АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хятад Хойд Солонгосын талаар юу ч хийхгүй байгааг сануулан Хойд Солонгосын асуудлыг Хятад амархан шийдчихнэ гэж мэдэгдэж байв. Хэдийгээр Хятад нь Хойд Солонгосын хамгийн ойрын түншийн нэг боловч Америкийн эсвэл аль нэг улсын шахамдуулснаар хөдлөхгүй аж. Учир нь Хятад-Хойд Солонгосын харилцааны түүх үүний эсрэг зүйлийг өгүүлж байна. Энэ талаар бичсэн Кардифын их сургуулийн Олон улсын харилцааны профессор Сергей Радченкогийн нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Ерөнхийлөгч Доналд Трамп болон Хятадын Коммунист намын Нарийн бичгийн дарга Ши Жиньпин нарын богинохон бал сар дууслаа. Зургадугаар сарын 29-нд Хятадын банк, ачаа тээвэрлэгч компани болон Хятадын хоёр иргэн Хойд Солонгосыг олон улсын хоригийг зөрчихөд тусалсан хэмээн АНУ хориг арга хэмжээ авсан. “Хятадтай хангалттай их хамтарч ажиллаж байна. Гэхдээ бид оролдоод үзэх л хэрэгтэй.” гэж Трамп долдугаар сарын 5-нд жиргэв. Зургадугаар сарын сүүлээр Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Мүүн Жэ Интэй Ерөнхийлөгч Трамп уулзсаныхаа дараа Хойд Солонгосыг цаашид “тэвчих” боломжгүй гээд, шийдэмгий арга хэмжээ авахаа амлаж байв. Трампын Засгийн газраас Хятадыг шахамдуулж буй нь энэ мэдэгдэлийн нэг хэсэг юм. Гэвч энэ үйлдэл Бээжинд хэдийнээ бухимдал төрүүлсэн бөгөөд АНУ-ыг “зүй бүс үйлдлээ зогсоох”-ыг шаардах болов.
Хойд Солонгосыг Хятадаар дарамтлуулах нь шинэ санаа биш. Бээжин Хойд Солонгосын дэглэмийн багалзуурыг атгаж байгаа буюу өөрөөр хэлбэл: хилээ хаагаад, хориг арга хэмжээг бүрэн хэрэгжүүлвэл Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өршөөл гуйн ирэх болно. Хэрвээ ингэж тооцож үзвэл Хятад, АНУ хоёр Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоох ижил зорилготой мэт харагдана. Үүнийг хийхийн тулд Бээжин хуруугаа хөдөлгөхөд л хангалттай.
Гэхдээ ингэж үзэх нь Хятадын гадаад бодлогын бүтцийг буруу ойлгож байгаа явдал болно. Хэдийгээр Бээжин Пенъяаны тавьтаргүй байдлыг таашаахгүй байгаагаа мэдэгдэж, 2006 оноос хойших таван удаагийн цөмийн туршилтыг олон улстай хамт эсэргүүцсэн. Мөн авга ах (Хятадуудтай холбоотой) болон Макаод амьдардаг эцэг нэгт дүүгээ алж, дарангуй засаглалаа бэхжүүлж буй Кимийг Хятадууд ажиглаж байгаа.
Энэ бүх тааламжгүй байдлаас үл хамааран, Хойд Солонгос Хятадын дипломатын талбарт чухал хэсэг байсаар байна
. Хэрвээ Хятад буруу тогловол дэлхийн тэргүүлэгч улс болоход нь сөрөг нөлөө үзүүлэх болно. Кимийг олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө өвдөг сөгдүүлэх нь Ши Жиньпиний зорьж буй Хятад төвтэй Зүүн азийн дэг журамд сайн түлхэц болохгүй.
Бээжин энэ тоглоомыг өмнө нь 1956 онд тоглож байсан. Хойд Солонгосын удирдагч Ким Ил Сун Хятад, ЗХУ-тай холбоотой улс төрийн өрсөлдөгчдөө зайлуулах үед Москва, Бээжин хоёр энэ хэрэгт оролцож байв. Гэхдээ Ким холбоотнуудтайгаа Макиавеллийн (өөрөөр хэлбэл үнэг шиг зальтай Орч.) залиар хуурсан юм.
Энэ хямрал Хятад-Хойд Солонгосын харилцааны эргэлтийн үе байв. 1956 онд Бээжин Кимийн тогтворгүй, зөрүүд занг үл тоон Пенъяантай зөөлөн харилцах хэрэгтэй гэдгийг ойлгосон
. Хэрвээ үгүй гэвэл Хойд Солонгосыг Зөвлөлтийн нөлөөнд алдах байв. Ким Бээжинтэй адил Москвагаас зайгаа барьсанаар, Хятад социалист блокын тэргүүлэгч улс болоход Хойд Солонгос чухал холбоотон болж болох байв. Нэг мэдэхэд Хойд Солонгос өнөөдрийн Хятад-Америкийн харилцааны асуудал шиг Хятад-Зөвлөлтийн харилцааны асуудал болсон байв.
Зүүнээс баруун хүртэл: Мао Зэдун, Никита Хрущев, Николай Булганин, Анастас Микоян, Михайл Суслов, Ким Ил Сун, Широки, Энвер Хожа нар Октябрын хувьсгалын 40 жилийн ойн баярын үеэр, 1957 он.
Хэдийгээр түүхчид 1956 онд Пенъяанд болсон үйл явдлуудыг сайн мэддэг ч Хятад болон Зөвлөлтийн өнцөгөөс бичсэн түүх өнөөг хүртэл бүдэг хэвээр байна. Долдугаар сарын эхээр Вилсоны төв Оросын архивын нууцын зэрэглэлээс гарсан Хятад-Зөвлөлтийн бүтэлгүй улс төрийн интервенцийн баримтуудыг дэлгэжээ.
1956 онд Хойд Солонгос хоёр Солонгосыг хоосруулж, 2,5 сая энгийн хүний амь насыг авч одсон 1950-1953 оны Солонгосын дайны сүйрлээс дөнгөж сэргэж байв. 1953 оны гал зогсоох гэрээгээр Солонгос 38-р өргөрөгөөр хуваагдав. Солонгосын хойгийг цэргийн хүчээр нэгтгэх боломжгүй болсон учир Ким шархаа эдгээн, хүчээ зузаатгаж байв.
Тэрээр 1955 оны 12-р сард намынхаа “Зөвлөлт”-ийн фракцын эсрэг довтлон, Зөвлөлттэй холбоотой дээд албан тушаалтнуудыг зайлуулав. Мөн “Солонгос дахь Мао Зэдуны хүн” хэмээх хочтой Солонгосын “Хятад” Пак Ил Уг Хятадын удирдагчтай ойрын холбоотойгоос нь болж шоронд хорив
. Пакыг “ямар ч шалтгаангүй”-гээр хорьлоо хэмээн Мао гомдоллосон ч Пакын Хятадтай холбоотой байдал нь Кимийн хувьд хангалттай шалтгаан болж байсан аж. Тэрээр гадны улстай холбоотой хүн бүрийг онилж байв.
Коммунист ертөнц дэх хамгийн содон тахин шүтэх үзэл бий болохыг Ким харж байв. Солонгосын түүхийг шинээр бичихдээ Кимийг цор ганц аврагч, чөлөөлөгч хэмээн тодорхойлж байв. Дууны зохиолчид түүний эр зоригийг магтана. Зохиолчид түүний баатарлаг үйлс, суу билгийг бишрэнэ. Кимийг үл хүндэлсэн хэн ч бай ажлаа алдах, шоронд орох эсвэл бүр түүнээс ч дор нөхцөлтэй тулгарч магадгүй. Кимийг тахин шүтэх үзэл социалист системийн хамгийн муу амьжиргаатай оронд цэцэглэж байв.
Гэхдээ Ким харагдаж байсан шигээ эрх мэдэлдээ амархан үлдэх боломжгүй байв. Зөвлөлтийн удирдагч Никита Хрущев 1956 оны хоёрдугаар сард Сталиныг тахин шүтэх үзэл болон социалист блокын “мини” Сталинуудыг бутартал шүүмжилсэн илтгэл танилцуулав. Ким үүнд багтсан учир санаа зовж байв. Тэрээр Сталиныг дуурайсан. Гэвч одоо Зөвлөлтийн шинэ удирдлага дарангуйллаа зогсоохыг шаардаж эхлэв. Москвагийн шинэчлэлийн салхийг мэдэрсэн Кимийн өрсөлдөгчид түүнийг тахин шүтэх үзлийн эсрэг хөдлөв. Өмнө нь Ким “Хятад” болон “Зөвлөлт”-ийн фракцуудыг хооронд нь мөргөлдүүлдэг байсан. Гэтэл 1956 оны наймдугаар сарын сүүлээр намын нэгэн чухал уулзалтын үеэр Солонгосын “Хятад” Юун Кон Хум Кимийн дарангуйллыг шүүмжлэв. Хариуд нь Ким нам дахь дэмжигчдээ зохион байгуулан Юун болон бусад шүүмжлэгчдийн эсрэг хөдлөн чимээгүй болгож авав.
Кимийн өрсөлдөгчид орой гэртээ харих үед утасны шугам тасарсан байсныг мэдэв. Юун болон түүний гурван хамтрагч аюулыг мэдэрсэн учир тэр шөнөдөө Хятад руу зугтаж, орогнол хүссэн
байна. Тэдний аз таарч зөвхөн Хойд Солонгост үлдсэн хүмүүсийг баривчилсан байжээ. Хойд Солонгосын нам доторх түрэмгийлэл Оросуудыг цочролд оруулав. Тэд Кимд анхааруулж, шүүмжлэгчиддээ зөөлөн чих тавихыг байхыг сануулж байв. Гэвч тэрээр Зөвлөлтийн нөлөөллийн эсрэг зогсож байв. Иймээс Зөвлөлтийнхөн хөдлөх хэрэгтэй болов.
Тохиолдлоор 1956 оны есдүгээр сард Хрущевын ойрын хүн Анастас Микоян Хятадад айлчилж байв. Маотай хийсэн түүний яриа энд анх удаа дэлгэгдэж байна. Микоян Маод хандан “Хойд Солонгосын нам хүнд хямралд оржээ.” гэв. Цааш “хэрвээ энэ байдлаараа үргэлжлэх аваас нам нь сүйрэх болно.” гэжээ. Өмнөх долоо хоногт нь Микоян Унгарын “Сталин” Матьяш Ракошиг зайлуулахад оролцсон байв. Хэдийгээр бүрэн бүтэн баримт байхгүй ч гэсэн тухайн үед Москва Кимийг зайлуулахаар тооцоолж байсан гэж үзэж болохоор байна. 10 жилийн өмнө Хойд Солонгост түүнийг утсан хүүхэлдэй болгож байсан Оросууд Зөвлөлтийн тусламжинд дулдуйдаж байсан улсаас эсэргүүцэл биш хүлцэнгүй байдлыг хүсэж байв.
Гэхдээ Бээжин өрөг дээр байрлах нь чухал байв. 1956 онд Хятадын 440,000 цэрэг Хойд Солонгост байршиж байсан нь нэгэн хөшүүрэг болж байв.
Пенъяанд ноцтой асуудал үүссэн гэдэгт Мао, Микоян хоёр нэгдсэн ойлголцолд хүрэв. Мао өөрөө дарангуйлагч байсан ч Кимийг “Сталин шиг” аашилсанд цочирдсон гэдэг. Тэрээр “эсэргүүцлийн ямар ч үгийг тэвчдэггүй, сөргөлдсөн хэн бүхнийг хөнөөдөг.” гэж Мао Кимийн талаар хэлж байв.
Гэвч Хятад Хойд Солонгост нөлөөлж чадахгүй гэж Мао хэлж байв
. “Энэ удаа бид та нарт найдахаас өөр аргагүй.” гэж Мао Микоянд хэлэв. Цааш “Тэд Хятадыг сонсохгүй!” гэхэд Микоян Москвагийн хөшүүрэг ч Хятадынхаас ялгаагүй гэв. Гэтэл Мао санал нийлэлгүй: “Тэд Хятадыг 100% сонсохгүй. Харин та нарыг 70% сонсохгүй
.” гэж хариулжээ.
Микоян Кимийг яагаад ийм ааш гаргаж буйг ойлгохгүй байгаагаа хэлж байв. Харин Мао мэдэж байв: Тэрээр (Ким) манай хоёр улсыг байшингийнх нь ханан доогуур нүх ухаж буй гэж айж байгаа.” гэв.
Зөв ч бай, буруу ч бай Мао мэдрэхдээ Москва Кимийг унагаах ажлыг зохион байгуулж байна гэж үзэн Кимийг унагаах гэж оролдохгүй байхыг Зөвлөлтийн төлөөлөгчид анхааруулав. Кимийн дэглэмийн тухайд Мао Зөвлөлтүүдтэй санал нийлдэг ч Хятадын удирдлагууд дуулгаваргүй удирдагчдыг унагаадаг Зөвлөлтийн арга барилыг эсэргүүцдэг
байв. Эцсийн эцэст Маогийн дэглэм ч яг ардчилсан байгаагүй. Хэрвээ тэрээр Кимийг унагаахад тусалсан бол дараа нь өөрийнх нь эсрэг ашиглагдах жишиг тогтоох байсан.
Мао эргэлзэх өөр нэг шалтгаан бас байв. Тэрээр социалист систем дэх Москвагийн тэргүүлэх байр суурийн эсрэг байсан. Зөвлөлтийн дээрэнгүй, бусад оронд өөрийн хүслээ тулгасан байдлыг тэрээр дэмждэггүй байв. Үүнтэй адилаар тэрээр Кимийн түрэмгийлэл Хойд Солонгосын сүйрэлд хүргэхээс айж, Кимийг Зөвлөлтийн талд алдахгүй байхыг хүсэж байв.
Маод тулгарсан хүндрэл одоо Ши Жиньпинд тулгарснаас тийм ч өөр биш
: Өрсөлдөгчтэйгөө (1956 онд ЗХУ, одоо АНУ) нийлэн ойрын хамтрагчаа дарамтлах эсвэл чангаах нь тэргүүлэх байр сууриа алдсан явдал болно. Нэг ууланд хоёр бар байдаггүй гэж Хятадууд хэлдэг шиг Хойд Солонгосын уулыг Хятад бар өөртөө хадгалдаг.
Микоян Бээжинг шахамдуулж байсан учраас Мао илүү хүнд байдал байсан. Мао Пенъянд хамтарсан төлөөлөгчдийн баг явуулахаар тохиролцож, Микоян сайн дураараа, харин Мао Солонгос дахь Хятадын цэргийг удирдаж байсан Пэн Дэхуайг томилов.
Тэд Хойд Солонгост очиж өрсөлдөгчөө алах нь зохистой үйлдэл биш болохыг Кимд ойлгуулахыг хичээв. Микоян түүнд хандан “Чамд асар их эрх мэдэл бий.”, “Чи намаас хэн нэгнийг хөөж эсвэл шоронд илгээж, бүр алж чадна. Капиталист орнуудын ямар ч Засгийн газар, жишээ нь АНУ-ын Ерөнхийлөгч Эйзенхаурын Засгийн газарт ийм эрх мэдэл байхгүй.” гэв.
Ким арга барилаа өөрчлөхөө мэдэгдэн Зөвлөлтийн Коммунист намын “ганхашгүй байр суурь”-ийг бүрэн хүлээн зөвшөөрч, ахиж “алдаагаа давтах”-гүй гэдгээ амлажээ. Гэвч Микоян, Пэн хоёр Пьеняаас яваад удаагүй байхад буюу есдүгээр сарын 23-нд нөхцөл байдал өмнөх байдал руугаа шилжиж эхэлсэн байна. Дарангуйлал, “аугаа удирдагч”-ийг шүтэж үзэл гаарав. Түүний улс төрийн өрсөлдөгчид намдаа эргэн байр сууриа эзэлсэн ч 1958 оны эхээр дахин зайлуулагдсан. Үүнээс хойш Кимтэй хэн ч сөргөлдсөнгүй. Тодруулбал 1956 онд өнөөг хүртэл үргэлжилж буй Кимийн гэр бүлийн засаглалын эх тавигдсан юм.
Нөгөө талд Бээжинд Микоян, Пэн нар Маод Кимтэй уулзсан тухайгаа ярьж байв. Кимийн үл хүндлэл Маог гайхшруулав. “Ким яг ургамлын үр шиг юм.” гэж Мао үглэн: “Та нар түүнийг үрслүүлсэн. Дараа нь Америкчууд түүнийг татаж гаргасан. Одоо бид түүнийг суулгасан газартаа эргүүлэн суулгаж байна. Тэрээр (Ким) өөрийгөө 100% зөв байгаа гэж үзэн хий хоосон зүйл ярьж байна.” гэв.
Гэвч Мао “тэднийг унагаах гэж оролдохгүй, харин туслах болно.” гэж давтан хэлэв. Яагаад ингэж хэлсэн нь ойлгомжтой. Ширүүн интервенци нь Хятадын манлайллын илэрхийлэл биш гэж тэрээр үзэж байв. Тэрээр Солонгосын өмнөх үеийнхэн Хятадын эзэнт гүрнийг дагадаг байсан шиг Ким Хятадыг дагахыг хүсэж байв
. Өөрөөр хэлбэл айдсаас биш хүндлэлээс үүдэн Хятадыг дагахыг хүсэж байв. Хойд Солонгос Хятадын улс төрийн орбитод оршсоор байсан цагт Мао Кимийн болчимгүй зантай эвлэрэх хэрэгтэй
болсон юм.
Хоорондын харилцаа зөрөлдөөнтэй ч гэсэн Мао Хойд Солонгосыг Хятадын талд амжилттай татаж чадаж байсан юм. 1958 онд Хойд Солонгосоос Мао үлдсэн цэргээ гаргаж, Кимийг Хятадаас айхгүй байхыг уриалж байв
. Мао Хойд Солонгос дахь Хятад-Зөвлөлтийн оролцоог 1959 онд эрх мэдлээс зайлуулагдсан Пэнд нялзаан, түүнийг Зөвлөлтийн сонирхолд автсан гэж мэтгэж байв.
Хятадын сайн дурын армийн цэргүүд Хойд Солонгосын орхиж байна, 1958 оны хавар.
Маог араар нь “нүх ухаагүй” гэдгийг мэдэрсэн Ким Бээжинтэй ойртож, Москвагаас зай барьж байв. 1960-аад оны эхээр Хятад болон Зөвлөлтийн харилцаа муудах үед, Ким Маогийн хамгийн идэвхитэй дэмжигч байв. Мао хариуд нь Хойд Солонгост эдийн засгийн туслалцаа үзүүлэв. Цаашлаад Ким 1960-аад оны дунд үед Пенъяанд цөмийн бөмбөг өгөхийг хүссэн ч Мао татгалзсан. Зөвхөн 1960-аад оны сүүлээр л Хятад- Хойд Солонгосын харилцаа хүнд байдалд орсон. Хойдууд эмх замбараагүй Соёлын хувьсгалын хатуу ширүүн нөхцөлд дасан зохицож чадахгүй байсан учир 1969 онд хоорондын харилцаа ширүүн уур амьсгалтай болж маргаантай хилийн асуудлаас болж хоорондоо дайтах дөхсөн. Гэхдээ жилийн дараа Мао Пенъяантай харилцаагаа сайжруулж, Хятадын манлайллыг хүлээн зөвшөөрүүлж чадсан.
Үүнтэй ижил далд харилцаа өнөөдөр ч хэвээрээ байгаа учраас Ши Жиньпин Ким Жон Уныг “чангалах”-аас татгалзаж байна. Яг 1956 оны Мао шиг Ши Жиньпин Хойд Солонгосоос залхсан ч Хятад хэн нэгний шахалтыг дагахгүй гэдгийг онцолж байгаа.
Трамп Хятадыг шахамдуулснаар Бээжингийн манлайллыг сорьж байна. Гэвч Хятадуудын хувьд асуудал нь Хойд Солонгосын цөмийн аюул энх тайван байдалд заналхийлж буй тухай биш, харин АНУ Зүүн Ази дахь Хятадын ноёрхолд заналхийлж буй эсэх нь асуудал болно
.
Хятадыг шахамдуулах нь Хойд Солонгосын асуудлыг шийдвэрлэхгүй, харин ч Хятад-Америкийн өрсөлдөөнийг дордуулах болно. Яг л 1956 онд Микоян Хятад-Зөвлөлтийн өрсөлдөөнийг дордуулсан шиг. Мао Микояны “эцэг шиг аягласан”-д дургүйцэн, Хятадтай хүүхэд шиг харьцаж байна гэж мэтгэсэн. Дараа нь тэр арвандаа Хятад-Зөвлөлтийн харилцаа муудсан билээ. Ши Жиньпин Трампын тухайд үүнтэй ижил дүгнэлт хийж магадгүй.
Бээжин дэлхийн манлайллын үүрэгт тэмүүлж буй энэ үед АНУ тусламж эрэхийн оронд Пьенянгтай шууд харилцан, Хятадын санал болгохоос өөр хөшүүрэг олж авах хэрэгтэй юм. Ши Жиньпин эрт, орой хэзээ нэгэн цагт Кимийг ухааруулахад Америкт туслана гэсэн хоосон найдвар тээх хэрэггүй. Тэр тийм зүйл хийхгүй.
Орчуулсан: Ш.Билгүүн
Эх сурвалж: www.chinafile.com
Сэтгэгдэл бичих