.13).

Ил хаан Хүлэгү несторын шашинт хатан Докузын (Тогос) хамт сууж буйг Судрын чуулганд дүрсэлжээ (Эх сурвалж: Wikipedia)

Энэ хоёр хүний арвин туршлага, өргөн сонирхлыг харгалзаж үзвэл тэдний хамтын ажиллагаа зөвхөн түүхээр хязгаарлагдаагүй аж. Тэдгээрээс газар тариалангийн салбар хамгийн гол салбар байв. Рашид ад-дин газар тариалангийн тухай бичвэр үлдээсэн байдаг ба тэнд тодорхой хэмжээний Хятадын соёлын нөлөө байдаг (Allsen 1996, x.14). Тухайн цаг үед Газан хааны зарлигаар Табризд Хятад, Энэтхэгээс авчирсан үрийг ашиглан газар тариалангийн жишээ ферм байгуулагдсан байв. Хэдийгээр шинэ сорт хэрхэн гаргасан тухай нарийн мэдээлэл түүхийн тоосонд дарагдан алга болсон ч “Хятад газар тариалангийн тухай мэдлэг Иран руу дамжсан үүний гол холбогч нь Болод байсан гэдэгт итгэлтэй байж болно” (Allsen 1996, x.15).

Тэд Иранд цаасан мөнгө нэвтрүүлэхээр хамтран ажилласан (тухайн үед Хятадад л барлан хэвлэх аргыг ашигладаг байсан). Эм зүйн бичвэр орчуулах, Табризд Рашид Ад Диний байгуулсан эмнэлэгт Хятад эм хэрэглэх зэрэгт мөн хамтарчээ. Эдгээрээс гадна хоолыг мартаж болохгүй. Тодруулбал Рашид ад-дин Хятад хоолонд дурлаж, гэртээ Хятад тогоочтой байв.

Болод болон Рашид ад-дины дотно нөхөрлөл бол соёлын үлэмж ялгаатай хүмүүсийн харилцааны түүх юм. Тэдний өргөн сонирхол, шинэ соёлын хандлага нь Азийн соёлуудын нэгдэлд үлэмж хувь нэмэр оруулсан. Үр дүнд нь амьдралын янз бүрийн хүрээнд шинэ соёл нэвтэрсэн. Үүнийг 1946-1969 онд Британий музейн Дорнын үзмэрүүдийг харгалзагч Басил Грэй (Basil Gray) ингэж тайлбарласан байдаг:

Монголын байлдан дагуулалтаас өмнөх үеийн Персийн түүхэн уран зургуудыг харвал тэдгээр зургууд уран тансаг, үзэмжтэй байгаагүй нэгэн парадоксыг ойлгох болно. Монголын байлдан дагуулалт Персийн уран зургийг Хятадын уран зурагтай холбож өгсөнөөр онцгой содон чанарыг бий болгожээ. Энэ бол нууцлаг аргаар бүтээсэн бусад урлагийн бүтээлүүдээс Персийн гоц чадварыг чөлөөлсөн явдал юм... Рашидиягийн “ордны хэв маяг” (Табризд Рашид ад-дины зохиосон гар бичвэрийн хэв маяг) бол Хятадын урлаг Иранд нэвтэрсний хамгийн тод жишээ юм. Энэ нь зөвхөн Хятад агуулгыг тухай асуудал биш бас Хятадын үзэл санааг нутагшуулсан тухай асуудал мөн. [Robinson 1980, x.212 номоос эшлэв]

Энэтхэг болон Хятадын дунд орших уулсыг Судрын чуулганд дүрсэлсэн байдал (Эх сурвалж: Wikipedia)

Монголын эзэнт гүрний бүтээсэн Өрнө-Дорны нэгдэл нэг чиглэлтэй урсгал байгаагүй. Болодын нэр нь Персийн пулад (“ган”) гэсэн үгний Монгол хувилбар юм.

Орчуулсан: Ш.Билгүүн

Эх сурвалж: www.languageonthemove.com

 

Ашигласан эх сурвалж

Allsen, T. T. (1996). Biography of a Cultural Broker, Bolad Ch’eng-Hsiang in China and Iran. In J. Raby & T. Fitzherbert (Eds.), The Court of the Il-Khans, 1290-1340 (pp. 7-22). Oxford: Oxford University Press.

Amitai-Preiss, R. (1996). New Material from the Mamluk Sources for the Biography of Rashid Al-Din. In J. Raby & T. Fitzherbert (Eds.), The Court of the Il-Khans, 1290-1340 (pp. 23-37). Oxford: Oxford University Press.

Boyle, J. (1971). Rashīd al-Dīn: The First World Historian Iran, 9, 19-26 DOI: 10.2307/4300435

Findley, C. V. (2004). The Turks in World History. New York and Oxford: Oxford University Press.

Fuchs, W. (1946). Analecta: Zur mongolischen Uebersetzungsliteratur der Yuan-Zeit. Monumenta Serica, 11, 33-64.

Kamola, S. (2012). The Mongol Īlkhāns and Their Vizier Rashīd Al-Dīn. Iranian Studies, 45(5), 717-721. doi: 10.1080/00210862.2012.702557

Robinson, B. W. (1980). Rashid Al-Din’s World History: The Significance of the Miniatures. The Journal of the Royal Asiatic Society of Great Britain and Ireland 112(2), 212-222.

Takahashi, H. (2014). Syriac as a Vehicle for Transmission of Knowledge across Borders of Empires Horizons, 5(1), 29-52.

Сэтгэгдэл бичих

arrow icon