Нийтлэл 11 сарын 09, 2017

Хүүхдэдээ зааж өгөөрэй: САЙН гар, МУУ гар

Бага насны хүүхэддээ заавал уншиж өгөөрэй.

Энэхүү “САЙН гар, МУУ гар” ном нь бага насны хүүхдэд бэлгийн боловсролын талаар ойлгомжтой хялбар байдлаар тайлбарласан ном юм.

Зөвхөн бэлгийн боловсролын талаар ч биш, хүүхдүүд тоглож байхдаа хэн нэгэнд дээрэлхүүлэлгүй, бас үе тэнгийхнээ гомдоолгүй, өөрийгөө хайрлаж бусдыг хүндлэх талаар зааж зөвлөсөн, хүүхдэд маш хэрэгтэй ном тул та бүхэндээ орчуулан хүргэхээр шийдсэн юм. 
Хүүхэддээ уншиж өгч, харилцан ярилцаарай. 

МУУ гар, САЙН гар

МУУ гар гэж юу вэ??? Чамайг өвтгөдөг, айлгадаг, уур хүргэдэг, гомдмоор санагдуулдаг тэр ГАР-ыг хэлдэг. 
САЙН гар гэж юу вэ? Гоё санагддаг, баярлуулдаг, дулаахан зөөлөн санагддаг, тайвшруулдаг тэр ГАР-ыг хэлдэг. 

 Хэрэв хэн нэгэн чиний цээж, гэдэс, боожгойг чинь оролдвол тэр бол МУУ гар. Энэ үед тэр хүнээс аль болох хурдан холдох хэрэгтэй.

Тэр хүн чамайг өвтгөхгүй байсан ч гэсэн, нэг л биш гэж чамд бодогдвол, чиний таньдаг хүн байсан ч хамаагүй, тэр хүнээс яаралтай зай барьж, хэн нэгэнд заавал хэлээрэй. 

Хэрвээ МУУ гартай уулзвал хурдан зугатаж, заавал хэн нэгэнд хэлээрэй. 

Тоглож байгаа хүүхдүүд чинь чамайг цохиж, өшиглөвөл тэр ч гэсэн МУУ гар, МУУ хөл гэсэн үг юм. Түлхэж, чимхэж, чихдэж, үсдэх нь ч гэсэн МУУ гарт ордог.

Гижигдэж тоглох нь хөгжилтөй ч удаан гижигдвэл бас л МУУ гарт орно. 

 

 

МУУ гар-уудын ижил тал нь юу вэ?

Өвддөг
Аймаар байдаг 
Уур хүрдэг 
Гомддог. 
МУУ гартай хүн бол чамайг хайрладаггүй, хүндэлдэггүйн илрэл юм. Чи Муу гартай уулзвал “БОЛЬ”, “БИТГИЙ” гэж хэлэх эрхтэй. 

Тэгвэл САЙН гар гэж юуг хэлэх вэ??? 
Дулаахан, зөөлөн бас нойр хүргэх ээжийнх нь зөөлөн тэврэлт, аавын чинь үүрэлт.

Эмээдээ үнсүүлэх, найзтайгаа хөтлөж алхах, таньдаг ах эгчид толгойгоо зөөлөн илүүлэх бас хүмүүстэй гар барих нь САЙН гар-т багтана. 

САЙН гаруудын ижил тал нь юу вэ?
Гоё санагддаг
Баярладаг 
Дулаахан зөөлөн санагддаг
Тайвширдаг 

САЙН гартай хүн бол чамайг хайрлаж, хүндэлдэг хүн юм. 

Хэрвээ хэн нэгэн чамд МУУ гараа хүргээд, энэ нь чамд таалагдахгүй бол “Боль” “Битгий” гэж хэлэх хэрэгтэй. 
Учир нь: 
Чиний бие бол ЧИНИЙХ
Чиний сэтгэл бас ЧИНИЙХ
Чи өөрийн юм бүхнээ өөрөө хамгаалах хэрэгтэй.

Сэтгэгдэл бичих

arrow icon