АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72-р хуралд НҮБ-ыг шинэчлэх санаачилгаа танилцууллаа. Ерөнхийлөгч Доналд Трамп НҮБ-ын үйл ажиллагаа “хангалттай үр дүнтэй биш байна” НҮБ-ыг шинэчлэх асуудлаар ярилцсан хурал дээр мэдэгджээ.
Доналд Трампын Засгийн газраас НҮБ-ыг шинэчлэх 10 зүйл бүхий санаачилгыг дэвшүүлж, НҮБ-ыг “хүнд сурталд бага анхаарч, хүмүүст их анхаарах”-ыг уриалсан байна. Тэрээр өөрийн илтгэлдээ “2000 оноос НҮБ-ын төсөв 140%-иар нэмэгдэж, ажилтнуудын тоо хэдийн хоёр дахин их болсон
боловч бид үүнтэй дүйцэхүйц үр дүнг олж харахгүй байна.” гэжээ.
АНУ-ын энэ санаачилгад Япон, Их Британи, Тонга, Йемен зэрэг дэлхийн 130 гаруй улс нэгдсэн. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш дэмжиж буйгаа илэрхийлэн илтгэлдээ “21-р зууны НҮБ”-ыг байгуулах нь бидний гол зорилго юм гэжээ.
Харин үлдсэн 70 гаруй орон энэ санаачилгыг дэмжээгүй байна. Үүнд Орос, Хятад, Франц зэрэг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнууд багтаж байна
.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Шинэчлэл одоогийн бодит нөхцөл байдлыг тусгах ёстой бөгөөд шинэчлэлийг ямар нэг төгсгөлтэй хүрэх цэг гэж харах ёсгүй.” гэж мэдэгджээ.
НҮБ-ын энэ жилийн Ерөнхий Ассамблейн хуралд ОХУ болон БНХАУ-ын төлөөлж төрийн тэргүүнүүд биш харин Гадаад хэргийн сайд нар оролцож байгаа юм.
Монгол улсаас мөн адил Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил оролцож байгаа ба НҮБ-ыг шинэчлэх АНУ-ын санаачилгыг Монгол улс дэмжиж байгаа эсэх талаар мэдээллээгүй байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар НҮБ-ын хурал эхлэхийн өмнө зургаа авхуулав. Эх сурвалж: AP
Сэтгэгдэл бичих