Нийтлэл 09 сарын 04, 2017

Шинэ Дэлхий: Олон туйлт ертөнц

“Нохой, муур учиргүй нөхөрлөөд эхэлбэл тогоочийн эсрэг хуйвалдсан нь гарцаагүй.”

Оршил

45 жил үргэлжилсэн хүйтэн дайн төгсгөл болж, Берлиний хана нуран унаснаар АНУ дэлхий дээрхи цорын ганц тэргүүлэгч гүрэн болох боломжийг олж харжээ. Зөвлөлт холбоот улсын задралын дараа АНУ-г санхүү эдийн засаг, цэрэг зэвсэглэл, спорт, урлаг соёлын нөлөөгөөр сөрөх улс дэлхийд байхгүй болов. Атлантын далайгаас Номхон далайг бүрхсэн хүчирхэг тэнгисийн цэргийн флотууд, Ази Европ тивийг хэрэн байрлуулсан хуурай цэргийн хүчин, дэлхийг сүлжсэн хүчирхэг банкны систем, корпорациуд, үндэсний мөнгөн тэмдэгт доллар нь АНУ-г дэлхийн түүхэнд байгаагүй хамгийн хүчирхэг гүрэн болгожээ. Энэхүү давуу байдлаа ашиглан АНУ өнгөрсөн 30 орчим жилийн хугацаанд өөрийн ашиг сонирхлоо дэлхийн бусад орнуудад тулгасаар ирсэн бөгөөд хэрэв шаардлагатай бол эдийн засаг, санхүү, цэргийн хүч хэрэглэж hegemony болох өрнөлийг үргэлжлүүлэн “барьцаа улам зузаатгасаар” байлаа.

Шинэ нэгдэл

Ийнхүү глобалчлагдсан, нэг туйлт дэлхийрүү шилжих үйл явц амжилттай хэрэгжиж байтал “гай газар доороос” гэгчээр колончлолийн эсрэг үзэлтэй, энх тайванч Обама гэгч нөхөр АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч болон сонгогдож орхив. Тэрээр АНУ-ын хийсэн дайнуудад уучлал гуйгаад, “дахиж хэзээ ч дайн хийхгүй” хэмээн амлав. Ийнхүү амласнаараа Нобелийн Энхтайвны шагнал ч хүртэв. Нөхөр харьцангуй дотогшоо чиглэсэн бодлого явуулж, АНУ-н 250 гаруй жилийн түүхэнд нийгмийн үнэлэмж болоогүй байсан ижил хүйстний гэрлэлт, социалист маягийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, марихуанаг хуульчлах, нийгмийн шударга ёс гэх мэт ажил асуудлуудад анхаарлаа хандуулж “ажлаа амжуулж” суух зуур нь АНУ-ын үнэмлэхүй байдалыг сөрөх нэгэн шинэ нэгдэл бий чимээгүй болж эхэлжээ.

Өмнө нь соёл, шашин, улс төрийн хувьд шууд хамаарал бараг байхгүй, хоорондоо тийм ч их “зузаан биш” Иран, Хятад, Орос хэмээх их гурван гүрэн нэг нэгэнтэйгээ илт сүжрэх болсон байна. Тэд нэг нэгнээ илт дэмжиж хамтын ажиллагаа, ойлголцлоо нягтруулж шинэ түвшинд аваачихаар ажиллаж эхэлсэн юм. Тегран, Бээжин, Москва өөрсдийн аливаа үйл ойлголцыг хойш нь тавьж нэгдмэл эрх ашиг, бие даасан байдлаа хамгаалахын тулд шинэ нэгмдэл стратеги боловсруулан хэрэгжүүлж эхэлжээ. Учир нь тэд тус тусдаа hegemony-г сөрөх хүчгүй, харин нэгдмэл байвал харьцангуй эсэргүүцэх чадвартай бөгөөд эдгээр улсуудын газарзүйн байрлалын онцлогууд нь энэхүү шинэ нэгдлийн харьцангуй давуу тал байлаа.

Тэгээд ч Ираны эсрэг хориг арга хэмжээ, Украйн дахь Майданы хувьсгал, Арабийн хувьсгал, Сири улсын иргэний дайн, Ливи улсын бөмбөгдөлт,  өмнөд тэнгис дэхь Хятадын сөргөлдөөн, дарамт шахалт зэрэг нь    1990 онд огт ойлголцол, хамааралгүй байсан эдгээр орнуудын нягтралыг улам нэмэгдүүлэх гол шалтгаан болжээ.

Санхүү, эдийн засгийн нэгдэл

АНУ-ын эдийн засгийн бодлого, бүтцийг харвал олон улсын шинж чанартай Дэлхийн Худалдааны Байгууллага, Олон Улсын Вальютийн Сан, Дэлхийн Банк зэрэг байгууллагууд нь том гүрний эрх ашгийг хамгаалах, эдийн засгийн тэргүүлэгч гүрэн байх нөхцлийг нь хангаж байдаг. Мөн Холбооны Нөөцийн Банкны мөнгөний бодлого нь АНУ-ын мөнгөн тэмдэгт болох “ноён долларыг” дэлхийн нөөцийн мөнгө байлгаж, олон улсын төлбөр тооцооны гол хэрэгслийн үүргийг гүйцэтгүүлэхэд оршдог. Холбооны нөөцийн гол “чадвар” нь хязгааргүй мөнгийг хэвлэх бөгөөд үүнийгээ бусад банк, санхүүгийн байгууллагуудад байршуулж, засгийн газруудад зээлдэг. Тиймээс бусад төв банкууд долларыг нөөцийн мөнгөө болгож хадгалах зайлшгүй шаардлагатай болдог бөгөөд энэ нь Вашингтоныг дэлхийн эдийн систем дэхь гол тоглогч болгодог байлаа.   

Гэвч “ноён долларын” ноёрхлыг сөрөх хэд хэдэн үйл явдал сүүлийн хэдэн жилүүдэд өрнөжээ. Эдийн засаг нь өдрөөс өдөрт хүчирхэгжиж буй Хятадын мөнгөн тэмдэгт болох Юан нь Олон Улсын Валютийн Сангийн нөөцийн болон төлбөр тооцооны багцанд орж, мөн тус улс Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг байгуулж, Дэлхийн Худалдааны Байгууллагыг илт сөрж эхэлсэн нь долларын байр суурийг ганхуулахад хүргэв. Мөн Оросын Төв Банк долларыг нөөцийн мөнгө байлгахаас татгалзсан бөгөөд Энэтхэгийн Рупи, Хятадын Юаныг илүүд үзэж хадгалах болсон байна. Богино хугацаанд хэт их ашиг олох гэсэн Уолл-Стрийтийн банкируудийн увайгүй үйлдлээс болж саб-прайм моргэйжийн хямрал (чанар муутай ипотекийн их хэмжээний зээлээс үүдсэн санхүүгийн хямрал) нь эдгээр ипотекийн зээлүүдийн багцуудыг “сайн, найдвартай” хэмээн зохиомлоор үнэлж байсан АНУ-д төвтэй чансаа тогтоох агентлагуудад итгэх дэлхийн улс орнуудын итгэлийг бууруулсан юм. Эдгээр үйл явц нь тус улсын санхүүгийн системийн статус-квог алдагдахад хүргэж АНУ-ын эрх ашигт нийцүүлэн зах зээлийг гажуудуулдаг явдалд нь том хазаар чөдөр болж эхэлжээ. Орос ба Хятадын биеэ даасан үнэлгээний агентлагууд гарч ирснээр барууны эдийн засгийн ноёрхлыг илт сөрөх болов.

Мөн дэлхийн тэргүүлэх эдийн засгийн дунд “долларгүйжүүлэлт” хэмээх үзэгдэл бий болж эхэлсэн бөгөөд энэ нь цаашдаа газар авах хандлагатай байна. Ялангуяа худалдаа хийж буй хоёр тал долларыг оролцуулахгүйгээр шууд хоорондоо бартер хийх аргыг сонгох болсон нь долларын нөлөөг багасгах, дэлхийн түүхий эдийн зах зээл дээрхи АНУ-ын оролцоо нөлөөг багасгах байдал бий болгох нөхцлийг үүсгэж байна. Иран Энэтхэг улсууд газрын тосыг Рупигээр наймаалцаж байхад, Хятад Орос худалдаагаа Юанаар хийж байна. Саяхнаас Орос сөнөөгч онгоцоо Индонезийн кофе, дал модны тосоор “тулсан” тухай мэдээлэл дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан билээ.

АНУ-ыг дэлхийн санхүүгийн системийн гол тоглогч байх бололцоог олгодог нэг түлхүүр нь АНУ-ын SWIFT банк хоорондын төлбөр тооцооны систем юм. Энэ системээрээ дамжуулан тэд олон улсын төлбөр тооцоо хийх, бусад улс, банкуудад хориг тавих, тэдний хөрөнгийг царцаах чадвартай байдаг. АНУ Ираны эсрэг хориг арга хэмжээ авахдаа тус улсын гадаадад байршуулсан 150 орчим тэрбум долларийн хөрөнгийг энэхүү системээрээ дамжуулж царцаасан юм. Энэ байдалд нь эгдүүцсэн шинэ нэгдэл Москвагийн санаачлагын дагуу SWIFT-ийг орлох олон улсын шинэ төлбөр тооцооны хэрэгсэл гаргахаар ажилдаа шамдан оржээ. Иран, Орос, Хятадын гаргаж ирэх гэж оролдож буй шинэ эдийн засгийн систем нь тэднийг өөрсдийнхөө хөрөнгийн зах зээлийг ч хамгаалахад чиглэгдэж байна. Хятадын үнэт цаасны зах зээлийн уналт, Оросын рублийн ханшийн уналт, Ираны эсрэг авсан хориг арга хэмжээ зэрэг нь эдгээр улсуудыг өөрсдийн санхүүгиийн зах зээл, хөрөнгийг хамгаалах нэгдмэл зорилгыг нь илт нэмэгдүүлж байна.

Худалдааны нэгдэл

АНУ-ын санаачилж амжилт олоогүй унасан Транс-Номхон Далайн Орнуудын Хамтын Ажиллагааны гэрээ (TPP) нь амжилттай батлагдаж хэрэгжсэн бол энэ нь АНУ-ын худалдааны давуу байдлыг мөнхөд хадгалах боломж олгох байв. Гэвч Хятадын санаачилсан шинэ худалдааны боломжууд нь АНУ-ын санал болгосон гэрээг бодвол жижиг улсуудад татварын болон бусад олон давуу талыг санал болгосноор өөрсөдтэй нь гэрээ хийх үүд хаалгыг нээж чаджээ. Бээжингийн Ази Номхон далайн Орнуудын Чөлөөт Худалдааны Гэрээ (FTAAP) нь жижиг орнуудын хувьд илүү сонирхол татахуйц байгаа.

 

Москвагийн хувьд хуучин Зөвлөлтийн харъяанд байсан улс орнуудаас бүрдсэн Хамтын нөхөрлөлийн орнууд (CIS), Евро-Азийн Улсуудын Холбоо (EAEU) нь өөрийн байр суурийг хадгалахад чухал түшиц болдог нь хэнд ч ойлгомжтой. Ялангуяа илт “баруунжих” болсон Украйн, Гүрж, Польш улсууд дахь АНУ-ын нөлөө илт нэмэгдэж Украйнд төрийн эргэлт гарсан, Оросын эсрэг барууны орнуудыг эдийн засгийн хориг арга хэмжээнд татан оролцуулсан зэрэг нь эдгээр холбоонуудын ач холбогдлыг улам нэмэгдүүлэв. Оросын дорно дахинаас эдийн түнш олж авах сонирхолд хөтлөгдөж байхдаа эдгээр улсуудыг ч хамруулахыг хичээж байгаа нь тодорхой юм.  

Мөн Хятадын шинээр санал Торгоны Зам төсөл нь АНУ, түүний холбоотон барууны улс орнуудын дэлхийн худалдааны ноёлогч байр сууринд ноцтой аюул учруулж эхлээд байгаа билээ. Бээжингийн гол зорилго нь Heartland болон Rimland дахь улс орнуудыг дэд бүтэц, худалдаа, санхүүгээс гадна эдийн засгийн хувьд хуурай замын болон далайн тээврийн хүчээр нэгтгэх зорилготой.  Үүнд зориулаад ирэх 10 жилд мянган тэрбум доллар буюу нэг триллион долларийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаагаа зарласан. Энэхүү төсөл нь амжилттай хэрэгжсэнээр Хятад улс өрнө, дорнын гол зангилаа болон зүүнтээ оршиж, хойноос Евро-Азийн улсууд, урдаас Энэтхэг, зүүн өмнөд Азийн орнууд, Персийн булан, Ойрхи Дорнод баруун талаас Европийг хамруулсан худалдааны асар том сүлжээг бий болгох зорилготой юм.  

Цэргийн нэгдэл

Сүүлийн жилүүдэд олон улсын харилцаан дахь АНУ-ын үүрэг нь энх тайвныг дэлгэрүүлэх, түгээх, ойлголцол, зөвшилцлийн шинжтэй гэхээсээ илүү тулгалтын, тулааны шинжтэй болж хувирчээ. Тэд “талбайн шүүгч”-ээс “дэлхийн цагдаа” шинжтэй болж хувирав. АНУ-ын гол зорилго нь эдийн засаг, соёл, улс төрийн бүх хэрэгслүүдээ ашиглан өөрийн давуу байдлыг хэвээр хадгалахад оршиж байна.  Тэдний хувьд бусад орнууд эвлэлдэн нэгдэж, холбоотон болж эхлэх нь ашиггүй. Ийнхүү дангаар ноёрхоход нь дэлхийн хамгийн өндөр төсөвтэй АНУ-ын цэрэг арми гол үүргийг гүйцэтгэсээр ирсэн юм. Гэвч ойрын жилүүдэд долларын нөлөөг бууруулж, цэрэг стратегийн хувьд шинэчлэгдэж, харилцан технологи солилцож, хамтран ажиллах болсон Иран, Орос, Хятадын нэгдэл энэ байдлыг өөрчилж эхлэх хандлагатай байна.   

Аливаа улс төрийн нэгдэл нь цаанаа цэргийн стратегийн хамтын ажиллагааг дагуулдаг. АНУ Иракаас цэргээ гаргаснаар хэт даврагч бүлэглэлүүд, террористууд орон зайг нь эзэлсэн бөгөөд энэ нь сульдсан Иракийг бүр мөсөн хүчгүйдүүлсэн нь бодит явдал. Улмаар Иранд шууд заналхийлэх аюул үгүй болсноор Иран нь АНУ-ын Ойрхи Дорнод дахь гол холбоотон болох Саудын Араб, Туркийн эсрэг шийдвэртэй сөрөн зогсох боломжтой болж ирэв.

Украйнд болсон төрийн эргэлтийн улмаас НАТО Оросын хилд ойртож ирэх боломжтой болсон бөгөөд үүнийг Оросууд шууд заналхийлэл гэж үзсэн юм. Сири дахь иргэний дайн нь Орос, АНУ-г шууд бусаар proxy дайн хийх талбар болгож байна. Хятадын хувьд Японтай маргаантай байгаа аралын асуудал, мөн өмнөд тэнгисийн хял хязгаар тойрсон сөргөлдөөн нь худалдааны чөлөөт хөдөлгөөнд садаа болж Хятадад хохиролтойгоор тусч байсан юм. Ийм нөхцөлд цэрэг зэвсэглэлийн асуудалд эдгээр улсууд илт нягтарч эхэлсэн бөгөөд ялангуяа Оросууд “хэзээ ч зарахгүй” хэмээдэг байсан сүүлийн үеийн дэвшилтэт технологио  Хятадууд худалдаж эхэлсэн нь эдгээр улсуудын харилцаа шинэ түвшинд гарсныг илтгэнэ.

Төгсгөл

Талын нүүдэлчин Монголчууд дотроо тэмцэлдэж, нэгнээ хэмлэн суух зуур дэлхийн геополитик, эдийн засгийн харилцаанд түүхэн, тектоник шинжтэй өөрчлөлт явагдаж байна. Дэлхийн улс орнууд үүнийг анхааралтай ажиглаж байгаа гэдэгт эргэлзэхгүй. Манай “байн байн” солигддог төр засаг ч тэр үүнийг анхааралтай ажиглаж буй бизээ. Энэ шинэ нөхцөл байдал цаашид хэрхэн өрнөх, ямар ирээдүйг авчрахыг хэн ч хэлж мэдэхгүй. Ер нь ч тэгээд сүүлийн үед олон улсын харилцаан дахь тав байтугай хоёр жилийн цаадахыг ч таамаглахад бэрх болсон. Энэ нөхцөлд талын нүүдэлчдийн удам болох Монголчууд дотоод асуудлаа яаралтай цэгцэлж, нэг л толгойтой, нэгдмэл дуу хоолой, бие даасан бодлоготойгоор, алсыг харж урагшлах цаг нь гарцаагүй болжээ. Ялангуяа их гүрнүүдтэй харилцах харилцаандаа нааштай өөрчлөлт оруулж, “торгон мэдрэмж” гарган, хэт нэг талыг барихгүйгээр ухаалаг урагшлах түүхэн нөхцөл бидний өмнө гарцаагүй үүссэн байна.

 

 

Тойвч тайлбар:

  • Hegemony – Тэргүүлэгч гүрэн, түүний ноёрхол
  • Heartland – Энергийн асар их цөөцтэй Орос, Төв Азийн улсууд
  • Rimland – Баруун Европ, Ойрхи Дорнод, Зүүн Азийн улсууд

 

 

Сэтгэгдэл бичих

    • 11
    • 2017-09-22

    'мянган тэрбум доллар буюу нэг триллион долларийн...' = 'нэг их наяд долларын...'

arrow icon