Нийтлэл 08 сарын 16, 2017

Энколд ба Хүүк: Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр өөрчлөгдөхгүй

МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын бичлэгүүд кампанит ажлынх нь үеэр ил болж сонгуулийн дүн хийгээд намынх нь нэр хүндэд нөлөөлж байна.

Яагаад М.Энхболд намынхаа ажлын алба болон тойрон хүрээлэгчдээ өөртөө үнэнч байлгаж чадаагүй вэ? Монголд залуус голдуу амьдралаа дээшлүүлэхийн тулд албан тушаал, эрх мэдэлтэй болох гэж улс төрийн намд ордог. Хөгжингүй оронд залуус нийгэмдээ өөрчлөлт хийхийн тулд намд элсдэг. Хүсэл мөрөөдлөө намын хөгжлийн бодлого, үзэл баримтлал болгож нам олонхи болох замаар нийгэмд өөрчлөлт, шинэчлэлт хийгдэнэ. Залуусын хүсэл зорилго юу ч байж болно. Зүүний, барууны бодлогоор улсыг залах, эсвэл арьс өнгөний үзлийг устах, дайныг эцэслэх гэх мэт зөвхөн өөрт ашигтай зүйл биш бүгдийн сайн сайхан. Тиймээс л үзэл санаагаараа лидерүүд, хошуучлагчдыг дагаж, дэмждэг, хуваагддаг.

Харин Монголын улс төрийн намууд хүч чадал, мөнгөний бурхан мэт харагдах болжээ. Зарим хүн санаатай тийм болгосон байх. Харин дайсны тал илүү их мөнгө, эрх мэдэл санал болговол бичлэг байтугай ямар ч нууцыг зараад хаячихдаг болохыг өнгөрсөн сонгуулиар харлаа. 60 тэрбумын бичлэгээ дахиад сонс. А.Ганбаатар “Хувь хүний болон намын мэдээллийг эсрэг намд зарах аягүй олон хүн байна. Хэн ч мөнгө өгвөл бүгдийг нь аваачаад зарна” гэж хэлсэн.

Хэрвээ М.Энхболд хийгээд МАН-ын ажлын алба нэг тодорхой үзэл санаа, үнэт зүйлийн доор нэгдсэн хүмүүс байсан бол түүнээс урвах хүн гарах байсан болов уу? Нам дотроо л хүчтэй байх хангалтгүй, зовинох цэгийг нь буюу зүрх сэтгэлийг нь татах ёстой байна гэдгийг МАН-ын лидерүүд одоо ойлгосон байх.

М.Энхболдын манлайллын хэв маяг бол Наамбар Ваанаас эхтэй Монголын улс төрийн манлайлагчдын маш нийтлэг төрх. Намын том нүсэр аппаратын ачаар өсдөг, томордог. Үзэл санаагаа түгээж, нийгмийг өөрчлөх гэж биш эгогоо тэжээхийн төлөө эрх мэдлийн төлөө тулалдаг. Тэдний улс төрд ороод өөрчлөх зүйл нь өөрийнх туулсан амьдрал, тулгарсан зовлонг шийдэх хүслээс үүсээгүй.

Харин М.Энхболдын оронд буюу намын шинэ даргад өөрийгөө зүтгүүлж эхэлсэн Хүрэлсүх ямар үзэл санаагаар танигдсан, юуны тулд улс төрд орж ирсэн хүн бэ?

У.Хүрэлсүх намын дарга боллоо гэхэд намын бодлого хаашаа эргэх вэ? Ер нь намын даргын өрсөлдөөн бол улс орны хөгжлийн тухай тодорхой үзэл баримтлалтай, тэр нь нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн хошуучлагчдын сунгаа юм.  

Тиймээс У.Хүрэлсүх өдийг хүртэл нийгмийн энэ олон асуудлаас алийг нь түлхүү ярьдаг, ямар бүлгийн дуу хоолой болж ирсэн гэдгийг харах хэрэгтэй. Малчин, тариачдын уу эсвэл бизнесийн үү?

У.Хүрэлсүхийг судлаад үзвэл намынхаа нэрийг МАН болгож солих санаачлаг гаргасан гол хүмүүсийн нэг, Н.Энхбаяр зэрэг удирдлагаа зоригтой шүүмжилж чадсан болон хүн шанаадсанаараа танигдсан. Мөн Солонгосын казинод тоглосон, хадгаламж банкны мөнгийг хувьдаа буюу казинодож үрсэн гэх Ц.Чимэдцэрэнгийн олон хэргийн нэг фургон машинаар шоронд орох шахсан гэдгээс өөр юм алга.

Хүрэлсүх намын дарга болсноор МАН-ын бодлого, цаашлаад улсын хөгжлийн стратеги яаж өөрчлөгдөх нь чухал болохоос булчинтай байна уу, өөхтэй байна уу хамаагүй. Францын ерөнхийлөгч  Эммануэл Макрон тийм ч өндөр биш, туранхай, бор, буржгардуу үстэй. Огт булчинлаг эсвэл хүчирхэг харагддаггүй байдаг л нэг франц залуу. Гэхдээ тэрээр төвийг сахисан тэр дундаа зүүний либерал үзэл баримтлалтай  ба ядуу болон боломжоос гадуур үлдэж байгаа нийгмийн давхаргыг дээш өргөнө, арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтыг эцэслэнэ гэх мэт үнэт зүйл, итгэл үнэмшлээ олон нийтэд түгээж чадсаны ачаар өөрийнхөө байгуулсан жижиг намаас ерөнхийлөгч болсон юм. 

МАН-ын лидерүүд дунд ард түмэнд биш корпорацуудад үйлчилдэг, санхүүжилтээ ил тод тайлагнадаггүй намуудын мафжсан тогтолцоог устгана гэж дуугарч ирсэн уураг тархи, оюун ухаан хаана хэнд байна?

Нийгмийн эсвэл тодорхой салбарт өөрчлөлт хийх чадвартай, зорилготой, аливаа асуудалд өөрийн гэсэн байр сууриа хадгалаж ирсэн хүн МАН-ын лидерүүд дунд байна уу гээд харахаар М.Энхболд, Э.Хүрэлсүх хоёрын хажууд Ц.Нямдорж нь олон жил шударга ёс ярьж иржээ. Даанч тэрийг нь намынх нь нөхөд нь тоож байгаа юм алга. Эрх мэдлийн хажууд тэр Нямдоржийн ярьдаг шударга ёс онц биш бололтой. Сүүлийн үед Г.Занданшатар “Зөвлөлдөх ардчилал”, “Сайн засаглал” гэж ярьж эхэлснээс харахад үзэл санаа, үнэт зүйл ярьдаг хүн гарч ирж байгаа ч хуруу дарам цөөн байна.  

Америкт Доналд Трампийн кабинетийн буюу ажлын албаны ажилтнууд нь ерөнхийлөгчөөсөө урваж, хаалттай болсон уулзалтаар юу ярьсныг задлах явдал дээд рекорд тогтоож байна. Трамп бол улс төрийн тодорхой идеологи, байр суурьгүй бизнесээс орж ирсэн хүн. Багт нь ажиллахаар шалгарсан хүмүүс Цагаан ордон гэдэг нэр хүндэд татагджээ.

МАН-ын дарга Б.Энхболд сонгуульд ялагдсаны хариуцлагаа хүлээж, Шадар сайд У.Хүрэлсүх намын дарга болохоор үзэж байна гэж нөхцөл байдал ойлгогдож байна. Хүрэлсүх нь болно уу Баяр нь болно уу сонин биш. Монголын хамгийн том, ууган улс төрийн хүчний тэргүүн болох хүн улс төрийн намын шинэчлэлийн асуудалд ямар байр суурьтай, ямар өөрчлөлт хийх нь сонин. Том намуудад бизнесмен гишүүдийн байр суурь өcөж, ашиг сонирхол нь давамгайлж, энгийн гишүүдийн дуу хоолой сонсогдохгүй, хүндлэгдэхгүй боллоо. Энэ гажуудлыг эцэслэх, нийгмийн сайн сайхныг эрхэмлэж, үнэт зүйлийн, бодлогын шинэчлэл хийж бусдыгаа байлдан дагуулах чадвартай жинхэнэ үзэл санааны лидер гарах нь чухал байна. 

Б.Халиун  

 

Сэтгэгдэл бичих

arrow icon