Монголд муу мэдээ байна, сайн мэдээ бас байна.
Муу мэдээ нь: 27 жилийн турш үргэлжилж ирсэн хулгай, завхрал оргилдоо хүрч байгаа явдал(төрийн бүх аппарат нийлж нийтийн хамгийн том өмчийг нэг группт гарын үсгээр хувьчлаад зогсохгүй түүнийг тойроод Үндсэн Хууль зөрчигдөж байгаа ганц жишээнээс харж болно). Сайн мэдээ нь: Түүний хамтаар энэ бүхнийг эцэслэх шаардлага эрчимжиж, шударга ёс хэзээ хэзээнээс хүчтэй нэхэгдэх болсон явдал. Хүрэлсүхийн Засгийн газар энэ сайн муугийн хурц өнцөгт огтолцол, сүүлчийн итгэл найдвар дээр төрж байгаа онцлогтой кабинет болж байна. Л.Оюун-Эрдэнэ гишүүний кабинет бүрдүүлэх чуулган дээр хэлсэн үг нөхцөл байдлыг товч тодорхой тоймолжээ.
“Энэ улсад жам ёсны юм гэж байхгүй болчоод байгаад би бухимдаад байгаа юм. Тогтолцоо гэж байхгүй болчоод байна. Энэ засаг ард түмний 71 хувийн итгэл дээр гарч ирлээ, шударга ёсыг хэрэгжүүлнэ, шударга ёсыг тогтоож чадна гэдэг итгэл. Хэрвээ энэ засаг энийг хийж чадахгүй бол 2020 оны сонгуулиар гуравдагч хүчин ялна, эсвэл хувьсгал болно. Өөр ямар ч гарцгүй сүүлчийн найдвараа энэ засгийн газарт илгээж байгаа юм шүү”
гэжээ (видео ).
Тэгээд энэ засаг иргэдийн сүүлчийн найдварыг даах эсэхийг хэн, юу шийдэх вэ?
У.Хүрэлсүхийн кабинетийн хувь заяанд шийдвэрлэх нөлөөтэй гурван яамны сайд нарын өгсөн амлалт ба иргэдийн зүгээс анхаарах зүйлсийг хүргэж байна.
Хууль зүй, дотоод хэргийн яам, Ц.Нямдорж
Ц.Нямдорж товчдоо төр бүлэглэлд, хууль улстөрд үйлчилдэг завхралыг арилгах ам өгсөн.
У.Хүрэлсүхийг түших нэг баганаар түүнийг сонгож байгаа нь хулгайг зогсоохгүйгээр түүний кабинет олон нийтийн дэмжлэгийг алдана, харин Ц.Нямдоржгүйгээр хулгайч нартай тэмцэх боломжгүй учраас. 27 жил Монголын буяныг сорж хүчирхэгжсэн мөнгө, улстөрийн лобби хүчийг сөрөх зангараг Центерпоинтын хэрэг, долоон сарын нэгэн гээд хамгийн хэцүү үеүдийг дааж, 7 удаа УИХ гишүүн, 5 дахь удаагаа хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэж байгаа түүнээс өөр хүнд байхгүй гэхэд хилсдэхгүй. Ц.Нямдорж бол сүүлчийн шаанс. Тэрээр өөрөө “Монгол орших уу, эс орших уу”-г шийдэх цаг дор “алд бие минь алдарваас алдартугай” гэжээ. Шударга ёс, хариуцлага бол моралийн дайн учраас мөнгө ч ихтэй, алдах юм ч ихтэй хүмүүсээс алд бие, хувь хүн рүү нь хэвлэлээр ширүүн дайрах магадлалтай. Хэвлэл мэдээлэл ноён нуруутай, мэргэжлийн ухамсартай байх, иргэдийн хувьд нөхөр дайснаа ялгах ухаан, тархи угаалтад дархлаатай байх нь хэзээ хэзээнээс чухал болж ирэх болов уу. Мэдээж Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өөрийнх нь лидершип, олон эрх ашигтай харилцах зарчмын байр суурь шийдвэрлэх үүрэгтэй.
Уул уурхай хүнд үйлдвэрлэлийн яам, Д.Сумъяабазар
Д.Сумъяабазар уул уурхайн баялагт тогтолцооны реформ хийж, ил тод нээлттэй компанийн засаглал нэвтрүүлэх бодлого баримтлах ам өгсөн. Ц.Нямдоржийн амлалт ба Д.Сумъяабазарын амлалт угтаа нэг еэвэнгийн хоёр тал юм.
Ил тод нээлттэй засаглалгүй учраас хулгай хийгддэг, хулгай хийдэг учраас тогтолцоог хөгжүүлэхгүй хаалттай байлгадаг. Хэрвээ томхон ордуудын үнэт цаасыг арилжаанд оруулж, менежментийн шинэчлэл хийвэл олон нийтийн хяналт, ил тод байдал, хөрөнгийн захын хөгжил, баялгийн хуримтлал гээд олон асуудлын зангилаа тайлагдана. У.Хүрэлсүх “газрын доор өмч Монголын ард түмний өмч” байх нь миний амьдралын философи гэж хэлсэн амандаа хүрэх эсэх нь энэ яам, сайд хэрхэн ажиллахаас шууд хамаарна. Д.Сумъяабазар хэлснээ хийх юм бол Сангийн яам нь жасын нярав, Уул уурхайн яам нь лицензийн нярав хийх маягтай явж, үүний дунд үйлдвэрлэлийн бодлого, зах зээлийн институцүүдийн хөгжил хаягдаж ирснийг нөхөж өгөхөөс гадна улстөрчийн хувьд “бөх”өөс жинхэнэ утгаар зодог тайлна. Иргэд, хэвлэл мэдээллийн талаас бол хувьчлал, менежментийн арга зам олон янз тул мэргэжлийн хэлэлцүүлэг, экспертийн санал, шаардлага чухал.
Сангийн яам, Ч.Хүрэлбаатар
Ч.Хүрэлбаатар төсвөөс хууль бус зардлуудыг таслан зогсоохын төлөө ажиллах амлалт өгчээ. Энэ ч мөн Ц.Нямдоржийн зорилготой нэг зоосны хоёр тал шиг шинж чанартай. Монголд улстөрийн авилга байгалийн баялаг болон төрийн өмч, төсөвт төвлөрдөг. Байгалийн баялгийн хувьд Уул уурхайн яам голлох нөлөөтэй бол төрийн өмчийн хувьчлал, төсвийн зарцуулалтад Сангийн яам нөлөөтэй. Ч.Хүрэлбаатар амалсан ёсоор хэрэгцээгүй төсвийн зардлыг танавал алдагдал буурч, алдагдал буурахын хэрээр хувийн хэвшлийн урдуур эдийн засгаас мөнгө татах хэрэгцээ, татварын дарамт, хүүгийн зардал багасна. Сангийн яамнаас төсөвт хяналт тавихад мажоритар системээр сонгогдсон УИХ-ын гишүүдийн тойргоо тордох ашиг сонирхол саад болдог. Иргэдийн хувьд төсвийн зарцуулалтын ил тод тайлан, шударга хувьчлал шаардахаас гадна пропорциональ сонгуулийн тогтолцоог дэмжиж өгвөл энэ нөлөөллөөс илүү чөлөөтэй ажиллах боломж бүрдэнэ.
Дээрх яамууд реформ хийж чадвал эдийн засгийн чадамж өөрчлөгдөж, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамж зэрэг салбаруудыг өөд нь татах боломж аяндаа үүснэ. Энэ гурван яамны ажил Ерөнхийлөгч Х.Баттулгатай хэрхэн харилцахаас хамаарахыг бас мартаж болохгүй.
Ерөнхийлөгч хууль хүчний талдаа Шүүх, Прокурорт томилгоо хийдэг, Тавантолгойн орд дээр идэвхитэй улстөр хийж ирсэн, мөн Сангийн бодлогын хувьд төсвийн том эх үүсвэр болох Хятад улсын эсрэг популизм хүчтэй хийж Ерөнхийлөгч болсон зэргээс үзэхэд энэ гурван яамтай улстөрийн зөрчилд орох магадлалтай. Улстөрийн ямар нэг зөрчил үүсвэл У.Хүрэлсүхийн хувьд нэгэнт Ерөнхий сайдад Үндсэн хуулиар олгогдсон эрх мэдэл хязгаарлагдмал тул шударга ёсны захиалга, олон нийтийн эрэлт хамгийн том хамгаалалт нь болно. Хийхээс өөр аргагүй ажил дааж авсан “сүүлчийн найдвар” кабинет ажлаа хийх эсэх, хийх бол олон нийттэй хэрхэн харилцахаас Монголын маргааш хамаарах улстөр эхэлж байна.