Ашигт малтмалын хуулиар 2006 оноос Монгол улсад хайгуулын болон ашиглалтын лиценз эзэмшигчид орон нутгийн гэрээ байгуулан ажиллах үүргийг хүлээсэн байдаг. Гэхдээ энэ хуулийн хэрэгжилт маш муу байдаг байна. Гэтэл энэ гэрээ нь улс оронд эрдэс баялгийн салбараас орон нутагт очих үр өгөөжийг нэмэгдүүлэх
, талуудын хооронд маргаан зөрчилдөөн үүсэхээс сэргийлэх чухал механизм болж байдаг. Тэгвэл уул уурхайн салбар болон нутгийн иргэд хооронд үүсэх маргаан зөрчлийг зохицуулах тус баримт бичгийн хэрэгжилт, сайн туршлага, сургамжийг тодорхойлох зорилгоор “Монгол Улсын эрдэс баялгийн салбар дахь орон нутгийн гэрээ-туршлага, сургамж, цаашдын чиглэлүүд” судалгааг эрдэс баялгийн салбарт явуулжээ.
Ашигт малтмалын тухай хуулиар хайгуулын ба ашиглалтын лиценз эзэмшигчид Орон нутгийн гэрээ байгуулах үүрэг хүлээдэг. Орон нутгийн гэрээг хамгийн сайн хийдэг туршлагатай орнуудын тоонд Канад, Австрали зэрэг улс багтдаг бөгөөд эдгээр улс орнуудад уул уурхайн компаниуд нутгийн уугуул иргэдтэй гэрээ байгуулсны дараа үйл ажиллагаагаа эхлүүлдэг байна. Тодруулбал дараа нь үүсэх эрсдлээс урьдчилан сэргийлэх, орон нутагт өгөөжтэй байхыг чухалчилдаг. Харин манайд орон нутгийн гэрээг хэдийн хуульчлаад өгсөн ч хуулийн хэрэгжилт маш хангалтгүй түвшинд байдаг. Тухайлбал 2012 оны байдлаар 1500 орчим лиценз эзэмшигч 200 гаруй компанийг ирүүлсэн материалаас орон нутгийн гэрээ гэж үзэж болохуйц 23 гэрээний мэдээлэл байсан. Мөн 2017 оны олборлох салбарын гэрээний цахим мэдээллийн санд ОНГ-ний 22 хуулбар байгаа нь уг гэрээний заалтыг эргэн харах хэрэгтэйг илтгэж байгаа юм. Түүнчлэн уг гэрээг ил тод мэдээлэх, тайлагнах эрх зүйн зохицуулалт байхгүйн дээр орон нутгийн захиргаа компаниуд янз бүрийн шалтгаанаар энэ гэрээг олон нийтэд тайлагнадаггүй. Түүнчлэн манай улсад орон нутгийн гэрээний хувьд уул уурхайн компаниуд зөвшөөрлөө аль болох хурдан авахын тулд тухайн нутгийнхны тавьсан шаардлагыг шууд хүлээн авдаг бөгөөд хуулинд бүрэн нийцэж буй эсэхийг нягталж судалдаггүй байна. Гэрээнд орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах, нийгэм байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх, бууруулах талаар тусгахаас гадна нутгийн иргэдийг ажиллуулах, хандив тусламжийг амлалт болгох жишиг нийтлэг байдаг байна. Мөн 2015 оны 5 сард төсвийн тухай хуульд нөөц ашигласны төлбөрийг орон нутагт 30 байхаар хувиарласан бол 2017 оны төсвийг батлахдаа энэ хувь хэмжээг 10 болгон буулгасан байдаг
. Хэрвээ манай улсад орон нутгийн гэрээний энэ мэт зохицуулалт хэвээр байвал орон нутагт хөгжил дэвшилд ахиц гарахгүй төдийгүй орон нутгийн захиргаа уул уурхайн компаниудаас шууд мөнгөн хандив тусламж авах сонирхол бий болох магадлалтайг судлаачид дурдлаа. Тиймээс орон нутгийн гэрээг байгуулах орчин нөхцөл шаардлагыг илүү нарийвчлан тусгаж, олон нийттэй зөвлөлдөх, болон ил тод байдлыг хангаж хяналт хариуцлагыг нэмэүдүүлэх шаардлагатай байна гэлээ.
Сэтгэгдэл бичих