Нийтлэл 10 сарын 26, 2017

Н.Мөнхжаргал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг ярихад боловсролын тогтолцоог эхлээд ярих хэрэгтэй

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах үйлчилгээг Монголд анх удаа нэвтрүүлсэн “Түгээмэл хөгжил” бие даан амьдрах төвийн зохицуулагч Н.Мөнхжаргалтай тус төвийн үйл ажиллагаа болон бие даан амьдрах хэмээх ойлголтын тухай ярилцлаа.

Өөрийгөө болон “Түгээмэл хөгжил” бие даан амьдрах төвийн талаар танилцуулаач?

Намайг Мөнхжаргал гэдэг. “Түгээмэл хөгжил” төвд зохицуулагч хийдэг. Манай төв 2010 онд байгуулагдсан 12 ажилтантай 100 гаруй гишүүдтэй. Төвийхөө гишүүдийн ирээдүйн амьдрал, эрүүл мэнд, боловсролд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Манай 12 ажилтны 9 нь хөгжлийн бэрхшээлтэй 2 нь хөгжлийн бэрхшээлгүй туслах ажилтан энэ жилээс гаднаас сайн дурын нэг ажилтан урьж гадаад харилцааны ажилтнаар ажиллуулж байна. 

Танай төвийн гишүүд болон ажилчид ямар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байдаг вэ?

Гишүүдийн хувьд 18-аас дээш насны янз янзын бэрхшээлтэй хүмүүс байна. Тухайлбал нуруу нугасны гэмтэлтэй, тархины саажилттай, хөл гараа тайруулсан мөн сүүлийн үед оюуны бэрхшээлтэй гишүүд нэмэгдэх болсон. Харин манайд харааны болон сонсголын бэрхшээлтэй хүмүүс байхгүй.

Гишүүддээ чиглэсэн үйл ажиллагаанаас дурдвал?

Манай үйл ажиллагаа ерөнхийдөө үндсэн 6 чиглэлд хуваагддаг. Нэгдүгээрт гишүүддээ зориулсан сургалт семинар, олон нийтийн баяр ёслолыг хамтдаа тэмдэглэх зэрэг арга хэмжээ зохион байгуулдаг. Одоогоор бид гишүүддээ англи болон япон хэлний сургалтыг үнэ төлбөргүй япон багшаар заалгаж байна. Мөн илтгэх урлаг, төсөл тайлан бичих, албан бичиг хөтлөх зэрэг сургалтыг зохион байгуулж байгаа. Мөн бидэнд туслах болон манайд ажиллах хүсэлтэй сайн дурын гишүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэж ямар хүнийг хэлэх вэ тэдгээр хүмүүст ямар нөөц бололцоо байдаг болон тэдний бэрхшээлийн онцлог, ямар үйлдэл хийхдээ хязгаарлагдмал байдаг учир юун дээр нь туслах хүн хэрэгтэй байдаг вэ? зэрэг сургалтуудаас гадна тэргэнцэртэй хүнийг хэрхэн түрж явах, өргөж суулгах, хувцаслах, хооллох зэрэг онол практик хосолсон сургалт байдаг. Манай гишүүдийн ихэнх нь өөрсдөө хооллох, хувцаслах, босож суух чадваргүй хүмүүс байдаг болохоор зайлшгүй туслах үйлчилгээ шаардлагатай байдаг юм.

Бие даан амьдрах төвийн зорилго нь юу вэ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ганцаараа бие дааж сурахад нь чиглэх үү?

Бие даан амьдрах гэдэг нь сонголт хийх, шийдвэр гаргах, хариуцлага хүлээх гэсэн гурван ойлголтын цогцыг хэлж байгаа юм. Хүмүүс бие даан амьдрах төв гэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг шууд л ганцаараа биеэ даагаад амьдарч сурах юм байна гэж ойлгоод байдаг. Өөрөө хувцсаа өмсдөг, иддэг, уудаг ганцаараа явдаг болгох эмчилгээний, эсвэл дасгал хөдөлгөөн хийлгэдэг төв гэж боддог. Харин манайх хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийн нөөц бололцоогоо ашиглаад нийгэмд дээр хүмүүсийн дунд амьдрахад зайлшгүй хэн нэгэн хүний тусламж хэрэг болдог учир туслах үйлчилгээг Монголд анх удаа нэвтрүүлж байгаа юм. Тэгэхээр бие даан амьдарна гэдэг хэн нэгэн туслахын тусламжтай нийгэмд ямар нэгэн нөлөөллийн ажлыг ямар ч саадгүйгээр хийж сурна л гэсэн үг. Яахав хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асарч гадуур явахад нь туслах гэр бүлийн гишүүд байдаг. Гэхдээ гэр бүлийн хэн нэгэн хөгжлийн бэрхшээлтэй болоход гэр бүлийн нэг гишүүн нь ажлаасаа гараад асрахад улсаас 64 мянган төгрөг л авдаг. Ингэхээр энд хүний эрх зөрчигдөж байгаа юм. Хөдөлмөрийн насны ажил хийх чадвартай хүн нийгмийн даатгал төлөхгүй, гадуур чөлөөтэй гарч найз нөхөдтэйгээ уулзаж чадахгүй зэрэг хязгаарлагдмал байдал бий болдог. Бид энэ байдлыг халахын тулд туслах үйлчилгээг нэвтрүүлж туслах үйлчилгээний сургалтад хамрагдсан хүмүүсийг цагийн хувиарын дагуу ажиллуулж байгаа. Нэгэнт л хүн болж төрсөн  юм чинь энгийн хүний хийж байгаа бүхнийг хийж үзэхийг хүснэ. Номын санд сууна, баар пабд орж үзнэ, кино үзнэ, хайрлаж дурлана гээд хүний хийдэг бүхнийг хийхийг хүснэ. Харин энэ бүхнийг ээжтэйгээ аавтайгаа яваад хийх боломж хомс учир Монголд ч бас туслах үйлчилгээ зайлшгүй хэрэгтэй. Энэ үйлчилгээ Япон болон Америкт аль хэдийн тогтсон ойлголт болсон зүйл. Энэ тухай бид 2016 онд батлагдсан хуулийнхаа 32-р зүйлд тусгасан. Энэ хууль маань хэрэгжихээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд туслах үйлчилгээг аваад явах бүрэн боломжтой. Үүний өмнө бид туршилт болгож бие даан амьдрах загвар төсөл боловсруулаад одоо амжилттай хэрэгжиж байна.

Туслах ажилтан болохын тулд хэд хоногийн сургалтад сууж цагийн хэдэн төгрөгөөр цалинжиж ажиллах боломжтой вэ?  

Манайх үндсэндээ 2 хоногийн сургалт явуулдаг. Энэ хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэний тухай ойлголт, тэднийг хувцаслах хооллох,гадуур авч явах, шатаар өргөж гарах гэх мэт сургалт зөвлөгөөг явуулдаг. Ихэвчлэн оюутнууд болон орой ажил нь эрт тардаг хүмүүс манайд хандаж цагийн ажил хийхийг хүсдэг. Бид улсаас цагийн ажил хийхэд нэг цагийн хэдэн төгрөгөөр боддог гэдгийг судалж үзээд нэг цагийн 3500 төгрөг байхаар тогтсон. Гэхдээ туслах ажилтан хийнэ гэдэг нь хэн нэгэн хүний гэрийн үйлчлэгч хувийн боол зарц биш. Жишээлбэл намайг өглөө гэрээс ирж аваад, хувцаслаад, ажил дээр хүргэж өглөө буцаад өөрийнхөө ажлыг хийж байгаад орой тарах цагт ирж гэрт хүргэж өгөх, хоол хүнсний зүйл цуглуулах зэрэгт туслаад ажилласан цагийнхаа хөлсийг авах боломжтой. Үүнийг ямар бэрхшээлтэй хүн өдөрт хэдэн цагийн туслах үйлчилгээ авах хэрэгтэй байдаг тэдэнд ямар бэрхшээл тохиолддог гэдгийг бид нарийвчлан судалж байгаа.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн энгийн хүмүүсээс сэтгэл санааны хувьд илүү тогтворгүй байдаг. Танай төв гишүүддээ сэтгэл заслын эмчилгээ хийдэг үү?

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нэг хэсэг нь төрөлхийн бэрхшээлтэй нөгөө хэсэг нь бүх юмаа өөрөө хийж чөлөөтэй амьдарч байсан хүмүүс ямар нэгэн ослоос болоод бэртээд нэг л мэдэхэд хүнээс хараат болсон байдаг. Энэ үедээ маш их шоконд орж, сэтгэл гутралд орно. Мөн гадуур гараад явахад нийгмийн нөлөө байна. Нийгмийн нөлөө гэдэг нь хүмүүс шууд барьж аваад зодож нүдээд элдвээр хэлэхгүй ч заавал эргэж хардаг, сонждог. Зарим тохиолдолд хүүхдүүдээ загнахдаа чи аав ээжийнхээ үгэнд орохгүй бол энэ хүн шиг болно шүү гэх мэт үг хэлж буй нь бидний чихэнд хүрэх үед өөртөө итгэлгүй болж, гадуур гарах хүсэлгүй гэртээ байх хүсэлтэй болдог. Энэ тухайгаа сэтгэл зүйчид очоод ярихаар тэр хүн надтай адилхан тэргэнцэр дээр сууж үзээгүй. Миний мэдэрдэг мэдрэмжийг авч үзээгүй болохоор тэр бүр туслаж чаддаггүй юм. Энэ асуудлаа шийдэх үүднээс бид зөвлөлдөх үйлчилгээг бий болгосон. Өөрөөр хэлбэл адилхан тэргэнцэр дээр суудаг хүмүүс бие биедээ зовлон жаргалаа ярилцаж нэгнээсээ суралцах, сэтгэлийн дэм болдог гэсэн үг. Бид шинэ гишүүддээ та нарыг хүмүүс сонжиж харж байна гэдэг сайхан хэрэг. Чи өөрийгөө хэний ч мэдэхгүй дуучин жүжигчнээс илүү олны танил хүн гэж өөрийгөө бодоод итгэлтэй бай гэж зөвлөдөг. (инээв )

Мөн манайх нийгэмд нөлөөллийн ажлууд тогтмол хийдэг. Энэ нь өөрсдөдөө хөгжилтэй, нийгэмд өөрсдийгөө ойлгуулах бид ч бас энгийн хүмүүс шиг амьдарч болдог юм шүү гэдгийг ойлгуулах үйл ажиллагаа зохион байгуулдаг. Тухайлбал хамтдаа кино үзэх, боулинг тоглох, караокед орох зэрэг. Биднийг боулинг тоглох гээд очиход хүмүүс гайхаад та нар яаж тоглох юм бэ? Энэ бөмбөгийг чинь гүйж ирээд шиддэг шүү дээ гайхдаг. Харин бид тоглож үзүүлсний дараа нээрээ энэ хүмүүс чинь тоглож болох юм байна бусдын хийдэг зүйлсийг яг адилхан хийж чадах юм байна гэж бидний тухай бага ч гэсэн ойлголттой болдог. Бид анх удаа тэргэнцэртэй мисс, хамтдаа гүйе гэх мэт нийгэмд эерэг ойлголт өгөх нөлөөллийн ажлууд хийсэн.

Улсаас та бүхнийг хэрхэн дэмждэг вэ?

Бидэнд тэр бүр төрөөс тусламж дэмжлэг үзүүлэх нь ховор. Хууль захирамж талаас нь туслах зүйл байх ч бидний хийж буй ажлыг дэмжиж санхүүжүүлэх тал дээр муу.  Гэхдээ бид улсаас тусламж дэмжлэг хүсээд зүгээр суух эрх байхгүй. Өөрсдийнхөө амьдралын нөхцөл байдлыг сайжруулах үүднээс өөрсдөө хөдөлмөрлөх өөрсдийн дуу хоолойгоо олон нийтэд хүргэх л чухал. Бид тэргэнцэртэй хүмүүст зориулсан тэргэнцрийг Монголд үйлдвэрлэсэн. Нийгмийн халамжаас яг адил хэмжээтэй тэргэнцрүүдийг тараадаг. Гэтэл өөр өөр биеийн хэмжээтэй өөр бэрхшээлийн онцлогтой хүмүүс байгаа учраас бид энэ асуудлыг шийдэх үүднээс тэргэнцэр үйлдвэрлэх ажил хийж байсан боловч санхүүгийн байдлаас болж одоо зогссон байгаа. Харин засвар үйлчилгээг бол хийж байгаа. Мөн байгууллагуудын захиалгаар гадна талын замыг нь налуу болгох, нэг ариун цэврийн өрөөг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулан тохижуулж өгөх зэрэг ажлууд хийгдэг байна.

Эдгээр ажлуудыг хийх төсөв санхүүгийн асуудлыг яаж зохицуулдаг вэ ямар ямар байгуулгатай хамтарч ажиллаж байна?

Манай 12 ажилчид өөрсдийн нөөц бололцоогоороо гаргадаг. Мөн сүүлийн үед албан байгуулагатай хамтран ажиллаж судалгаа мониторингийн ажил хийж байна. Тухайлбал хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Жайка олон улсын байгууллага, зам тээврийн яам, барилга хүлээн авах комисс зэрэг.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих байгууллагууд байна уу?

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж зуучилдаг байгууллага тусдаа байдаг. Гэхдээ энэ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудал гэдэг өөрөө их төвөгтэй асуудал. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудалыг ярихад боловсролын тогтолцоог эхлээд ярих хэрэгтэй.  Ажил олгогч нар ажлын байр бэлдээд хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажил авах гэхээр тэр хүмүүс өөрсдөө ажил олгогчийн тавьсан шалгуурт тэнцдэггүй. Боловсролын асуудал гарч ирдэг. Гэхдээ үүний цаана улсын зүгээс боловсролын тогтолцоо бодлого зохицуулалт сөхөгдөнө, харин бидний зүгээс сурч боловсроогүй залхуу хойрго байсны илрэл байдаг. Манай улс харьцангуй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ажлын байраар хангах үүднээс хуулиндаа 25 ажилтантай байгууллагад нэг хөгжлийн бэрхшээлтэй хүн байна гэж заасан байдаг. Үүнийг хүмүүс гаднаас нь хараад танайх хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулахгүй байна гэдэг. Гэтэл тэнд дотор эрхтний бэрхшээлтэй хүмүүс ажиллаж л байдаг. Нөгөө талаараа ажиллах боломжгүй унаж татдаг өвчтэй хүн ажиллуулж байгаад өвчин нь сэдрэх үед унаж бэртэх магадлал байдаг учраас болгоомжлол бас байдаг юм шиг. Харин ажиллаж байгаад бэртсэн хүмүүсийг эргээд ажлыг нь хийлгэх боломжийг хангаж өгвөл зүгээр санагддаг. Жишээлбэл химийн багш мэргэжилтэй хүн байхад хими ордог ангийг нэг давхарт байрлуулах нэг давхардаа ариун цэврийн өрөөг нь шийдэж өгөх гэх мэт дэмжих ажлыг нь хийвэл хэдий хөгжлийн бэрхшээлтэй болсон ч гэсэн тэр хүний сурсан мэдсэн зүйл толгойд нь байгаа учир ажлаа хийхэд асуудал гарахгүй. Тэгэхээр энд бидний санаачлан хэрэгжүүлж байгаа туслах ажилтны үүрэг маш их хэрэгтэй болно.

Монголд хэд орчим хөгжлийн бэрхшээлтэй хүн байдаг юм бол тэднийг дэмжих туслах танайхаас өөр ямар байгууллага байдаг вэ?

Монгол 108 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа. Үүнээс 10 хувь нь зайлшгүй хүний тусламжтай хувцсаа өмсөж хооллож гадагшаа гарах боломжтой хүмүүс байдаг. Хот хөдөөгийн нийлсэн 300 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төв бүртгэгдсэн байдаг. Үүнээс байнга үйл ажиллагаагаа явуулдаг идэвхтэй байдаг нь 50-аас хэтрэхгүй л байдаг.  Хөгжлийн бэрхшээл бүр өөр өөрийн онцлогтой. Оюун ухаан нь зүгээр ч тулгуур эрхтний бэрхшээлтэй хүмүүс байна. Эсрэгээрээ тулгуур эрхтэн нь зүгээр оюуны бэрхшээлтэй хүн байна. Зарим нэг оюуны бэрхшээлтэй хүн нь юмыг огт ойлгохгүй мэдрэхгүй. Тухайлбал сая чамайг орж ирэхэд чинь үнэрлэж байсан хүн бол 2 настай байхад нь эмч нар нугаснаас нь ус авснаас болж оюуны бэрхшээлтэй болж хүн амьтан эд юмсыг үнэрлэж л ялгадаг. Хүний хэлж буй зүйлийг тэр бүр ойлгодоггүй болсон. Гэхдээ оюуны бэрхшээлтэй хүн бүр ийм биш. Жишээлбэл Японд оюуны бэрхшээлтэй хүн дарсны үйлдвэрт ажилладаг. Ийм хүмүүст зайлшгүй хийж чаддаг нэг зүйл байдаг. Тэр зүйлийг нь олоод хийлгэвэл маш сайн хийдэг.

2016 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүний эрхийн тухай хуультай болсон. Энэ хуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тоног төхөөрөмж нөхцөл үйлчилгээг авах ёстой гэсэн байдаг танай төвийн тоног төхөөрөмж стандартад нийцэх үү?

Энэ хууль батлагдаад дөнгөж нэг жил болж байгаа. Аливаа хууль хэрэгжихэд дүрэм журам байдаг. Тэр дүрэм журмыг боловсруулж цэгцэлж байгаа. Манай төвд харааны болон сонсголын бэрхшээлтэй хүмүүс байхгүй. Гэхдээ ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан тусгай тоног төхөөрөмж тусгай үйлчилгээ гэж байхгүй. Дээрх хуулинд заасан нь бол брайл зам, ном, дэвтэр зэргийг дурдаж байгаагаас гадна тэргэнцэртэй хүмүүст зориулсан тохижилт үйлчилгээг хэлж байгаа юм. Жишээлбэл бид энэ төвийнхөө тохижилтыг өөрсдөө хийсэн.  Гэхдээ энэ нь тусгай гэсэн үг биш. Гэрлийн унтраалгыг доор байрлуулсан үүнийг 2 настай хүүхэд орж ирээд унтраах, налуу замд хүмүүс тэрэг түрээд эсвэл хөл муутай хүмүүс таяг тулаад түүгээр явах боломжтой. Тэгэхээр заавал тийм тусгай зүйл байхгүй харин  энэ бол түгээмэл загвар, түгээмэл хэрэглэгдэхүүн юм. Бид бусдад өөрсдийгөө тусгай юм хэрэглэж тусгай хүмүүс гэж өрөвдүүлэхийг хүсддэггүй. Өөрсдийнхөө төлөө аливаа асуудалд өөрсдийнхөө дуу хоолойгоо хүргэж халамж үйлчилгээг авч чаддаг. Одоо төв замаар явж байгаа том цэнхэр автобусыг бид жагсаал хийж байж оруулж ирсэн. Тэр үед Монголд Хятадын ерөнхийлөгч айлчлаад энэ үеэр олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулж болохгүй гээд биднийг цагдаад өгсөн. Харин тухай үед цагдаа нар шийдвэр гаргах түвшний хүнд асуудлыг танилцуулаад тэр автобусыг оруулж ирэх зөвшөөрлийг оруулж ирсэн. Тэр автобусны арын хаалганд жижиг кноп байдаг. Түүнийг дарахад жолоочид хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна гэсэн мэдээлэл очоод налуу зам бууж тэргэнцэртэй хүмүүс орох боломжтой. Энэ мэт бид цаашид ч өөрсдийнхөө төлөө нөлөөллийн ажлууд хийж нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх болно.

 

Сэтгэгдэл бичих

    • Zochin
    • 2017-10-28

    Mundag humuus yumaa amjilt husye

arrow icon