Нийтлэл 09 сарын 29, 2017

МАН лидерээ сонгож чадсан уу?

МАН Бага хурал Монголын улс төрийн хувьд ихээхэн онцгой үед болов. Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорсоны дараа Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй албан тушаалаасаа бууж, удахгүй УИХ-ын дарга М.Энхболд МАН-ын даргын суудлаа өгөх гэж байна.

2016 оны сонгуулиар Ерөнхийлөгчөөс бусад төр, засгийн бүх дээд албан тушаалыг эзэлсэн МАН-д удирдлагын хоосон орон зай үүсэж байна. Өөрөөр хэлбэл хуучин удирдлага унаж, шинэ удирдлага томилогдох цаг иржээ.

Гэтэл энэ солигдох процесс МАН-ын хувьд ирээдүйн лай ланчигийн үр болж магадгүй байна. Учир нь өмнөх МАН-ын удирдлага унасан процесс МАН-ын ямар хуваагдмал, салангид удирдлагатай болсныг харуулсан ба МАН-д нэгдмэл удирдлага, лидер хэрэгтэй байгааг харуулж байна.

Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахаар МАН-ын 30 гишүүн “гэнэт” гарч ирэн УИХ-д МАН-ын гишүүд Засгийн газрыг огцруулах асуудлаар тэнцүүхэн хуваагдав. НИТХ дээр мөн адил шинэ дарга томилох болоход Д.Баярсайхан, Ц.Амарсайхан хоёр дээр санал тэнцэн томилж чадсангүй. Харин Бага хурал дээр ширүүхэн хуваагдаагүй ба У.Хүрэлсүхийн “натурал” дэмжигчид түүнийг дэмжээд гаргаад ирэв. Гэхдээ У.Хүрэлсүх одоохондоо МАН-ын лидер болж, МАН-ын үйл ажиллагааг удирдаж явах байр сууринд очоогүй байна.

Орчин үеийн намын улс төртэй орнуудад эхлээд намын удирдлагаа дараа нь төрийн удирдлагаа авдаг жишиг байдаг ба намын ажил, төрийн ажлыг салган заагладаг. Их Британи Европын Холбооноос гарахаар боллоо, эсрэг байр суурьтай байсан тухайн үеийн Консерватив намын Ерөнхий сайд Жэймс Камерон албан тушаалаа өглөө. Одоогийн Ерөнхий сайд Тереза Мэй Консерватив намын удирдлагад өрсөлдөж ялаад, дараа нь Ерөнхий сайд болов. Хятад нам, төрийн эрх мэдэл шилжүүлэх үйл явцаа зүгшрүүлэн сүүлийн гурван үеийн дээд удирдлага мөн энэ жаягаар эхлээд намын удирдлагаа авсаны дараа Бүх Хятадын Ардын их хурлаар орж төрийн албан тушаалаа авдаг. Японд Шинзо Абэ 2012 оноос хойш эрх баригч Либерал Ардчилсан намын дарга байсаар байна.

Ийм дарааллыг дагах учир нь намаа зохион байгуулж эмхэтгээгүй үед төрийн салаа мөчир дээр байгаа намын албан тушаалтнууд хамтран ажиллаж чадахгүй, улсын ажил биш улс төр хийсээр дуусахаас сэргийлэх зорилготой юм. Өөрөөр хэлбэл гэрээ засаад, төрөө зас гэсэн дараалал.

МАН-ын өмнөх удирдлага “гэрээ засахгүй” явсаар төрийн албаны бүх шатнаас унаж байна. Одоо энэ алдааг давтахгүй байя гэвэл УИХ дахь МАН-ын бүлэг, Засгийн газар, Нийслэлийн удирдлага болоод МАН-ын удирдлага дор бүрнээ дов босгох биш МАН-ын шинэ удирдлагад (leadership) нэг зорилгын төлөө ажиллах шаардлагатай. Ингэж ажиллах шалтгааныг 2020 оны сонгууль, 2021 онд болох МАН-ын 100 жилийн ой, юун түрүүнд эдгээр зорилгын төлөө амжилттай ажиллах лидер өгөх ёстой. Энэ лидер нь намын дотоодод хамгийн өргөн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн, гишүүддээ болоод олон нийтэд зорилгоо ойлгуулсан, итгэл найдвар хүлээж болохуйц  хүн байх ёстой юм.

Ерөнхий сайдад нэр дэвшигчээр тодорсон У.Хүрэлсүх ийм лидер байж чадах уу?

Тэрээр 1990-ээд оны эхэн үеэс хойш Монголын улс төрд орсон боловч өөрийгөө олон нийтэд өргөн хүрээнд таниулж чадаагүй аж. Ямартай ч итгэсэн, хэлсэндээ тууштай гэдэг нь МАН-ыг байгуулалцсан, 2012 онд УИХ-ын гишүүн суудал, намын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаа өгсөн зэргээс нь харагддаг. Харин сүүлийн үед МАН-ын дотоод тэмцлийн үйл явцад өөртөө эх оронч имиж бүрдүүлэхийг зорьж байх шиг. Аль нь ч буруу зүйл биш.

Гэхдээ түүнд Ц.Элбэгдорж, С.Баяр, Х.Баттулга шиг шинэ бодлого санаачилж хэрэгжүүлэх гэсэн (харамсалтай нь хэн нь ч бодлогоо бүрэн хэрэгжүүлээгүй) түүх алга.  Дээрх улс төрчид улс төрийн лидерийн хувьд нөхцөл байдалд дасан зохицохоосоо илүүтэй нөхцөл байдлыг хувиргаж өөрчлөх (өөрт эсвэл хэн нэгэнд ашигтайгаар) чиглэлтэй улс төр хийж ирсэн. Тийм учраас янз бүрийнн бодлого санаачилж, олон нийт, улс төрийн хүрээнийхнээс дэмжлэг цуглуулж бодлогоо хэрэгжүүлэх гэж зүтгэсэн.

У.Хүрэлсүх Засгийн газарт Шадар сайдаас дээш албан тушаал хашиж үзээгүй болоод тэд нар шиг тодорч чадаагүй байж магадгүй.

Харин ихээхэн реакцтай, “гал унтраах” арга барилтай бололтой. Салаавч гаргаж өдсөнд нь хариуг нь барьчихна. Ямар сайндаа араас нь “тагнуул” илгээхдээ өгсөн заваарчилгаанд нь яаж амархан өдөх вэ гэдгийг кино шиг тайлбарласан байхав дээ. Ердөө "Казиногийн дуулиан"-ыг нь ярихад л болоо. Омголон хүний шинж.

Түүний улс төрийн үйлдлүүд нь үйл явдлын түрүүнд биш сүүлд явдаг. Морь хөлөөр нь хил гаргахыг хориглох, морин уралдаанд эрлийз, цэврээр нь ялгах, өнгөрсөн зуны түймэртэй тэмцсэн зэрэг нь хэдийн үүсчихсэн бодит шаардлагад хариу барьж “гал унтраасан” хэрэг явдлууд байв.

Хэрвээ У.Хүрэлсүх Ерөнхий сайд болвол төрийн бодлогын асуудлуудыг “гал унтрааж”, “цохиж унагаадаг” аргаар шийдэл хийх боломжгүй. Шийдэл нь тодорхойгүй, бүтээлч сэтгэлгээ шаардсан асуудлууд зөндөө байна. Өмнөх Засгийн газар нь багш, эмч нарын цалин, хотын өмхий, утаа гээд "хярвас болтлоо түлэгдсэн" асуудлуудыг үлдээсэн зэргийг харгалзвал ойрын хугацаанд “гал унтраагаад” байж болох мэт. Гэтэл Эрдэнэт, Тавантолгой, Улсын өр, Үндсэн хуулийн асуудлуудыг шийдэхэд “хуучин” Хүрэлсүх хэрэггүй л болов уу.

arrow icon