Нийтлэл 11 сарын 09, 2017

БИ САЙН ЭЭЖ: Ээж хүн ямагт өөрийн хийж буй үйлдлээрээ хүүхдүүддээ үлгэрлэж байх ёстой

Хүнээр хүн хийх гайхалтай нарийн арга ухаан гагцхүү ээж хүнээс л гардаг. Тиймдээ ч   хүний хорвоогийн хамгийн нандин эрдэнэ бол ээж хүн.  Хариу нэхдэггүй тусыг, мэдрээд хэзээ ч шавхагдахгүй их хайрыг ээж гэдэг эрхэм хүмүүс л бидэнд өгч чаддаг юм. Бид хүүхдээ зөв хүмүүжил эерэг хандлагатай хүн болгон хүмүүжүүлсэн ээжүүдийн туршлагаас хуваалцдаг  “Би сайн ээж” буланг хүргэдэг билээ. Энэ удаа боловсролын салбарт олон жил ажиллаж хүний өөрийн маш олон хүүхдүүдэд хоёргүй сэтгэлээр хандаж ардын багш хэмээх хүндтэй алдрыг өндөрт өргөж яваа нэгэн ээжийн туршлагаас хуваалцахаар бэлтгэлээ.

МУИС-ийг багш мэргэжлээр төгсөж улсад 16 жил ажиллаад одоогоор “Зөв дадал” хүүхэд хөгжүүлэх төвийг ажиллуулан үр хүүхэддээ сайн ээж, сайн багш байхыг үлгэрлэсээр яваа энэ эмэгтэйг Пэрэнлэйн Отгонмаа гэдэг. Анх 21 настай залуухан ээж болж түүнээс хойш 5 сайхан хүүхэд төрүүлж алдарт эхийн одонгоор энгэрээ мялаажээ. Тэрээр  үр хүүхдийнхээ зөв хүмүүжил, бяцхан шавь нарын амжилт бүтээлээр урамшиж өдөр бүрийг аз жаргалтайгаар өнгөрүүлдэг. Мэдээж хэрэг эмэгтэй хүн тэр дундаа  таван хүүхдийн ээж хүн эрдмийн мөр хөөж боловсролын салбарт ажиллана гэдэг чамгүй даваа. Үүнийг гэр бүлийн хайр халамж, бие биеэ гэсэн сэтгэлээр даван туулжээ. Тэрээр багшийн үүргээ ч эзэгтэйн үүргээ ч маш сайн гүйцэтгэж хүүхдүүдээ  МУИС, АШУҮИС зэрэг Монгол улсын нэр хүндтэй сургуулийн шилдэг төгсөгч, Universe best songs, Монголын ковер одод зэрэг урлагийн наадмын шилдэг оролцогч зэрэг  урлаг соёл, шинжлэх ухааны өндөр боловсролтой болгож хүмүүжүүлжээ.

Анхны хүүхэддээ ямар төлөвшил, ямар хүмүүжил олгоно яг түүгээр дараагийн хүүхдүүд хүмүүждэг

Мэдээж хэрэг хүнд байх ёстой хамгийн чухал үнэт чанар бол хүнлэг энэрэнгүй байх. Хамгийн түрүүнд хүүхдүүддээ хүн чанартай зөв хүн байхыг шаарддаг. Харин дараа нь сайн аав, сайн ээж болгохын тулд зааж зөвлөдөг. Би мэдээ орсон цагаасаа хойш ээжийн хайрыг мэдэрч үзээгүй. Намайг таван настай байхад ээж маань бага дүүг  төрүүлээд төрөхийн хүндрэлээр нас барсан. Ингээд би дөрвөн ах, дөрвөн эгч  болон аавынхаа хайранд өлгийдүүлж өссөн ч  эх хүний хайраар үнэхээр дутаж өссөн. Ялангуяа ээжгүй өсөхийн зовлонг аливаа баяр ёслол тэмдэглэлт өдрүүдээр илүү их мэдэрдэг. Маш олон баярт өдрүүдийг гунигтай, доголон нулимстай өнгөрүүлсэн. Тийм болохоор би хүүхдүүдийгээ маш сайн ээж, аав байхад л сургадаг. Миний хүүхдүүдээ хүмүүжүүлэх арга барил бол өөрөө сайн ээж байгаад эргээд хүүхдүүдийгээ өөр шиг сайн ээж байлгахад анхаардаг.  Ер нь анхны хүүхдээ ямар төлөвшил ямар хүмүүжил олгоно яг түүгээр дараагийн хүүхдүүд хүмүүждэг. Миний том охин яг миний хүссэнээр эелдэг зөөлөн шулуун шударга, үнэнч хөдөлмөрч хамгийн чухал нь маш сайн ээж болж байгаа. Үүнийг хараад өөрөөрөө болон ханиараа бахархдаг.

Ээж хүн ямагт өөрийн хийж буй үйлдлээрээ хүүхдүүддээ үлгэрлэж байх ёстой

Эмэгтэй хүн ээж хэмээх алдрыг хүртсэн л бол хүссэн хүсээгүй сайн байх ёстой. Учир нь бяцхан үрээ мэндлэхийг нь хараад тэнтэр тунтар алхахыг нь харж ээжээ гэж дуудахыг нь сонсох хамгийн сайхан.

Миний хувьд сайн ээж байна гэдэг сайхан бүхний цогцыг хэлнэ. Бидний үеийнхний хүүхдээ хүмүүжүүлэх арга барил ерөнхийдөө хүүхдүүддээ эрүүл органик хоол хүнс хэрэглэж зөв дадалд сургахыг л чухалчилдаг. Энэ бүхнийг өөрөө л сайн хийвэл хүүхэд түүнийг хараад л дагаж хийгээд л сурдаг. Түүнээс чи яг ингэж хий, тэг гэж заагаад, үглээд байх нь хүүхдэд тийм ч сайн биш. Хэрэв ингэж бүгдийг зааж тайлбарлаад байвал яг л робот шиг болно. Тэгэхээр ээж гэдэг хүн бүх зүйлийг сайн хийж чаддаг байх ёстой. Хүүхэд өвдвөл сайн эмч болж, хүүхэд муу сурвал сайн багш болж, гуниглавал сайн сэтгэл зүйч, найз нь болж байх хэрэгтэй.

Хүүхдүүдийнхээ авьяас чадварыг дэмжих нь чухал

Би хүүхдүүдийнхээ авьяас сонирхлыг маш сайн дэмждэг. Ер нь зөвхөн дуулж бүжиглэдэг л бол авьяастай байна гэсэн үг биш. Энэ их өргөн ойлголт л доо. Унших, бичих, ярих, оёж шидэх, дуулах бүжиглэх нугарах гээд хязгааргүй шүү дээ. Манай хүүхдүүд их мэдрэмжтэй, урлагийн авьяастай үүнийг нь маш сайн дэмжиж тэмцээн уралдаан юу л байна түүнд нь оролцуулахыг хичээдэг. Жишээлбэл манай том охин аливаа юмыг уншаад түүнийгээ маш сайн ойлгож өөрөө түүнийхээ гүнд нь орж уншиж хүмүүст хүргэж чаддаг. Тэгэхээр миний охинд дуулах, бүжиглэхээс гадна жүжиглэх, илтгэх чадвар маш их байна гэсэн үг. Үүнийг нь ч цаашид дэмжинэ. Хүний авьяас чадвар гэдэг үргэлж ургаж төлжиж цэцэглэж байдаг их сайхан зүйл. Тиймээс  үргэлж хүүхдүүдийнхээ авьяас чадварыг хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй.

 Би хүүхдүүддээ эцэг эхгүй хүүхдэд зөөлөн хандаарай гэж  үргэлж захидаг

Гэр бүл гэдэг элэг бүтэн байхдаа бүтэн жаргалтай байдаг гэдгийг би биеэрээ мэдэрсэн. Өнчин өрөөсөн байх, ээждээ эрхэлж буй  хүүхдүүдэд цагаахан атаархаж өссөн хүний хувьд би хүүхдүүдээ эцэг эхийн аль нэгийнх нь хайрыг амсаагүй хүүхдүүдэд үргэлж зөөлөн хандаж байгаарай гэж захидаг. Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин гэдэг шүү дээ. Зөв хандлагатай зөөлөн сэтгэлтэй байх нь сайн хүний хамгийн гол шинж шүү.

Хүүхдүүд маань ямар ч үед өөрийгөө бусдад зөвөөр ойлгуулах арга барилд суралцсан

Манай хүүхдүүд чамгүй авьяастай, сэргэлэн хүүхдүүд. Яг л миний хүссэнээр төлөвшиж нийгэмшиж байгаад нь тун баяртай байдаг. Хүүхдүүд маань хэний ч өмнө өөрийнхөөрөө зоригтой байж ямар ч бэрхшээлийг даван туулж чаддаг. Би нэг жишээ ярья. Манай дунд охин Universe best songs наадамд оролцож байхдаа тайзан дээр гарахдаа бүдрээд уначихаж. Тэгээд өөрөө бусдын өмнө эвгүй байдалд орохгүйн тулд уучлаарай дөнгөж сая миний барцад арилчихлаа гээд бяцхан хошигноод үзэгчид болон шүүгчид инээлдэж байх хооронд өөрийн сандарлаа дуугаа маш амжилттай дуулсан.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon