Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Польшийн нийслэл Варшав хотод эхэлсэн жагсаал үргэлжилж байна. Польшийн ард түмэн шүүхийн бие даасан байдал, ардчиллыг хамгаалахыг хүсэж байна.
Өнгөрсөн пүрэв гарагт Польшийн парламент Дээд шүүхийн 87 гишүүнийг огцруулан парламентаас шинээр томилох зохицуулалт бүхий хууль баталсан нь олны эсэргүүцлийг дагуулаад байгаа юм. Цаашлаад энэ хуульд дээд шүүхийн 87 гишүүний тоог 31 хүртэл бууруулах, шүүгчээр томилогдох босгыг бууруулсан зэрэг зохицуулалтууд багтжээ. Гэхдээ энэ хууль хараахан хүчин төгөлдөр болж амжаагүй байгаа бөгөөд Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсанаар баталгаажих ёстой. Тийм ч учраас жагсагчид Ерөнхийлөгчийн ордны гадаа хуульд хориг тавихыг шаардан жагсаж байгаа аж. Хэрвээ энэ хууль батлагдвал Польшийн парламентын олонх буюу “Хууль, Шударга ёс” нам Ерөнхий прокурор, Дээд шүүхийн шүүгч нарыг томилох боломжтой
болох юм. Польшийн TVN телевизийн судалгаагаар судалгаанд хамрагдсан хүмүүсийн 55% нь Ерөнхийлөгчийг хориг тавихыг хүссэн бол 29% нь дэмжиж гарын үсэг зурах хэрэгтэй гэжээ.
2015 онд болсон Польшийн парламент сонгуулиар “Хууль, Шударга ёс” нам нийт парламентын суудлын 51%-ийг авч ялалт байгуулсан. Тус намыг олонх болсноос хойш Марта Лемпарт нарын нийгмийн идэвхитэй бүлэг эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулсаар байгаа бөгөөд одоо болж буй жагсаалын зохион байгуулж байна. Тэрээр дээрх хуулийг батлагдсан талаар: “Бид ялагдсан. Бид Барууны, Европын шүүхийн системтэй байхаа больж байна. Бид Дорнын, коммунизмийн үеийн шүүхийн системтэй болж байна.” гэжээ. Хэдийгээр нэгэн судалгааны дагуу Польшуудын 63% нь Польшийн шүүхийн систем шинэчлэгдэх хэрэгтэй гэсэн
ч одоогийн парламентын шийдвэрийг дагахыг хүсэхгүй байгаа аж.
Варшавт эхэлсэн жагсаалаас хойш жагсагчдын тоо өдөр ирэх бүр нэмэгдэж, Польш даяар эсэргүүцлээ илэрхийлсээр байна. Жиргээчид дээрх үйл явдлын талаар #PolandDefendDemocracy гэсэн хаштагтай жиргэж байна.
Marcin Geottig “Польшийн парламент зуны амралтын есөн хоногт олон нийттэй зөвлөлдөлгүйгээр улс орны хувьд чухал хууль баталлаа.” гэв.
Guy Verhofstadt “Польш ардчилсан, Европын Холбооны нэг хэсэг байвал хүчтэй, хөгжил дэвшилтэй байна гэдгийг Польшууд мэднэ. Тийм учраас тэд хэзээ ч бууж өгөхгүй.” гэжээ.
Christian Davies “Коммунист агентууд л биднийг эсэргүүцэж буй гэсэн Засгийн газрын суртал ухуулгыг 1990-ээд оны сүүлээр төрсөн Польшууд тохуурхал гэж байна. Энэ явдал урт хугацааны үр нөлөөтэй.” гэж жиргэжээ.
Martin Mycielski “Люксембург дэх Польшийн элчин сайдын яамны гадаа Польшууд ардчиллыг дэмжин жагсаж байна. Үүнээс гадна Польшийн болон гадны 100-аас илүү тооны хотуудад Польшууд жагсаалыг дэмжиж байна.” хэмээн зургийн хамт жиргэжээ.
Sven Krohlas Варшавт тарааж буй жагсаалд уриалсан ухуулах хуудсын зургийг харуулж байна.
Сэтгэгдэл бичих