Нийтлэл 07 сарын 31, 2017

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчтэй холбоотой хоёр эрхийг л болиулсан

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар өөрийн фээсбүүк хуудсаараа дамжуулан иргэд, олон нийтэд мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ, миний бие Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжсэн юмуу эсэргүүцсэн асуудал байхгүй гагцхүү иргэд Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудалд нухацтай хандаж, Үндсэн хуулийн яг ямар зүйл заалт нь яаж өөрчлөгдөж байгааг хооронд нь харьцуулж, мэдээлэл сайтай байгаасай гэсэндээ энэхүү мэдээллийг өглөө гэж байрь сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Үндсэн хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хаан боогдуулах зорилготой МАН-ын бор шувуу мэтээр яриад үүний эсрэг АН-ынхан мэдэгдэл хийсэн гэж ярьж байна. Гэхдээ яг бодитоор аваад үзвэл МУ-ын Үндсэн хуулийг өөрчилье гэдэг санаа бүр 2000 оноос эхлэлтэй гэж хэлж болно. Яагаад гэвэл 2000 онд Үндсэн хуулийн 22.2, 24.1, 27.2, 27.6, 29.1, 33.1, 39.2 гэсэн заалтыг тухайн үеийн МАХН 72 суудалтай байхдаа энэ долоон заалтыг өөрчилсөн. Энэ долоон заалтыг өөрчлөхдөө дордохын долоон заалт гээд зарим нь хэлдэг.

Одоо Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ямар заалтуудыг өөрчлөх гэж байгаа вэ?

21 дүгээр зүйл

Сонгуулийн тогтолцоо гэдэг үгийг хуучин Үндсэн хуулинд юу гэж заасан бэ гэхээр УИХ сонгуулийн журмыг батална гэдэг байсан. Сонгуулийн журам гэдэг бол яаж сонгууль хийх вэ гэдэг тоглоомын дүрмээ батална гэсэн үг. Тогтолцоонд өөрчлөлт хийх ёсгүй гэсэн үг. Бид өмнө нь томсгосон тогтолцоогоор, жижигрүүлснээр, холимогоор янз бүрээр долоон удаа сонгууль явуулсан. Тэгвэл сая журам гэдэг үгийн өмнө Тогтолцоо журмыг УИХ батална гэж оруулсан. Өөрөөр хэлбэл 2020 оны сонгууль, 2024 оны сонгуулийн тогтолцоо ямар явах вэ гэдэг УИХ-ын эрх мэдлийн асуудал болно. Цөөн үгээр хэлбэл нөхцөл байдалдаа тааруулж хууль өөрчлөх гэж ойлгож болно.

25 дугаар зүйлийн 1 дэх хэсэг

Хуучин УИХ нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, гүйцэтгэлийн тайланг баталдаг байсан. Одоо юу гэж өөрчлөлт оруулах гэж байгаа гэхээр УИХ-ын төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газраас санал авалгүйгээр зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглоно. Өөрөөр хэлбэл аливаа төсвийн тодотголыг зөвхөн Засгийн газраас санал авж байж шийдвэрлэнэ гэсэн заалт оруулсан. Энэ бол нэг талдаа дэвшилттэй байж магадгүй.

22 дугаар зүйл

УИХ яаж тарах вэ гэдэг процессыг зааж өгсөн. Хуучин бол УИХ-ын гишүүдийн гуравны хоёр  нь бид ажлаа хийж чадахгүй байна гэж өөрсдөө хэлээд, гарын үсэг зураад Ерөнхийлөгч юмуу УИХ-ын даргад өгөөд энэ хоёр субъект нь хоорондоо зөвшилцөж байгаад тогтоол оруулаад УИХ-ыг тараа гэдэг бичиг өгч байж УИХ тардаг байсан. Одоо бол Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын даргад хоёр үндэслэлээр шууд хэлэх юм байна. Нэгдүгээрт, УИХ ажлаа хийж чадахгүй байна, тарааж өгөөч гэсэн бичиг өгнө.

Хоёрдугаарт, Анхдугаар чуулган хуралдаад 30 хоног болж байхад УИХ бүтцээ баталж чадахгүй бол, эсвэл Ерөнхий сайдын бүрэн эрх дуусгавар болоод Ерөнхий сайдыг огцруулсны дараа 21 хоногийн дотор дахиад шинэ Ерөнхий сайдыг томилоогүй бол мөн адил огцруулна.

25 дугаар зүйл

25 дугаар зүйл дээр өөрчлөлт биш нэмэлт орох гэж байгаа гэж харж байна. Хууль, УИХ-ын бусад шийдвэрийг хянах, мөн төрийн өмчит компанийг хянах, төрийн тусгай хяналтын байгууллага бий болгох. Өөрөөр хэлбэл УИХ дахиад 25 дугаар зүйл дээрээ онцгой эрхт комисс гэдэг шинэ хяналтын бүтэцтэй болохоор нэмэлт оруулж байгаа юм.

27 дугаар зүйлийн 2 дахь хэсэг

УИХ-ын гишүүдийн хэзээ, хэдэн удаа хуралдах вэ гэдгийг заасан зүйл заалт юм. УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутамд нэг удаа 50-иас доошгүй хуралдана гэдэг үгийг өөрчилж байгаа юм. Өөрчлөлтөөр УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутамд нэг удаа 75-аас доошгүй удаа ажлын өдөр чуулна гэсэн заалтыг оруулж байна.

27 дугаар зүйлийн 6 дахь хэсэг

Ирцтэй холбоотой асуудал. Энэ зүйл заалтаар бусдын өмнөөс кноп дардаг асуудлыг цэгцлэх юм.

26 дугаар зүйлийн 1 дэх хэсэг

Ард түмний хамгийн их сонирхож байгаа асуудал бол Монгол Улсын Ерөнхийлөгчтэй холбоотой заалт байгаа билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн 26 дугаар зүйл дээр тодорхой заасан байдаг. 26 дугаар зүйл дээр тодорхой заасан байгаа зүйлийг 2000 онд МАХН 72 суудал аваад салбар хуулиудад өөрчлөлт оруулсаар байгаад 2005-2009 оны хооронд Монгол Улсын Ерөнхийлөгч нь онцгой бүрэн эрхтэй болсон байсан. Харин одоо энэ заалтыг өөрчлөх зүйл нь зөвхөн МАН-ын гэж хэлмээргүй байна.

Нэгдүгээрт, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрхтэй гэсэн байгаа юм. Тэгвэл одоо УИХ, Засгийн газар хууль санаачлана. Ерөнхийлөгч хууль санаачлах эрхгүй болох юм.

Хоёрдугаарт, Ерөнхийлөгч нь өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн Газарт чиглэл өгсөн Ерөнхийлөгчийн зарлиг гаргадаг байсан. Тэгвэл одоо тэр эрхийг нь болиулсан байгаа юм.

39 дүгээр зүйл

Засгийн газар нь Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ гэж үг байсан. Тэгвэл одоо Засгийн газар нь Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ гэдэг хэвээрээ. Дээр нь нэмж Ерөнхий сайд болон Засгийн газрын нийт гишүүний гуравны нэг нь УИХ-ын гишүүн байж болно. Өөрөөр хэлбэл "Давхар дээл"-ний асуудлаа Үндсэн хуулин дээр гуравны нэг гээд тодорхой оруулсан байна. 

39 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг

Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайд өргөн мэдүүлснээр УИХ хүн бүрээр нь томилно гэсэн үг байсан. Харин өөрчлөлтөөр Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг томилсон, чөлөөлсөн, огцруулсан шийдвэрийг Ерөнхийлөгч болон УИХ-д танилцуулснаас хойш Ерөнхийлөгч 72 цагийн дотор уг шийдвэрийг батламжилна гэж оруулжээ.  

46 дугаар зүйл

Монгол Улсын яам бусад албан газрыг хуулийн дагуу байгуулна гэдэг эрх байсан. Тэгвэл 46 дугаар зүйл дээр Монгол Улсын яам төрийн бусад албан газрыг хуулийн дагуу байгуулна гэдэг үг хэвээрээ. Нэмэлтээр Засгийн газар нь  доор дурдсан яамтай байна гээд 5 яамыг тодорхой заасан.

- Хууль зүй, дотоод хэргийн яам

- Сангийн яам

- Гадаад хэргийн яам

- Батлан хамгаалахын яам

- Байгаль орчины яам  

Дээр нь Ерөнхий сайд нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн чиглэлийн дагуу нийт 7 хүртэл яамтай байна. Нийлээд 12-оос дээш яам байж болохгүй гээд хатуу заасан байна. Өөрөөр хэлбэл 12-оос дээш яамгүй болж байгаа юм байна гэж ойлгож болно.

46 дугаар зүйлийн 3 дахь хэсэг

Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтооно гэж заасан байсныг төрийн албаны төв байгууллагыг хараат бус байдал, үйл ажиллагааны эрх зүйн үндэс, төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтооно гэж тодорхой заасан байна. Мөн төрийн жинхэнэ албанд мэргэшсэн, тогтвортой байх, шатлан дэвших зарчимд үндэслэнэ гэж заасан байна. Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр болон хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас халах, чөлөөлөхийг хориглоно гэж заажээ. Өөрөөр хэлбэл халагдсан хүн бол шүүхээр явахаас гадна Үндсэн хуулийн цэцэд хандах боломж нь нээгдэж байгаа юм байна.

49 дүгээр зүйл

Шүүх эрх мэдлийг өөрчилнө гэж байгаа юм байна. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл гэж байсан бол Үндсэн хуулийн өөрчлөлт дээр шүүхийн ерөнхий зөвлөлийг 11 гишүүнээс бүрдэнэ гээд тоог нь тодорхой заасан байна. Хоёрдугаарт, шүүхийн ерөнхий зөвлөлөөс улсын дээд шүүхийн шүүгчдийг УИХ-д танилцуулснаар Улсын шүүхийн шүүгчдийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор Ерөнхийлөгч томилдог байсан. Ерөнхийлөгч шүүгчийг томилдог байсныг батламжилдаг болгон өөрчилсөн байгаа юм.

51 дүгээр зүйл

Хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан МУ-ын 40 нас хүрсэн иргэнийг Монгол Улсын  дээд шүүхийн шүүгчээр, хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан Монгол Улсын 30 нас хүрсэн иргэнийг бусад шүүгчээр томилно гэж заасан байна.

57 дугаар зүйл

МУ-ын нутаг дэвсгэр, засаг захиргааны хувьд аймаг, нийслэл, хот гэж гурван статустай болсон байна. Сум нь баг болон тосгонд, нийслэл нь дүүрэг, дүүрэг нь хороонд, хот нь шууд хороонд хуваагдана гэж байгаа юм байна.

 

 

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2017-08-01

    Ү_ндсэн хуулиар парламентын тогтолцоог эргэлт буцалтгүй сонгосон болохоор жинэхэн сонгодог парламентын улс байхын тулд ЕСайдын эрх мэдлийг өргөтгөж, Ерөнхийлөгчийн эрх үүргийг эрс багасгах , ер нь байхгүй байсан ч болно ш дээ. УИХ нь ард түмнээ төлөөлж ЗГ-таа хяналт тавьж , үүрэг чиглэл өгөөд явж байна биз. ЗГ нь ялсан намын бодлогыг хэрэгжүүлээд аж ахуйгаа хөтөлж удирдаад байх нь зүйтэй. Ерөнхийлөгч гэгч хүнийг ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч гэдэг утгаар нь УИХ / энэ чинь ард түмний төлөөлөлийн байгуулага/-аас томилж болно. Гадаад дотоодод ард түмнээ төлөөлөөд , дотроо эвтэй байлгах үүрэг хүлээгээд ҮАБЗ-өө удирдаад явж байхад яг болно.

arrow icon