Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Авлигатай тэмцэх газрын дарга тэргүүн комиссар Х.Энхжаргал, дэд дарга эрхэлсэн комиссар Ц.Нямдорж нарыг хүлээн авч уулзаж, сүүлийн жил гаруй хугацаанд олон нийтийн анхаарлыг татаад байгаа “60 тэрбумын” асуудлыг шалгах явц удаашралтай байгааг шүүмжилж, Монгол Улсын төрийн албан тушаалыг наймаалах сэдэв бүхий асуудлаар ярилцсан уг баримтад нухацтай хандахыг онцлон сануулав. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байх үедээ өнгөрсөн зургадугаар сарын 5-нд уг асуудлыг шалгуулахаар АТГ-т хандсан албан бичгийг өөрийн биеэр хүргэж байсан юм. Өнөөдрийг хүртэл уг албан бичигт ямар нэгэн хариу өгөөгүй байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч уулзалтын үеэр анхааруулж асуулаа.
Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй уг 90 минутын бичлэгийн турш илтгэл тавьж, мэдээлэл хийж байсан, гэтэл 2016 оны УИХ, орон нутгийн сонгууль дуусмагц төрийн өндөр албан тушаалд шууд очсоныг АТГ яагаад шалгахгүй байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тодруулан асууж байлаа. Мөн энэ асуудал нь олон улс дахь Монголын нэр хүндэд сөргөөр нөлөөлнө гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч онцлон анхааруулав.
Уулзалтын үеэр АТГ-ын удирдлагууд 60 тэрбум төгрөгөөр Монгол Улсын төрийн албан тушаалыг арилжих, санал тоолох машиныг хакердах зэрэг маш ноцтой асуудлаар ярилцсан 90 минутын бичлэгийг олон нийтэд ил болгосон хамгийн гол гэрч болох Г.Доржзодовыг нэг ч удаа байцаагаагүй гэдгээ хэллээ.
Энэ асуудлаар нэн даруй хариу өгөхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын удирдлагаас шаардлаа.
Мэдээний дүрсийг доорх хаягаар үзнэ үү.
Эх сурвалж: www.president.mn
Сэтгэгдэл бичих