“V” телевиз болон “Trends.mn” сайт хамтран үзэгч, уншигчдад илүү өргөн хүрээгээр мэдээллийг хүргэхээр хамтран ажиллаад багагүй хугацаа өнгөрч байгаа төдийгүй бид телевизийн нэвтрүүлгүүдийг уншигчдийн хүртээлд хүргэхээр ажиллаж байна. “V” телевизээс бэлтгэн хүргэдэг Ай Ёо доктор эрүүл мэндийн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар D амин дэм, болон түүний дутагдлаас болж үүсэх өвчнүүдээс хэрхэн сэргийлэх талаар Ай Ёо докторын зөвлөгөөг хүргэе.
Амин дэм нь амьд организмын бодисын солилцоог зохицуулагч органик нэгдэл юм. Усанд уусдаг амин дэмүүд нь хүний биед үүсдэггүй тул дутагдлыг гаднаас үрэл хэлбэрээр эсвэл хоол тэжээлээр нөхөх шаардлагатай байдаг. Хүний биеийн хэвийн үйл ажиллагаанд шаардлагатай 13 амин дэмийн нэг нь D амин дэм юм. Энэ нь кальци болон фосфорын солилцоонд оролцохоос гадна дархлааны тогтолцоонд чухал үүрэгтэй. Хүний бие дэх D амин дэмийн дийлэнх хэсэг нь арьсанд нарны туяаны шууд нөлөөн дор үүсдэг байна. Хүн нарны гэрэл болон хоол хүнсээр дамжуулан нөхөгдөж байдаг.
Хүн D амин дэмийн дутагдалд орсноор эрүүл мэндээ асуудалд оруулаад зогсохгүй, олон төрлийн өвчин тусах үндсийг тавьдаг байна.
D амин дэм дутагдсанаар ямар эмгэг үүсэх вэ?
D амин дэмийн дутагдлын хамгийн тод харагддаг сөрөг үр дагавар бол рахит юм. Мөн зүрх судас, даралт ихсэлт, чихрийн шижин, таргалалт, хорт хавдар, дархлаа сулрах зэрэг олон өвчин үүсдэг.
Хүүхдэд D амин дэмийн дутагдал илрэхдээ шүд гарахгүй удаашрах, гавлын яс зөөлрөх, хэлбэр өөрчлөгдөх, үе мөч, хавирга муруйх, ихээр хөлрөх, нойр муудах, цочих зэрэг шинж тэмдэг илэрнэ. Томчуудын хувьд ядрах, бухимдах, нойрмоглох, үе мөчөөр өвдөх, хоолны дуршил буурах зэрэг эмгэгүүд илэрдэг.
D амин дэмийн дутагдлаас хэрхэн сэргийлэх вэ?
- Наранд хангалттай гарч нарны энергийг авах
- Сүү цагаан идээ, D амин дэмээр баяжуулсан хоол тэжээл далайн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх
- D амин дэм агуулсан шахмалыг өдөрт нэг удаа хоолтойгоо хамт усаар даруулан ууж D амин дэмийн дутагдлаас сэргийлэх боломжтой.
.
Сэтгэгдэл бичих