Нийтлэл 08 сарын 18, 2017

Иргэдийн үнэлгээ: МАН-ын даргад Ц.Нямдоржийг, Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг дэмжиж байна

МЭК судалгааны байгууллагын энэ жилийн долдугаар сард улс төрийн намуудын асуудал, Засгийн газар, УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар иргэдийн санаа бодлыг тандсан судалгааны дүнг танилцуулж байна.

Энэхүү судалгааг МЭК ХХК ямар нэгэн нам, байгууллага, хувь хүний захиалгаар бус, өөрийн санхүүжилтээр гүйцэтгэсэн болно. Судалгааны мэдээллийг улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 990 иргэнээс 2017 оны 7-р сарын 28-30-ны өдрүүдэд квотчилсон санамсаргүй түүврийн аргачлалаар түүвэрлэж цуглуулсан болно.

Монгол Ардын намын даргыг сонгох асуудлаар судалгаанд оролцсон иргэдийн дүгнэлтийг харвал 43% нь УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг МАН-ын дарга байхыг дэмжиж байна. Харин Шадар сайд У.Хүрэлсүх түүнтэй ойролцоо дэмжлэгтэй буюу 41%-ийн дэмжлэгтэй байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 16%-ийн дэмжлэгтэй гуравдугаарт жагсаж байна.

Ерөнхий сайдаар хэн томилогдох нь зүйтэй талаар иргэдийн 47% буюу хамгийн их дэмжлэгийг Шадар У.Хүрэлсүх авч байгаа бол Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 31%-ийн дэмжлэгтэй байна.

Үйл ажиллагаа нь таалагддаг улс төрчдөөс Ерөнхийлөгч Х.Баттулгын рэйтинг 34%, УИХ-ын гишүүн С.Жавхлангийн рэйтинг 23% хүртэл өссөн байна. Судалгааны дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн С.Жавхлан,  УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, С.Ганбаатар, Шадар сайд У.Хүрэлсүх нар өндөр рэйтингтэй улс төрчдийн жагсаалтыг тэргүүлж байна.

Харин үйл ажиллагаа нь таалагддаггүй улс төрчдийг УИХ-ын дарга М.Энхболд тэргүүлж байна. Энэ жилийн тавдугаар сарын судалгааны дагуу УИХ-ын дарга М.Энхболдыг үл дэмжих хандлага 12% байсан ба өнгөрсөн хоёр сард түүний рэйтинг ихээхэн унасан байна. Өөрөөр хэлбэл түүнийг үл дэмжих хандлага 20%-иар нэмэгджээ.

Өнгөрсөн тавдугаар сарын судалгаанаас ялгаатай нь УИХ-ын гишүүн Д.Гантулга үйл ажиллагаа нь таалагддаггүй улс төрчдийн тоонд орсон бол Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн үл дэмжих хандлага 18%-иас 9% хүртэл багассан байна.

Энэ жилийн долдугаар сарын байдлаар судалгаанд оролцсон иргэдийн 43% нь Ардчилсан намыг дэмжиж байна. Энэ нь энэ жилийн тавдугаар сард авч байсан дэмжлэгээс 21% өссөн үзүүлэлттэй байна. Харин МАН-ыг иргэдийн 20% дэмжсэн нь тавдугаар сарын дүнгээс 5%-иар нэмэгдсэн үзүүлэлт юм

­­

 

Судалгааны зорилтот бүлэг

Энэхүү судалгааны мэдээллийг Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 990 иргэнээс 2017 оны 7-р сарын 28-30-ны өдрүүдэд квотчилсон санамсаргүй түүврийн аргачилалаар түүвэрлэж цугуулсан болно.

Судалгааны мэдээлэл цуглуулсан хэрэгсэл

Судалгааны мэдээллийг сурвалжилгын асуулагаар цуглуулсан болно.

Судалааны түүврийн хэмжээг дүүрэг, хороонд оршин суудаг 18-аас дээш насны иргэдийн тоог тулгуурлан тогтоосон.

Түүвэрлэлтийн төлөөлөх чадвар

Итгэлцэлийн түвшин:95%;
Алдааны магадлал:5%;

 

Судалгааны өмнөх дугаарыг эндээс үзнэ үү.

Сэтгэгдэл бичих

arrow icon