Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Анхдугаар зөвлөлдөх санал асуулгын тайланг үндэслэн Зөвлөлдөх зөвлөлөөс УИХ-д гаргасан зөвлөмжийн дагуу Ажлын хэсгээс боловсруулсан төслийг бүх нийтээр хэлэлцүүлэхээр болсон билээ. Энэ хүрээнд өнөөдөр (2017.07.24) Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх Ажлын хэсэг хуралдлаа.
Ажлын хэсгийн хуралд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэх ажлыг улс, орон нутгийн хэмжээнд зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Зохион байгуулалтын Ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон болон УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын ХЭГ-ын удирдлагууд, УИХ-ын байнгын хороодын ахлах зөвлөхүүд зэрэг албаны төлөөлөл оролцсон юм.
УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан хурлын эхэнд хийсэн мэдээлэлдээ:
-УИХ-аас “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай” тогтоолыг баталсан. Энэ тогтоолд 06 дугаар сарын 05-наас 09 дүгээр сарын 10-ныг дуустал олон нийтийн дунд хэлэлцүүлэг явуулахаар заасан.
Тогтоолын төсөл ёсчлогдож, Ерөнхийлөгчийн хоригийн хугацаа дууссан мөчид буюу 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Төрийн мэдээлэл” болон бусад сонин, сайтуудад Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нийтлэгдсэн. Үүнээс хойш иргэд саналаа ирүүлж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр байр сууриа илэрхийлсээр байна.
Иргэдийн саналыг урсгалаар нь авахаас гадна улс, орон нутгийн хэмжээнд нэгдмэл зохион байгуулалттайгаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах шаардлагатай гэж Ажлын хэсэг үзсэн. Ийм учраас 06 дугаар сарын эхээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, саналаа ирүүлэх албан тоотыг бүх төрийн байгууллага, улс төрийн намууд, хууль зүйн сургуулиуд, аймаг, нийслэлийн ИТХ, Засаг дарга, иргэний нийгмийн байгууллагуудад хүргүүлсэн.
Мөн энэ сарын 18-ны өдөр 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн төлөөллийг оролцуулсан цахим хурлыг зохион байгууллаа. Энэ үеэр аймаг, нийслэлийн дүүргүүдэд хийгдэж буй ажлын явцын талаарх мэдээллийг сонссон.
Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт 21 аймгийн засаг захиргааны байгууллагуудын төлөөллийг хамруулж, сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулсан юм. УИХ-ын Тамгын газраас 8 баг гаргаж, 07 дугаар сарын 31-нээс эхлэн 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлнэ. Хэлэлцүүлэг хийснээр энэ ажил хязгаарлагдахгүй. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Байнгын хороодоор хэлэлцэх, өргөн мэдүүлэх, чуулганаар хэлэлцэх, Ард нийтийн санал асуулга явуулах зэрэг ажил тасралтгүй үргэлжилнэ.
Цахимаар иргэдийн саналыг авч байгаа. http://forum.parliament.mn/projects/171 сайтаар орж саналаа өгөх боломжтой гэв.
Тэрбээр дараа нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэдийн саналыг авах, хэлэлцүүлэг зохион байгуулах журмын талаар танилцууллаа. Журамд хэлэлцүүлэгт оролцогсдод урьдчилсан болзол тавихгүй байх, хэлэлцүүлэг олон нийтэд нээлттэй байх, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны төлөөллийг бүрэн хамруулсан байх, оролцогчдын үндэс угсаа, хэл, нас, хүйс, нийгмийн байдал, ажил, албан тушаал, боловсролын тэнцвэртэй харьцааг хангасан байх, хэлэлцүүлгийн үр дүнг үндэслэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд саналуудыг тусгах, эсэхийг төслийг боловсруулах Ажлын хэсэг шийдвэрлэх зэрэг зарчмууд багтжээ.
Ажлын хэсгийн хурлын үеэр УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар зохион байгуулалтын асуудлаар мэдээлэл хийж, үүрэг даалгавар өгөв.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
LAM LUNDEE BUMBUG SHIG BUURIINHUULUUD YU HUTSAV