Улсын их дэлгүүрийн урд талбай буюу залуучуудын нэрлэж заншснаар фонтан орчмыг Нийслэлийн засаг даргын Тамгын газрын шийдвэрийн дагуу “Автомашингүй гудамж” болгох төсөл хэрэгжихээр болсон. Төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжны 11,000 м.кв талбай газарт явган зам талбай, гэрэлтүүлгийн орчин үеийн шийдэл, ногоон байгууламж бүхий тохижилт, газрын 0 тэнхлэгээс доош үйлчилгээний байгууламж барихаар төлөвлөсөн бөгөөд дээрх 0 тэнхлэгээс доошхи байгууламжийн өмчлөл хувийн хэвшилд шилжихээр гэрээ хийгджээ . Уг төслийн тендерт Монголын Барилгын Үндэсний Ассоциацид харьяалагддаг 150 гишүүн байгууллага оролцож “Бүти” ХХК шалгарчээ. Томоохон төслүүдийг дээрх ТББ-д харьяалагддаг энэ хэдэн компаниас сонгоод байдгийн учрыг асуух ёстой
.
2016 оны 6 дугаар сард тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” А/501 захирамж гарсан байдаг. Тус захирамжинд “Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Хичээнгүй сайд Цэрэндоржийн гудамжинд “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар”-т 1.7 га газрыг “Газар доорх үйлчилгээ”-ний зориулалтаар газар эзэмшүүлэх эрх олгов” хэмээн тусгасан байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай холбогдох хууль тогтоомжийн дагуу газар эзэмших гэрээ байгуулан гэрчилгээ олгож, гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгасан бөгөөд Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан тохижилтын ажлын даалгаврыг өгч, зураг төслийг баталж, “Газар доорх үйлчилгээ”-ний бүтээн байгуулалтын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт, тус байршилд үйл ажиллагаа эрхлэх худалдаа, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газарт, хэв журмыг хангуулж ажиллахыг Улаанбаатар хотын Цагдаагийн газарт тус тус үүрэг болгосноор фонтан орчмын 11,000 м.кв талбай газрын асуудал тухайн үед шийдэгджээ. Энд иргэдийн ямар ч оролцоо саналыг авалгүйгээр асуудлыг шийдсэн.
Фонтан орчим нь хүүхэд залуус, хөгшдийн чөлөөт цагаа өнгөрөөдөг цөөхөн талбайн нэг учраас уг газрыг хууль бусаар худалдааны төв болгохоор шийдвэр гаргасанд иргэд, оршин суугчид эрс эсэргүүцсэн. Б.Цэрэндоржийн гудамж бол шинжлэх ухааны үндэслэлээр мэргэжлийн түвшинд баригдсан, соёлын дурсгалт, ногоон байгууламж бүхий амралт, чөлөөт цагаа өнгөрөөх боломжтой, аль хэдийнэ өнгө төрхөө олчихсон гудамж. Гэтэл иргэдийн ая тухыг хангаж, амар тайван байдлыг мэдрүүлдэг талбайг хааж, шовгор оройтой байгууламж барьж, талбайн хоёр талын замыг доош ухан газар доогуур үйлчилгээний төв байгуулж, машин явдаг болгоно гэж байгаа нь эрсдэлтэй алхам билээ. Энэ газар нь анхнаасаа ийм зориулалтаар төлөвлөгдөөгүй тул хажуу талын байруудын сууринд хөдөлгөөн орж, оршин суугчдын амар тайван байдлыг алдагдуулна. Хэрвээ ийм гудамж байгуулах гэж байгаа бол ачаалал, дэд бүтэц, газар хөдлөлт, оршин суугчдын төвлөрөл гээд олон хүчин зүйлийг тооцоолон шинэ газар сонгон байгуулах ёстой. 2016 онд батлагдсан Улаанбаатар хотын Архитектур төлөвлөлтийн даалгаварт, мөн 2018 оны Хот байгуулалтын тухай хуулиар түүхэн дурсгалт, нийтийн эзэмшлийн соёл амралтын газрыг өөрчлөн шинэчлэхдээ иргэдийн 100 хувийн саналыг харгалзан үзнэ гэж заасан байдаг. Гэтэл оршин суугчид иргэдээс санал авах нь битгий хэл төрийн чиг үүргийг гүйцэтгэдэг мэргэжлийн байгууллагатай зөвшилцөхгүйгээр шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл гэж иргэд, олон нийтийн зүгээс үзэж байна.
Одоогийн байдлаар 1000 гаруй иргэд гарын үсэг зуран нэгдэж, нийгмийн сүлжээнд 13000 гаруй дагагчтай групп үүсгэн үзэл бодлоо илэрхийлэхийн зэрэгцээ хотын удирдлагуудад газрын захирамжийг цуцлах шаардлага хүргүүлсэн. Иргэд, оршин суугчдын хүчтэй эсэргүүцлийн үр дүнд НЗДТГ-аас “Автомашингүй гудамж” төслийн ажлыг түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ.
“Автомашингүй гудамж” төслийг эсэргүүцсэн 8 дугаар сарын 12-ны өдрийн цуглааны үеэр цагдаа болон иргэдийн дунд багагүй зөрчил үүссэн. Энэ өдөр иргэд жагсаал хийх эрхээ эдэлж чадаагүй. Битлзийн хөшөөний урд байдаг индэрт гадаад, дотоодын хамтлагуудад дуулж эсэргүүцлээ илэрхийлсэн бөгөөд удалгүй цагдаа нар Зөрчлийн тухай хуулийн хэдэн зуун мянган төгрөгийн торгуулиар иргэдийг дарамталсаар жагсаал тарсан билээ. Иргэд зөвшөөрөл авахгүйгээр хуулийн хүрээнд үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зохицуулалт Монголд байхгүй байна. Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулинд Иргэдийн жагсаал цуглаан хийх эрхийг бүрэн хэмжээгээр хаасан зохицуулалт хийгджээ
. Иргэд энэ өдөр хотынхоо төлөө саналаа, үгээ хэлэхээр цугласан билээ
.
Иймд бусад хотуудын жишигээр иргэд зөвшөөрөл авахгүйгээр ирж хотынхоо хөгжил, тулгамдсан асуудлын сэдвээр үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж болдог талбайтай болох нь зүйтэй. Б.Цэрэндоржийн гудамж ба Битлзийн хөшөөг тойрон явагдаж буй одоогийн тэмцэл нь энд иргэд үгээ хэлж болдог талбай байж болохыг харуулж байна. Улаанбаатар хотод ийм талбайтай байх шаардлага зайлшгүй үүсээд байна.
Лондон хотын Оксфордын гудамжинд Speaker’s Corner буюу иргэдийн үг, үзэл бодлоо илэрхийлэх чөлөөт индэр болсон Илтгэгчдийн булан хэрхэн ажилладаг бэ?
Speaker’s Corner-ийн түүхээс
Speaker’s Corner нь Хайд Паркийн зүүн хойд захад байрладаг бөгөөд 1872 оноос эхлэн парламентийн үйл ажиллагааг олон нийтийн өмнө ярих зориулалтаар ашигладаг байжээ. Хайд Паркт зохиогддог эсэргүүцлийн жагсаал цуглаан, олон нийтийн илтгэл, мэтгэлцээнүүд нь өнөөдөр ч уламжлалаа алдаагүй байна. Ням гараг бүрийн өглөө Лондончууд Илтгэгчдийн буландаа цугларч илтгэл сонсон, мэдээлэл авдаг.
Энэ нь олон сэдвээр үг, үзэл бодлоо илэрхийлэх боломжийг хүмүүст олгодог
.
Уг газарт ойролцоогоор 250 жилийн өмнө Техабл Галвалд нэрвэгдсэн хүмүүсийг дүүжилдэг байжээ. 1196 онд энэ газарт дүүжлүүр суулгаж, 1783 онд 50 гаруй хүнийг хэрцгийгээр цаазалсан аж.
Хүмүүс энд нас бардаг байсан бол эцэстээ үгээ хэлэх боломжтой болсон юм. Зарим хүмүүс тэдний гэм буруугүйг эсэргүүцэн эрх баригчдыг шүүмжилсэн бол зарим нь хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ нь Тандербургийн харуулуудын хувьд нийгмийн томоохон үйл явдлууд байсан ба Лондончууд том модон тавцан дээр цаазаар авах ялыг харахын тулд тасалбар худалдан авдаг байсан билээ. Эрх баригчдын зүгээс энэхүү газрыг Newgate хорих газарт шилжүүлсэн ч Хайд Парк дахь эсэргүүцэл болон таашаалын уламжлал тухайн үед үргэлжилсээр байлаа.
1906-1914 онд жүжигчдийн зүгээс эмэгтэйчүүдэд санал өгөх кампанит ажлын нэг хэсэг болгон Хайд Паркт том, жижиг уулзалт зохион байгуулдаг болов. 1906 оны зун тэд Реформерийн модны дэргэд долоо хоног бүр уулздаг болсон бөгөөд 1908 оны 6-р сарын 21-ний Эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан 250,000 эмэгтэйчүүд Хайд Паркт 20 янзын ярианы тавцан бэлтгэж цуглаан хийсэн байдаг. 1913 онд Цагдаагийн газар эмэгтэйчүүдийн нийгэм, улс төрийн холбоог паркт уулзахыг хоригложээ.
Илтгэгчдийн булангаас 2003 оны 2-р сард Ирак дахь цэргийн үйл ажиллагааны эсрэг томоохон хэмжээний жагсаал цуглаан зохион байгуулав. Уг цуглаанд оролцсон хүмүүсийн тоо 750 мянгаас 2 саяын хооронд байсан бөгөөд сэтгүүлчид, дэмжигчдээс гадна хүний эрхийн кампанит ажилтнууд, кино найруулагчид, жүжигчид нэгдсэн түүхтэй.
Фонтан орчимд Speaker’s Corner-той болоё
Битлзийн хөшөөтэй талбайг иргэд тэмцэж байж авч үлдсэн учраас фонтан орчимд Лондон хотын Оксфордын гудамжны жишгээр Speaker’s Corner буюу Илтгэгчдийн булан байгуулж иргэд, олон нийт шаардлагатай үедээ цуглаж, хуулийн хүрээнд үг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэн, зөвшөөрөл авахгүй жагсдаг газар болгоё гэсэн санал санаачлага олон нийтийн төлөөллүүдээс гарсан. Энэ санал нь ажил хэрэг болвол иргэд хууль хяналтын байгууллагаас зөвшөөрөл авахгүй шууд хүрч ирээд захиалга өгөөд үгээ чөлөөтэй хэлдэг болно. Мөн Лондон хотын жишигийн дагуу иргэдээс бүрдсэн зохицуулах хороо энд ажиллан зохицуулалт, сургалт суртачилгааны ажлуудыг хариуцан хийнэ.
Лондон хотын Speaker’s Corner сангийн зүгээс дараах зөвлөмжийг гаргасан байдаг. Үүнд:
Томоохон хотууд иргэдийн үг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг талбайтай болох нь зүйтэй. Тухайн талбай нь хотынхоо хамгийн чухал, ач холбогдолтой байршилд байж, эрх чөлөөний бэлэгдэл болж, иргэдийн үзэл бодлоо солилцдог чөлөөт индэр байна. Ингэж иргэдэд зориулсан талбайтай болох нь тухайн хотын дотоод ардчиллыг бэхжүүлэх, шийдвэр гаргахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх боломжийг олгодог. Иргэд чөлөөтэй ярих эрхтэй болох нь аль ч хотын хувьд маш чухал билээ.
Энэ жишигээр тэмцлийн цэг болсон Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжинд байрлах Битлзийн хөшөөтэй талбайг Хотынхоо төлөө иргэд нь үгээ хэлдэг, хотын удирдлагууд иргэдээ сонсдог талбай болгох нь зүйтэй.
Бодож үзэх л асуудал байна, даанч манай хотын удирдлагууд өмнөхөөсөө шал дордсон.
good idea