УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар танилцууллаа”. Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн 6 зорилтын хүрээнд гарсан эерэг үр дүнгүүдээс тоймлон хүргэе.
- 2017 оны төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеэс 1.3 их наяд төгрөгөөр буурч 737.8 тэрбум төгрөг болсон.
Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.доллар, ОУВС-аас 38.4 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл орж ирсэн.
- Цаашид Япон Улс 850 сая ам.доллар, БНСУ 750 сая ам.доллар, Энэтхэг Улс нэг тэрбум ам.долларын бага хүүтэй зээлүүдийг олгохоор болоод байна.
Гадаад валютын албан нөөц 2017 оны 10 дугаар сарын байдлаар 1,750.2 сая ам.долларт хүрсэн байна.
- Хөвсгөл аймгийн Их-Уул суманд 2017 оны зургаадугаар сард хуурай сүүний үйлдвэр ашиглалтад орсон.
Экспортын хэмжээ 2017 оны эхний гуравдугаар улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 37.5 хувиар өслөө.
- Ажилгүйдлийн түвшин 2017 оны хоёрдугаар улирлын байдлаар 9.6 хувь болж, өмнөх оны мөн үеэс 0.8 нэгжээр буурлаа.
- Мөн 2016 оны гуравдугаар улиралд -1.6 хувьд хүрч унаад байсан эдийн засгийн өсөлт 2017 оны хоёрдугаар улиралд 5.3 хувьд хүрч өслөө.
Харин дараах ажлуудын үйл явц удаашралтай байгааг мөн мэдэгдлээ.
- Цахиурт Овоогийн төмрийн хүдрийн уулын баяжуулах, Дулаан хар уулын холимог металлын уулын баяжуулах, Ширэн Овоогийн төмрийн хүдрийн уулын баяжуулах, Хар Овоогийн уулын баяжуулах зэрэг төслийн хэрэгжилт
Газрын тосны олборлолт, үйлдвэрлэлийн хэмжээ 2017 оны эхний есдүгээр сарын байдлаар өмнөх оны мөн үеэс зургаан хувиар буурсан байна.
- Тавантолгойн ордод түшиглэн олборлон баяжуулах үйлдвэрийн цогцолборыг барьж байгуулах төслийн хэлэлцээрийн хэрэгжилт
- Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн төслийн хөрөнгө оруулагчийг сонгох, төслийн ТЭЗҮ-ийг шинэчлэн боловсруулах ажлууд
- Төслийн санхүүжилтийн хэлбэрийг тодорхой болгоогүйн улмаас Дулааны III цахилгаан станц, Чойбалсангийн ДЦС-ын ажлын явц
- Тавантолгойн 450 Мвт-ын цахилгаан станц барих төслийн хүрээнд хийгдэх цахилгаан худалдах, худалдан авах гэрээний хэлэлцээр
- Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-г тодотгох ажлын үйл явц
- Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-аар батлуулах ажил
- “Ноолуур”, “Малыг эрүүлжүүлэх” зэрэг хөтөлбөрүүдийн төсөл
- Сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах арга хэмжээний хэрэгжилт
Мэдээллийнхээ төгсгөлд тэрбээр “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-т туссан томоохон төсөл, арга хэмжээний биелэлтийг эрчимжүүлж, хэрэгжилтийн үнэлгээ, тайлагнан сайжруулах чиглэлээр холбогдох сайд нарт үүрэг даалгавар, чиглэл өгч ажиллаж байгаа бөгөөд цаашид эрчимжүүлэх чиглэлээр томоохон ажлын хэсэг байгуулан ажиллахаар төлөвлөөд байна гээд ирэх 2018 оны хувьд эдийн засаг, улсын төсөв, банк санхүүгийн салбарын өмнө шийдвэрлэх ёстой хэд хэдэн чухал асуудал хүлээгдэж байгаа, макро эдийн засаг бүрэн тогтворжоогүй байгааг бид онцгой анхаарч төсөв, санхүүгийн сахилга батыг чанд сахих, төсвийн зарлагыг хэт нэмэгдүүлэх, шинээр өр үүсгэхээс зайлсхийх, байгаа хөрөнгийн эх үүсвэрийг үр ашигтай төсөлд оновчтой зарцуулах зэрэгт онцгой анхаарч ажиллах шаардлагатай гэж үзэж байгаагаа онцоллоо.
Эх сурвалж: Засгийн газрын ХМОНХХэлтэс
Сэтгэгдэл бичих