Нийтлэл 11 сарын 23, 2017

Ц.Чулуунбат: Би Лхагвасүрэнг ''Харангад'' авч ирсэн

''V” телевиз болон “Trends.mn” сайт хамтран үзэгч, уншигчдад илүү өргөн хүрээгээр мэдээллийг хүргэхээр хамтран ажиллаад багагүй хугацаа өнгөрч байгаа төдийгүй хамтын ажиллагааны хүрээнд бид “V” телевиз телевизийн дэлгэцэнд буусан сонирхолтой, хүртээмжтэй нэвтрүүлгүүдийг уншигчдийн хүртээлд хүргэхээр ажиллаж байна. “V” телевизийн сэтгүүлч Б.Болдбаатарын “Шударга ярья” ток шоу нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт Монгол улсын УГЗ Ц.Чулуунбат оролцсоныг тоймлон хүргэж байна.

Б.Болдбаатар: Тухайн үедээ та бодож байсан уу 45 жилийн дараа Чука гэдэг тоглолтоо хийгээд явж байна гэж төсөөлөөгүй байсан байх. Ер нь ирээдүйгээ хэр мэдэрч байсан вэ?

Ц.Чулуунбат: 15 настай хүүхэд хаашаа явж байгаагаа ч мэдэхгүй өөрийнхөө дур сонирхолдоо хөтлөгдөөд гитар л тоглож байвал юу ч яахав гэсэн бодолтой явж байсан. Би боддог юм. Урлагт ороод өдий хүртэлх хугацааг дүгнээд үзэхэд 1972-1982 он хүртэл хуулж байсан юм байна лээ. Битлез, Соёл-эрдэнэ хамтлагийг дуурайгаад л өөрийн гэсэн юмгүй явж байсан юм байна лээ. 1982-1992 он хүртэл Чука гэдэг эсвэл Залуус гэдэг хамтлагийн нүүр царай байх ёстой юм байна. Би хуулж болохгүй, өөрөөрөө байх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд 1992-2002 он хүртэл эрчимтэй өөрөөрөө юм хийж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл хийсэн зүйлийнхээ үр дүнг үзээд илүү хөгжмийг таньж шүлэг найргийн утга уянгыг ойлгож 45 жил өнгөрч гэж дүгнээд байгаа.

Б.Болдбаатар: Хүний нас тогтоод насждагтай адилхан урлагт бас нас гэж байгаад байх шиг байгаа нь нас явах тусам дууны утга уянга нь боловсронгуй болоод л сүүлийн үеийн таны дуунаас аягүй их хайр үнэртдэг болсон байна. Уран бүтээлч хүн бас насжаад байна уу?

Ц.Чулуунбат: Наслалтын хувьд бол би ингэж боддог юм. Бүжигчин юмуу хөгжимчин, үлээвэр хөгжимчдөд аргагүй нас заана. Хамтлаг гэдэг бол өөр юм. Хамтлаг бол хамтаараа лаг гэдэг утгаараа. Ганцхан бүрэлдэхүүнээрээ 30 жил болж байгаа хамтлаг Харангаас өөр байхгүй. Хүн гадна талаараа хөгширдөг. Ганц хөгширдөггүй юм нь булчин байдаг гэнэ. Яг түүнтэй адилхан уран бүтээлч хүний оюун санаа хөгширдөггүй гэж ярьдаг.

Б.Болдбаатар: Танай хамтлагийн нуруу хэн бэ?

Ц.Чулуунбат: Ер нь бол манай Харангийг чинь Энхманлай цуглуулж Харанга гэж хамтлагийг гаргаж ирсэн. Одоо ч харанга Хамтлагийн ахлагч гэж явдаг. Ерөнхийд нь аж ахуйн тал, маркетинг менежментийг би барьдаг юм.

Б.Болдбаатар: Таны сүүлийн үеийн уран бүтээлүүдээс харагдаж байгаа нэг зүйл нь гэр бүл, хайрын сэдэвтэй дуунууд. Гэр бүл таны хувьд хэр үнэ цэнэтэй вэ?

Ц.Чулуунбат: Хамгийн үнэ цэнэтэй. Гэр бүлдээ хайргүй хүн гэж хаана байна. Эцсийн эцэст гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө л явж байгаа. Амьдралыг гурав хуваавал, нэгдүгээрт гэр бүл, улс эх орон хоёрт  хамт олон гуравт тухайн үедээ хийж байгаа ажил хөдөлмөр.

Б.Болдбаатар: Хамгийн  их баярлаж байсан сайхан үеэсээ дурсвал?

Ц.Чулуунбат: Хамгийн анхны хүүхэд дээрээ их баярлаж байсан. Би одоо аав болчлоо гэж үү гээд би хүүхэд байж хүүхэдтэй болчихлоо гээд. Тэгээд би бас ээжийгээ нас барахад хамгийн их харамсаж байсан. Ээжийн маань оронд ээж болж байсан эгч маань өөд болоход бас их харамсаж байсан. Энэ хүмүүс энэ хорвоо дээр надад ямар их үнэ цэнэтэй байсан юм бэ би яагаад үүнийг ойлгодгүй байсан юм бэ, би эгчийгээ яагаад ойлгодоггүй байсан юм бэ, би эгчдээ туслаж байх минь яавдаа гээд их боддог одоо ч гэсэн харамсдаг.

Б.Болдбаатар: Та сүүлийн үед дууны үг бичээд байгаа. Яг таны сэтгэлээс урган гарсан, олон жил сэтгэл дотроо бодож байгаад гаргасан тийм дуу бий юу?

Ц.Чулуунбат: Би сонгон шалгаруулалт ихтэй болохоор барагтай дууны шүлэг таалагддаггүй. Ирсэн ч гэсэн би өөрөө засдаг. Шүлэг эзнээ хүлээнэ гэж байдаг юм байна лээ. Б.Явуухулан гуайн "Зөвхөн Монголдоо" дууны шүлэг бол 8 мөрт. Энэ 8 мөртөд Монголын сайхан бүхнийг багтаачихсан. Намайг очтол тэр номон завсраа байсан байхгүй юу. Хүмүүс дуу хийж зүрхлэхгүй байсан юмуу зөвхөн намайг л хүлээж байсан юм шиг байгаа. Тэгээд би аваад тэр дууг хийсэн. Б.Явуухулан бид хоёрын энэ дуу азийн шилдэг 100 дуунд багтаж байсан.

Б.Болдбаатар: Харанга хамтлагт Лхагвасүрэнг авна гэдэг бол зөв шийдвэр байсан. Харанга хамтлагийн хүчирхэг дуу хоолойны нэг бол яах аргагүй Лхагвасүрэн. Харанга хамтлаг Лхагвасүрэнтэй болсон гэдэг нь хэр зөв шийдвэр байсан вэ?

Ц.Чулуунбат: Социализмын үед мундаг гоё зүйл хийсэн хүнийг адалдаг. Миний үзэл санаа тийм биш байхгүй юу? Тэр хүний дуу хоолой хүмүүсийн зүрх сэтгэлд хүрсэн бол болоо. Лхагваа орж ирэхээс өмнө рок дуучин гээд би дуулдаг байсан. Тэгээд тэрийгээ өөрчлөөд л Лхагвааг авсан. Лхагваагийн хоолой Харангад дутагдаж байсан. Магадгүй өөр хоолойтой хүн байсан бол Харанга гэдэг хамтлаг ямар байсныг сайн мэдэхгүй байна. Лхагвааг Харангад авч ирсэн хүн би байхгүй юу. Тэгээд нөгөөдүүлээ жийсээр байгаад батлуулчихсан юм.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon