Өмнөх "Бид юуны төлөө ажиллана вэ?" цувралыг эндээс үзнэ үү.
Тэгвэл ажил хийхийн үнэ цэнэ мартагдан буй энэ цаг үед, төр бидэнд юу хийж өгөх бол?
Шууд дүгнэлтээс нь хэлэхэд
- Юу ч хийж өгөхгүй!
Энэ бол дээрх асуултын хариулт юм. Яагаад вэ гэхээр, өнөөгийн төрүүд бол “Юу ч хийхгүй” гэдэг философи дээр суурилсан бодлого баримталж буй учраас тэр.
Энэ хүртэл уг номонд гарсанчлан, олон янзын “үзэл”, “изм”, “онол” яригдаж ирсэн. Мөнхүү улстөрчид ч бас тухайн цаг үеийнхээ философийг өмнөө барьж, түүндээ тулгуурлан улс төрийг хөдөлгөж ирсэн учиртай боловч, тэдгээр нь хэрхэвч өнгөрсөн цагийн яриа төдий биш юм. Одоо, энэ цаг үеийн улс төрчид ч бас мөн л ямар нэгэн философичийн бодож олсон “изм”-д тулгуурлан төрийг залж буй нь тодорхой.
Тэгвэл өнөөдөр “ямар изм”-ын эрин юм бэ?
Улс төрчид “ямар изм” дээр тулгуурлаж төрийг зална вэ?
Үнэндээ бол өнөөдөр Неолиберализмын эрин үе юм.
Неолиберализм гэж юу вэ? Нео буюу “шинэ” гэсэн тодотголтойг бодоход, зүгээр “Либерализм” ч бас байх нь ойлгомжтой.
Тэр нь бол уг номонд танилцуулагдсан Адам Смитийн философи юм. Адам Смитийн ярьсан зүйлийг дахин нэг эргэн санахыг хүсье.
- Хувь хүн бүр хүсэл шуналынхаа чинээгээр “чөлөөтэйгээр” эдийн засгийн үйл ажиллагаа явуулж, эцсийн бүлэгтээ “үл үзэгдэх гарын” зохицуулалтаар нийтээр аз жаргалтай болох биз ээ.
Энэ бол “Либерализм” юм. Нэг ёсондоо, “бүгдээрээ чөлөөтэй юу дуртайгаа хийцгээхэд л болно шүү. Тэгвэл амьдрал сайхан болно
” гэсэн үзэл санаа. Үнэндээ бол энэхүү Адам Смитийн либерализм нь өнөө цагт хэлбэрээ өөрчлөн шинэчлэгдэн мандсан бөгөөд, тэр нь Неолиберализм юм.
Тэгэхээр Неолиберализм хүртлэх түүхийг хөнгөхөн гүйлгэн өгүүлье.
Урьд цагт дэлхийн зах зээл Адам Смитийн либерализмд захирагдан, бүгдээр чөлөөтэй юу хүссэнээ хийдэг байлаа. Тэгтэл нэг өдөр дэлхийн хэмжээний их хямрал тохиож, олон улсын эдийн засаг хариугүй сүйрэхээ дөхсөн айхтар явдал болов.
Ингээд “Хүүе яадаг билээ. Энэ зах зээлийг чинь зөнд нь орхиж болдоггүй юм байна, аюултай юм байна
. Яалт ч үгүй л төр зах зээлд хяналт тогтоож, удирдаж байхгүй бол болохгүй нь!” гэсэншүү юм болж, “Төр идэвхитэйгээр зах зээлд хуруу дүрж, эдийн засгийн байдлаа зохицуулах нь зүйтэй” гэсэн бодлого тийш улс бүрийн үзэл бодол ханаралдан нурж орхив.
Ингээд төр нь эдийн засаг муудаад ирвэл татварын мөнгөөр тасхийтэл том том төсөл хэрэгжүүлж, компаниуддаа ажил олгох байдлаар эдийн засгаа зохицуулан зах зээлийг тогтворжуулж, бүгдээр амар жимэр энх тунх ажиллаж амьдрах тайван цаг хэсэгтээ үргэлжилжээ.
Гэвч тэр цаг үе ч бас нэгэнтээ төгсгөлдөө ирэв. Төр зах зээлийг манлайлахын тулд, нийтийн бүтээн байгуулалт нэрийн дор татварын мөнгийг баруун солгойгүй урсгаж өгсөн боловч, үнэндээ бол тэр нь мөн л төрийн албан хаагчийн түвшний л ажил байсан юм. Тэд хувийн хэвшил шиг амь амьдралаараа дэнчин тавин байж зүтгэхгүй. Муухан төлөвлөсөн тооцоогоор баахан алдагдалтай бүтээн байгуулалт хийнэ. Ямар ч эдийн засгийн үр өгөөжгүй зүйлд байдаг мөнгөө цутгана. Түүний хажуугаар төрөөс ажил авдаг компаниуд ч бас нүнжигтэй харилцагчдаа дулдуйдан амандаа орсон үнээ хэлж, нөгөө таарсан төрийн албан хаагчид нь ч нүдээ аниад нэхсэн мөнгийг нь өгч л орхино. Гээд нэг иймэрхүү унхиагүй юм хийсээр явтал, төрийн эхлүүлсэн төслүүд ээлж дараалан дампуурч эхэлнэ. Баахан алдагдалтай бүтээн байгуулалт олон тоогоор хийсний үр дүнд, төр нь тоймгүй их өр үлдээгээд талийж одов
.
Эцэстээ энэ мэт олон асуудлууд ундран босч, эдийн засаг нь муужирч, төр ямар ч бодлого явуулаад түүнийг зохицуулж чадахаа болив. Ингээд Америк, Европ, Япон тэргүүтэй үсрэнгүй хөгжсөн орнууд төрөөс зохицуулах эдийн засгийн бодлого нь ээлж дараалан бүтэлгүйтээд ирмэгц, энэ удаад эсрэг зүг рүү таширалдан үзэл бодлоо сольж гарсан хэрэг.
- Заа болъё. Төр эдийн засгийг зохицуулна гэж ёстой гонж юм байна.
Ийнхүү гэмшсэний үр дүнд, “Нээрээ л төр юу ч хийлгүй, зах зээлийг бүх нийтийн эрх чөлөөнд даатгаад орхих ёстой юм байна” гэсэн Адам Смитийн Либерализмыг дахин санагалзах болж, үүгээр өнөө цагийн Неолиберализм эхэлсэн түүхтэй.
Дөнгөж хөгжиж эхэлж буй Монголын хувьд эртэдсэн яриа боловч, нэгэнт үсрэнгүй хөгжөөд буй улс орнуудын голлох урсгал болсон энэхүү Неолиберализм гээч нь, чухамдаа тэгээд ямар үзэл юм бол?
Ганц үгээр хэлэх юм бол, Неолиберализм гэдэг нь “Зах зээлийг зах зээлд нь даатгаад, хувийн хэвшлийг эрх чөлөөгөөр нь хангая” гэсэн бодлого бөгөөд, дотроо тодотгож хэлэх 2 чухал санааг агуулна.
Нэгд, төрийн зохицуулалтыг багасгах. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийн алив үйл ажиллагааг хязгаарласан хууль журмуудыг халж багасган, тэднийг аль болох чөлөөтэй байлгах явдал юм.
Өмнөх үеийн төрүүд (мөнхүү өнөөгийн Монголын төр)
- За бас арай ч юутай ийтэй нь бүгдийг нь зөвшөөрөөд байвал нийгэм чинь бантан болчихож магадгүй учир, хязгаарлалт тавих нь зүйтэй гэсэн санаа бүхий хууль журам олноор тогтоож, түүгээрээ зах зээлийг зохицуулдаг байлаа. Тэгтэл Неолиберализм гарч ирснээр:
- Ахиж хязгаарлаж журамлахгүй ээ. Тийм хуулиудыг бүгдийг нь хална. Бүгдээрээ юу хүссэнээ чөлөөтэй хийцгээнэ үү!
гэх хандлагатай болж ирэв.
Ухаандаа, өнөөдөр Монголд цахилгаан дулааны үнээс авхуулаад, мах, бензин, таксины үнийг хүртэл төрөөс зохицуулж байна. Тэглээ гээд бид бүхэн чанартай хүртээмжтэй таксины үйлчилгээ авч чадаж байгаа юу гэвэл эргэлзээтэй. Харин Неолибералист бодлого баримтлах юм бол иймэрхүү асуудалд төр ширхэгчлэн санаа тавихаа нэг мөр болих ёстой. Мэдээж хэрэг зохицуулалт гэнэт байхгүй болмогц тодорхой хэмжээний савлалт үүсч, зах зээл хийгээд нийгэм бужигнах нь зайлшгүй
биз. Гэлээ гээд хэсэг хугацааны дараа бүх зүйл тогтворжих ёстой тэр газраа тогтворжиж, зах зээл өөрийн хуулиараа тэнцвэртээ очиж тогтох болно. Гэхдээ энэ бол Адам Смитийн “Үл үзэгдэгч гар” үнэхээр байдаг гэж итгэсний үндсэн дээрх яриа л даа. Ерөөс Адам Смит юу гэж хэлсэн бэ гэхээр “Зал зээлийг хувь хүмүүсийн хүсэл сонирхолд нь чөлөөтэй орхивол сайн. Үр дүнд нь үл үзэгдэгч гарынзохицуулалтаар гарцаагүй бүх нийтээр аз жаргалд хүрэх болов уу” гэсэн таамаглал байсан. Неолиберализм гэх үзэл бол энэхүү Адам Смитийн сонгодог зах зээлийн зарчим дээр суурилж буй юм. Тиймээс неолиберализмыг шүтэгч хүний хувьд эрх чөлөө л чухам “сайн” зүйл бөгөөд, эрх чөлөөнд зохиомлоор хязгаарлалт хийх нь үл үзэгдэгч гарны үйл ажиллагаанд садаа болох “муу” зүйлд тооцогдох учиртай.
Хоёр дахь чухал санаа бол жижиг төр юм. Төдийг хүртэл төр нь цуглуулсан татварын мөнгөөрөө бизнес эрхлэн, зам барих, шуудан зөөх гэх зэргээр элдэв янзын “төрийн үйлчилгээг” түмэнд хүргэдэг байсан бол, энэ ч бас Неолиберализмын өнцгөөс харвал “төрийн хийх ёстой ажил биш” болно. Яагаад гэвэл төрийн үйлчилгээ гэдэг бол хувийн хэвшлүүд чөлөөтэй зах зээлд оролцоход садаа болох үйл хэрэг учраас тэр. Тиймээс “төрийн үйлчилгээ” нэрийн дор явагдаж буй нийтийн бүтээн босголт болон халамж үйлчилгээнүүдийг бүгдийг нь больж, хувийн хэвшлийн эрх чөлөөнд даатгах ёстой гэсэн үг.
Тэгэхээр энэ хүртэл уншвал уг бүлгийн эхэнд өгүүлсэн дүгнэлтийн утга эрхбиш ойлгогдох болов уу. Төр бидэнд юу хийж өгөх вэ?
- Төр юу ч хийж өгөхгүй.
Яагаад гэвэл өнөө үе бол неолиберализмын эрин үе бөгөөд неолиберализмын хувьд төр гэдэг бол “Чөлөөт өрсөлдөөн бүхий тавцанг бүтээгээд, түүнээс цааш юу ч хийлгүй, зүгээр л түүндээ хяналт тавих бяцхан институц” учраас тэр юм.
Тэгээд төр нэгэнт чөлөөт өрсөлдөөний нийгэм л төрүүлэх тул, тэнд юу ч болдог бай бүгд “хувь хүний хариуцлага” байх болно. Өрсөлдөөнд ялагдаж, ядуурлын хөндийд ойчиж унасан ч төр огт хариуцлага хүлээхгүй. Төр тийм юмсыг зохицуулахаа нэгэнт больсон. Төр урьд цагт зохицуулах гэж оролдоод бүтэлгүйтсэн учир, одоо бол “өөрсдөө мэдээд хийцгээчих ээ хө” гэсэн хандлага тийш урссан юм. Тэгээд тийм чөлөөт өрсөлдөөний нийгэм учраас л баян хоосны ялгаа тэлж, “тэгш бус байдал” бий болж, “чадалтай ба чадалгүйчүүд” гэсэн үгс амтай болгоны амнаас урсдаг болсон учиртай ч, энэ ч бас жам ёсны өрнөл гэж хэлж болох биз ээ.
Угаасаа л иймэрхүү зүйл болно гэдгийг бүр анхнаас нь онолчид тооцож байсан нь тодорхой биз. Нээрээ л “гэнэт бүх юм чөлөөтэй болчхоор чинь, нэг хэсэгтээ л зах зээл хуйларч, азгүйтэх хүн ч гарч таарна” гэсэн л яриа бөгөөд бүх юм тооцооллын хүрээн дотор эргэлдэж байна гэж хэлэх боломжтой.
Гэсэн ч зах зээл яаж ч улайран хуйларлаа гээд яаж ийгээд намжиж л таарна гэж тэд тооцож байлаа. Яагаад гэвэл тэднийг Неолиберализмын үзэл санаа түшиж байсан хэрэг. Өөрөөр хэлбэл, эхэндээ хичнээн хуйларлаа ч, яваандаа “үл үзэгдэгч гар” гарч ирэн бүх юм очих ёстой төрхөндөө очиж, эцсийн дүндээ бүгд сайхан болно гэж итгэж байсан юм.
- Юу ч болдог бай, “үл үзэгдэгч гар” гарцаагүй зохицуулж л таарна…
Тэгэвч…, “үл үзэгдэгч гар” гээч юм үнэхээр байдаг юм болов уу? Үнэндээ бол “үл үзэгдэгч гар” гэдэг нь ердөө л итгэл үнэмшил болохоос, хэрхэвч шинжлэх ухаанлаг ч юм уу, онолын үндэслэлтэй эд биш юм. Энэ чигтээ юу ч хийлгүй зөнд нь орхивол үнэхээр бүх юм сайн сайхан болох болов уу?
Үүнээс цаашх төрүүд юу болох бол? Энэ хэвээрээ неолиберализмыг тууштай зүтгүүлэх болов уу? Эсвэл хямрал сонгуулийн нөлөөгөөр “Дэмий юм байна, төр л зохицуулахгүй бол горьгүй нь” гэлцэн ахиад л нөгөө тийшээ нуралдах болов уу?
Гэхдээ энд нэг л зүйл тов тодорхой харагдана. Бүгд хямдхан зугаа цэнгэлд автан, “хөдөлмөрийн үнэ цэнэ” мартагдан балартвал, Неолиберализм нь ч бай, эсрэг Неолиберализм нь ч бай, аль нь ч явцгүй болон мухардана
. Тэр цагт Неолиберализмыг орлох “Шинэ ИЗМ” бодож олохгүй л бол нэмэргүй.
Мэдээж энэ бол энэ цаг үеийн үүрэг даалгавар, энэ цаг үеийг амьдрах бид бүхний амин зорилго мөн боловч, энэ зорилгыг биелүүлэх өндөр магадлал бүхий бүлэг хүмүүс бий. Эдийн засгийн системээ тогтоон барихын төлөө амь амьдралаа ашиглуулж, хэтийдсэн ажлын ачаалалд бие сэтгэлээрээ хохирсон хүмүүс, эсвэл ажил хөдөлмөрөөс үнэ цэнэ мэдрэхээ больж эцэстээ амьдран буй нийгмээсээ тусгаарлагдсан хүмүүс, ядуучууд, чадалгүйчүүд, NEET-үүд. Өөрөөр хэлбэл өмнөх үеийн измээс төрөн гарсан түүхэн асуудлын золиос болсон тэр хүмүүс. Тэд бол түүхийн тэргүүн эгнээнд алхаж яваа хүмүүс бөгөөд тийм ч учраас тэд л “төр гэж юу вэ?”, “хөдөлмөр гэж юу вэ?”, “аз жаргалтай сэтгэл хангалуун амьдрал гэж юу болох” тухай хичээнгүйлэн философидож, “шинэ үнэлэмж” төрүүлэхгүй бол болохгүй. Тэгээд тэдний төрүүлэн гаргах “шинэ үнэлэмж” ирээдүйд улс төр, соёл, эдийн засаг, ер бүхий л салбарт ертөнцийг чиглүүлэх залуур болон солигдох болно.
Тиймээ, яг одоо ертөнц шинэ үеийн Руссог хүлээж байна.
2016 оны 10-р сарын 18
Adam smith iinhee onoloo zuw oilgochood bichyaa. Buruu oilgosnoo ingej hudal bichij bolohgui ee.