Нийтлэл 09 сарын 15, 2017

Чагтлагдсан сэдэв: 'АМАЗОН' ХИЛЛАРИ КЛИНТОНЫ ШИНЭ НОМНЫ СӨРӨГ СЭТГЭГДЭЛҮҮДИЙГ УСТГАВ

Интернет худалдааны "Амазон" компани энэ сарын 12-ноос борлуулагдаж эхэлсэн Хиллари Клинтоны “Юу болсон бэ” номны сөрөг сэтгэгдэлүүдийг вэб сайтаасаа утсгасан байна

"Амазон"-ы хэрэглэгчид түүний номонд янз бүрийн байр сууриас сэтгэгдэл үлдээж байсан ба зарим хүн үүнийг “зөгнөлт” зохиол гэж ёжилж байсан бол нилээдгүй хэсэг нь ялагдалдаа өөрийгөө биш бусдыг буруутгаж бичсэн гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл түүнийг бодит байдлыг буруу дүгнэсэн, түүний ялагдалд Берни Сандерс, Владимир Путин, Холбооны мөрдөх товчооны дарга асан Жэймс Коми гэх мэт өөрөөс нь бусад бүх хүн буруутай мэтээр тайлбарласан гэж үзжээ. Хиллари Клинтон номондоо дээрх хүмүүсээс гадна АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама, Ерөнхийлөгч Доналд Трамп нарыг шүүмжлэн бичсэн аж.

"Амазон" дээр байсан сөрөг сэтгэгдэлүүд өчигдөр буюу есдүгээр сарын 14-ний өглөөний 10 цаг 31 минут, өдрийн 14 цаг 55 минут орчимд хэвийн байсан боловч 17 цаг 23 минут гэхэд олонх нэг одтой сөрөг сэтгэгдэлүүд устаж, таван одтой эерэг сэтгэгдэлүүд үлдсэн байсан аж.

"Амазон" компаний хэвлэлийн төлөөлөгч Fortune сэтгүүлд энэ үйлдлээ тайлбарлан: “Үйлчлүүлэгчид шийдвэр гаргахад юу туслах, эс туслахыг шийдэх нь бидний үүрэг биш... Гэхдээ бидэнд олонхийн дуу хоолой цөөнхийн дуу хоолойг боомилохгүй байлгах механизм байдаг ба манай нийтлэг дүрмийг зөрчсөн сэтгэгдэлүүдийг бид устгадаг.” гэсэн байна.

Өмнө нь "Амазон" 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Доналд Трампын эсрэг байр суурьтай байсан нэвтрүүлэгч Меган Келлигийн номны сөрөг сэтгэгдэлүүдийг устгаж байжээ.

Одоо Хиллари Клинтоны номын таван одтой эерэг сэтгэгдэл ихээхэн өндөр хувь эзлэх болсон боловч сөрөг сэтгэгдэлүүд нэмэгдсээр байгаа юм. Гэхдээ түүний ном "Амазон"-ы шилдэг борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлж байна.

Сэтгэгдэл бичих

arrow icon