Нийтлэл 11 сарын 15, 2017

МАН-ын даргын хувь заяаг хэн шийдэх вэ?

МАН-ын дарга хэн байхаас шалтгаалан дараа дараагийн улс төрийн үйл явцууд өрнөх учраас ууган улс төрийн хүчний тэргүүний төлөөх тэмцэл олон нийтийн анхаарлыг ихээр татаж байна. Дараагийн даргын хувь заяаг шийдэх боломж хэнд байна вэ?

МАН-ын XXVIII дугаар Их хурал 22-23-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Энэхүү их хурлаас эрх баригч намын дараагийн дарга тодрох юм. Монгол Ардын Намын XXVIII Их хуралд нийт 1309 төлөөлөгч оролцох бөгөөд эдгээр төлөөлөгчийг Намын Бага хурлаас баталсан журмын дагуу 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс намын гишүүдийн тоотой уялдуулан олгосон мандатын дагуу анхан шатны байгууллагын хурлаар сонгожээ. Монгол Ардын намд 211 637 гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд нийслэлд 34896, орон нутагт 176741 гишүүн байдаг гэсэн тоон дээр үндэслэн мандатаа хуваарилсан байна. Эндээс харвал МАН-ын Их хуралд орон нутгаас ирсэн гишүүдийнх нь төлөөлөл дараагийн даргын хувь заяаг шийдэх нь. 

Мэдээж орон нутгаас ирсэн төлөөллийг багцлахад орон нутгаас сонгогдсон гишүүд гол түлхүүр нь болох учиртай. Орон нутагт МАН-ын 32 ба 33-ын бүлгийн гишүүдийн сонгогдсон харьцааг харвал Баянхонгор аймгаас сонгогдсон Г.Занданшатар, Л.Элдэв-Очир, Хэнтий аймгаас сонгогдсон Л.Оюун-Эрдэнэ, Д.Гантулга, Өвөрхангай аймгаас сонгогдсон Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, Я.Содбаатар, Говь-Алтай аймгаас сонгогдсон Ш.Раднаасэд, мөн өмнө нь 2 ч удаа Говь-Алтай аймгаас сонгогдсон Ж.Энхбаяр, Хөвсгөл аймгаас сонгогдсон Л.Энх-Амгалан, Ц.Даваасүрэн нар 32-ын бүлэгт хамрагдаж байгаа учраас У.Хүрэлсүхийн талд эдгээр аймгаас ирсэн төлөөлөгчид саналаа өгөх магадлал өндөр байна. Харин Дорнод, Дархан, Орхон, Завхан, Архангай, Сэлэнгэ, Дорноговь, Төв, Өмнөговь аймагт хүчний тэнцвэр нөгөө талд шилжинэ. 33-ын бүлэгт багтаж буй одоогийн намын дарга М.Энхболд болон Н.Энхболд, Н.Номтойбаяр, Д.Оюунхорол, О.Содбилэг, С.Бямбацогт зэрэг нэг тойргоосоо олон удаа сонгогдсон УИХ-ын гишүүдийн хувьд орон нутгийнхаа намынхаа гишүүдтэй олон жил хамтран ажилласан нөлөө, туршлага, давуу тал бий. Өөрөөр хэлбэл 33-ын бүлгээс нэр дэвших сураг нь гараад байгаа Д.Хаянхярваад эдгээр аймгуудаас ирсэн төлөөлөл санал өгөх магадлал өндөр байна. Харин Увс, Баян-Өлгий аймгийн төлөөлөгчдийн санал хуваагдах магадлалтай. Эдгээр аймгуудаас сонгогдсон гишүүд нь 32 болон 33-ын бүлэгт 2 талд хуваагдаад байна. 

Угтаа парламентын бүгд найрамдах улсын сонгодог жишгээр Гүйцэтгэх засгийн тэргүүн нь олонхийн буюу эрх баригч намын лидер, тэргүүн байх үндсэн зарчим байдаг. МАН-ын дүрмэнд /24.3 УИХ-ын сонгуульд Нам олонхи болсон бол Намын дарга  Ерөнхий сайд байна/  ч энэ тухай заагдсан учраас У.Хүрэлсүхийн талаас энэ заалт дээр тулгуурлан Их хурлынхаа уур амьсгалыг чиглүүлэх байх. Харин 33-ын бүлгийн зүгээс Засгийн газраас орж ирж буй асуудал бүр дээр хэлцэл хийх нөхцөл бидэнд байгаа шүү гэдгийг Ерөнхийлөгчийн хориг, төсвийн асуудлууд дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд сануулаад байгаа нь Намын даргын суудлыг өөрсдийн талд авах гэсэн оролдлого гэж харагдаж байна.  

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon