Нийтлэл 08 сарын 07, 2017

Чагтлагдсан сэдэв: НҮБ-ЫН АЮУЛГҮЙН ЗӨВЛӨЛ ХОЙД СОЛОНГОСЫН ЭСРЭГ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ АВЛАА

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээ авах тогтоолыг баталлаа. Уг тогтоолоор Хойд Солонгосын нүүрс, төмөр, төмрийн хүдэр болон хар тугалга, далайн гаралтай бүтээгдэхүүнийг импортлохыг хориглосон байна. Энэ хориг арга хэмжээний улмаас Хойд Солонгос түүхий эдийн экспортынхоо 1/3 буюу 1 тэрбум орчим ам.долларын орлогоо алдана гэж НҮБ-ын Аюулгүйн зөвлөл тооцоолж байгаа аж.

Энэ удаагийн хориг арга хэмжээ нь Хойд Солонгосын эсрэг найм дахь хориг арга хэмжээ бөгөөд өнгөрсөн долдугаар сард харвасан тив алгасах хоёр баллистик пуужингийн хариуд хориг арга хэмжээг баталсан байна.

Энэ тогтоолын талаар БНХАУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Лю Зеи “Энэ тогтоол бол дипломат арга замаар асуудлыг шийдвэрлэх зорилготой зургаан талт хэлэлцээг сэргээх зорилготой” гэсэн бол ОХУ-ын төлөөлөгч Василий Небензя “Зургаан талт хэлэлцээг сэргээх нь Хойд Солонгостой холбоотой асуудлыг шийдвэрлэх гарц мөн.” гэж мэдэгдсэн байна.

CGTN БНХАУ-ын Гадаад хэргийн яамны сайд Ван И болон Хойд Солонгосын Гадаад хэргийн яамны сайд Ри Ёнг Хо нар Филиппинд болсон “АСЕАН”-ы орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр албан уулзалт хийхдээ НҮБ-ын хориг арга хэмжээг дагаж мөрдөхийг хүссэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 100%-ийн саналаар Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээг баталлаа. Хятад, Орос бидэнтэй ижил саналаа өгсөн. Маш хүчтэй санхүүгийн нөлөө болно.” хэмээн жиргэжээ.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хурлын үеэр Их Британий төлөөлөгч “Хойд Солонгос нэг бүс нутагт эсвэл нэг улсад тулгарсан аюул биш. Харин бид бүгдэд тулгарсан аюул юм.” гэж мэдэгджээ.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дэх Швед улсын төлөөлөгч “Санкциуд БНАСАУ дахь нөхцөл байдлыг бүрэн шийдвэрлэхгүй. Тогтвортой шийдэлд хүргэх хэлэлцээр болон итгэлцэл бий болгох үйл ажиллагаанууд хамт дагалдах ёстой.” гэв.

Сэтгэгдэл бичих

arrow icon