Амьдралын урт замд өөр өөрсдийн гайхамшигт түүхийг бүтээн аз жаргалтай, уйтгар гунигтай, инээд хөөртэйгээр хорвоог туулж буй хүмүүсийн гэрэл гэгээтэй сайн сайхнаас эхлээд амьдралын алдаа оноо, эрээн бараан бодит дүр зургийг сурвалжлан хүргэдэг “Амьдрал сайхан” булангийн маань энэ удаагийн дугаарт сэтгүүлч У.Дөлгөөн-Учрал анхны болзооныхоо тухай хөгжилтэй дурсамжаасаа хуваалцлаа.
Учрах ёстой хүмүүс учирдаг гэдэг үг яг л нөхөр бид хоёрт зориулагдсан үг шиг санагддаг. Нөхөр бид хоёр бие биеэ арван жилийн сурагч байхаасаа л мэднэ. Манай нөхөр над руу зурвас бичээд үерхэхийг гуйдаг байсан юм. Би зөвшөөрөөгүй. Манай нөхөр ч тууштай байсан ч намайг маш удаан хүлээж, миний хойноос нэлээд гүйсэн. Тэгээд би оюутан болдог жилээ түүнд зөвшөөрч бид анхны болзоогоо тохирлоо. Бидний анхны болзоо их хөгжилтэй, дурсах зүйл ихтэй болзоо байсан. Уг нь эрэгтэй нь болзсон газраа түрүүлж ирээд л хүлээдэг биз дээ
. Тэгсэн би зөндөө хүлээсэн. Ядаж байхад бороо ороод л. Би ч эмэгтэй хүний бардам зандаа хөтлөгдөөд явчихмаар байсан ч хүлээгээд л байсан
. Тухайн үед тархи минь “Дөлгөөнөө яв л даа” гээд л харин сэтгэл зүрх минь түүнтэй уулзана гэж бодохоор догдлоод гэгэлзэж суусаар явж чадаагүй юм. Тэгээд бараг 1 цаг орчмын дараа хэнэгчгүй уучлаарай түгжрээд хоцорчихлоо гээд ирсэн. Угаасаа их түгжирч байсныг мэдсэн ч нэг л гомдоод тунимаар санагдаад. Бид түгжрэлийг далимдуулж хүйтэн бороонд юм яриад л алхаад л байсан. Тэр үед миний яриаг их анхааралтай сонсож их цэгцтэй ярьж байсан болохоор их л дуугай залуу байна гэж бодсон чинь эсрэгээрээ надаас их ярьдаг залуу байсан. Хамтдаа элдвийг ярьж алхсаар анхны болзоо минь өнгөрсөн юм. Дотроо төсөөлж байсан романтик болзоо минь биш байсан ч одоо бодоход хамгийн гоё болзоо тэр байсан. Үүнээс хойш бид болзох бүртээ ямар нэгэн адал явдал хөгжилтэй зүйлстэй тулгардаг. Хоёр оюутан хүмүүст тохиолдох бэрхшээл, адал явдал их. Одоо ингээд бодохоор бурхан бид хоёрыг уулзуулах тохиромжтой цагийг маш сайн тооцоолж учруулсан юм шиг санагддаг юм.
Хэрэв би арван жилдээ л түүнтэй үерхсэн бол, эсвэл тэр үед бороонд норж түүнийг хүлээлгүй явчихсан бол би одоо охиноо тэврээд хайраар бялхаж суухгүй байлаа. Тэгэхээр учрах ёстой хүмүүс бол заавал учирдаг. Гэхдээ цаг нь болохоор. Одоо эргээд анхны болзоогоо бодохоор яг тэр үеийн дурсамж тэр чигээрээ нүдэнд харагддаг. Тэр намрын жихүүн өдрийн борооны үнэр, түүний инээмсэглэн ирж буй дүр төрх, надруу харж байсан харц, гээд л энэ тухай бодох бүрт яг тэр үед очсон мэт болдог. Хүнийг хамгийн их аз жаргалтай болгодог зүйл юу байдаг бол мэдээж хайр. Хайр байгаа газар, аз жаргал, эрх чөлөө, инээд хөөр, баяр баясал бүх зүйл байдаг. Одоо бол бидний амьдрал яг л кино шиг.
Сэтгэгдэл бичих