Ойрмогхон бяцхан нүүдэл хийв. Машиндаа багтаачихна гэсэн бүтэшгүй зүйл байж, портер хөлслөв. Хүн суусан газраа хэрэгтэй хэрэггүй хог хураах юм даа.
2004 онд Мэриландад нүүлгэлтийн компанид ажиллаж байхад тохиолдсон нэгэн явдал эрхгүй санаанд орж байна. Тэгэхэд хоёулхнаа нээг их халуун өдөр энэтхэг гаралтай өвөө, эмээ хоёрынхыг 2 давхар хаусаас нь ердийн апартментийн 3 давхарт нүүлгэж өгсөн юм. Өглөө 7 цагт эхэлсэн нүүлгэлт 20 тн-ын чингэлэгт тэргээр гурван удаа явж, шөнийн 2 цагт арай гэж дууссан даа. Ядаж байхад эртний антик хийцийн том том хүнд хар хүрэн тавилгатай. Хаусынх нь хоёр давхрын шат мушгиу учир ханыг нь цөмлөчих гээд нэн төвөгтэй, мөн нүүн орж буй 4 давхар апартмент нь цахилгаан шатгүй тул 3 давхар өөд хоёул бүгдийг нь өргөж гаргана. Бүх тавилгынх нь буланг хөөстэй гялгараар ороож, ноосон хөнжлөөр хулдаж зөөнө. Шинэ байранд нь оруулж өгөөд, хүссэн газарт нь байрлуулна. Сүүлдээ өнөөх 4 өрөө байр бараг бөгс эргэх зайгүй болов. "Үхэх дөхсөн юмнууд байж, энэ их новшоор яадаг байна аа" гэж үглээд л зөөгөөд байх. Би хөлс хатуутай, барагтайд хөлс гардаггүй юм. Тэгэхэд пудволькоо тайлаад мушгих шахам хөлсөрч билээ. Сүүлдээ тамирдаж, сульдаад мах болохоо шахав. Шөнө болсонд хоёр хөгшин манай босс руу залгаж "Танай нүүлгэлтийн компани маш их цаг зарцуулж, биднийг чирэгдүүллээ, унтаж амрах боломж гаргасангүй" гэж гомдол гаргаад бөгс төлбөрөө өгсөнгүй. Ер нь ч энэтхэгүүд чийп буюу их нарийн талдаа, ялих шалихгүй өө гаргаад мөнгө төлөхгүй шалтаг амархан олдог улс. Бид хоёрт тип ч өгсөнгүй. Босс "Та хоёр нэг ажилтнаа орхиж явсан байна" гэж уурлаад, тэр хүнд хэцүү өдрийн цалин даший шог болов.
Боссын ч буруу байхгүй л дээ, уг нь бид гурвуулаа ажиллах ёстой байсан ч гуравдахь этгээдийгээ бид хоёр тэр өдөр гай нь таарсан юм шиг ажилд авч гаралгүй "гээчихсэн" хэрэг.
Гуравдах нөхөр бол гүрж залуу байлаа. Уг нь гүржүүд гүдэсхэн, бас бяралхаг ч бид хоёртой ямар гай нь таарсан юм, тамир тэнхээ ч байхгүй чөрийсөн нөхөр, залхуу ч гэж жигтэйхэн, дөнгөсгүй тамхи баагиулаад шүлсээ хаяад суучихна. Тийм атлаа тухайн өдрийн хөлсийг яг адилхан хувааж аваад байдагт хоёул баахан дургүй, хааяа өглөөд жаахан хоцрохыг нь далимдуулаад гээчихдэг байв. Тэр өглөө СевнЭлевн дээр уулзах байсан, мань хүн ирэхгүй таван минут болохоор нь явчихсан хэрэг л дээ. Уг нь ирж явааг нь харсан ч хараагүй дүр эсгээд давхичихсан чинь гай болж тийм их новштой айлтай тулчихав. Хожмоо Батсайхан бид хоёр үүнээ дурсаад хөгжилддөгсөн. Мартагдахааргүй өдөр байсандаа. Гол нь тэр хоёр хөгшний тэр их эд хэрэглэл, хог новш. Гараашнаас нь л гэхэд бүтэн чингэлэг хог гарч байгаа юм. Арай л муми гараагүй. "Өө, нөгөө Гобсек чинь энд бүр хосоороо амьдаараа үзмэр болоод байж байна шүү" гэж бид хоёр хошигнох аядна.
Хоёр хөгшний гуталнаас тусдаа хувцас л гэхэд 17 томоо хайрцаг болсон. Саваагүйрхээд эмгэний даашинзыг тоолсонд 100 гаргаад алдчихаж билээ. Гутал нь ч бас хэдэн ч хайрцаг боллоо доо. Тэгэхэд надад илүү дутуу юу ч авч явдаггүй, хог новшгүй нүүдэлч ахуй маань ямар гайхалтай билээ хэмээн эрхгүй бодогдож байсансан
. Дөрвөн ам бүлтэй дундаж айлын ачаа гэр дөрөвхөн тэмээнд өлхөн багтдагсан
. 80-аад оны сүүлчээр Алтайн их уулсын суга, хөтөл, даваа гүвээгээр давж нааш цааш их нүүсэндээ. Гобсек шиг илүү хог цуглуулна гэдэг манай нүүдэлч ахуйд харш, бүр боломжгүй зүйл юм. Яг тодорхой хэрэгтэй юмс л байна. 100 даашинз, 20 гутал хадгалах шаардлага огтоос үгүй. Тийм байлаа гээд ядуу, хоосон гэж үнэлэгдэхгүй.
Цомхон, эмх цэгцтэй байх л эрхэм юм, ихдээ биш
Хот харш овоолж, агуулах сав барьж байсангүй, өв соёлоо зан заншил, оюун сэтгэлдээ л тээж иржээ. Чухам тиймээс л барууны зарим нөхдүүд "Монголчууд бол соёл иргэншил бүтээгээгүй, бүдүүлгүүд" гээд байдаг, манай зарим гэнэнчүүд түүнийг нь давтана аа, бас. Тэр бүү хэл "Монголын эзэнт гүрэн гэж огт байгаагүй, яагаад гэвэл биет ул мөр байдаггүй" гэлцэх. Орд харш л овоолох нь соёл иргэншлийн гагц үр дүн, ул мөр биш, биет ул мөр үлдээх нь Эзэнт гүрний ч зорилго биш билээ. Монголын аугаа их эзэнт гүрэн хүн төрөлхтний оюун сэтгэлгээнд сүндэрлэж үлдсэн юм
.
Хэдэн мянганаар уламжилж ирсэн энэ ахуй амьдралын шаардлага, хэвшил, соёл маань бидний сэтгэлгээг ч ихээхэн өвөрмөц онцлогтой болгосон. Материаллаг эд зүйлсийг эн тэргүүнд эрхэмлэх нь үгүй, харин мөн чанар, алс холын аян нүүдлийн ардхыг харах цөлх ухааныг төлөвшүүлж, түүнийг эрхэмлэх болгожээ. Өнөөгийнхний хэллэгээр нүүдэлчин ахуй бол цэвэр минималист байж
. Хэмнэлттэй гэж жигтэйхэн. Урсгал голын усыг нь хүртэл хэмнэдэг байв шүү дээ. Гол усны хөвөөнд буучихсан атлаа, зөөж ирсэн усаа хүртэл цалан палан асгаж цутгаж хэрэглэдэггүй байсан нь дахин зөөхөөс залхуурсных гэхээс илүүгээр цаагуураа оршихуйн мөн чанарыг таньсан, түүнийг эрхэмлэн дээдэлсэн аугаа ухаан байгаа юу даа. Орчлон ертөнцийн мөн чанартай эвцэлдэн зохицож аж төрөх арга ухаан нь тийн голын хөвөөнд буй атлаа усаа гамнаад буйгаар илэрнэ. Ер ариглаж хэмнэхэд утга учир их бий. Ядуу гучуу нь л зөвхөн ариглаж хэмнэдэг юм биш. Ухаарч мэдэрсэн нь ч бас ариглаж хэмнэдэг
.
Элдэв хэрэглээндээ ариглаж, хэмнэлттэй байх атлаа эргэл өргөл, тусламж дэмжлэгт бол хэмнэхийгээ цээрлэдэг, нарийн харамч, өгөрч хатсанаар нь шоглож дуудна. Их өвөрмөц сэтгэлгээ шүү. Олон дотор мэдээж хэрэг Гобсек шиг нөхдүүд байх л. Гэхдээ түүнийгээ их шоолно. Миний багад манай нутагт нэг ганц бие өвгөн байсан юм. Замын жолооч нарын машиныхаа тосыг арчсан тостой даавууг гуйж цуглуулдаг нөхөр байж. Яадаг вэ гэхээр гал асаахад амар гэж... Харин нутгийнхэн түүнийг нь шоолно, галын бурхнаа ч дээдэлж мэдэхгүй, монголоо алдсан хог гэнэ. Хаяагаар нь хар мод, хатсан аргал хөглөрч л байгаа шүү дээ. Гэрт нь тухлаад цай уух нь байтугай хаяагаар нь ойрмогхон гарахаас ч цээрлэнэ. Уг нь баян хүний ганц хүү юм гэнэ билээ. Хураасан хөрөнгөө үрж ч чадахгүй байсаар байгаад эцэстээ үгүйрчихээд тийн тостой алчуур цуглуулж буй нь тэр. Монгол маягийн Гобсек юм уу даа. Гэхдээ түүнийг хотлоороо "Монголоо алдсан" гэлцэнэ. Тэгэхээр тийм шинж бол Монгол унаган шинж биш байх нь ээ.
Харин саяхан бяцхан нүүдэл хийхдээ өөрийн мэдэлгүй портер хөлсөлснөө үзвээс бас л хог цуглуулаад эхэлжээ. Ер бид язгуурын элдэв эрээн мяраанд автдаггүй, илүү хог новш овоолдоггүй, түүндээ хүлэгдэж зовдоггүй ахуйн минималист хэвшил, сэтгэлээтэй ард түмэн байж
, одоо харин эд хэрэглээнд донтох талруугаа л гулсаад байна уу даа гэж хааяа бодогдох... Бүр зориудаар донтуулаад ч байгаа мэт хар сэр ч төрөх. Тийм атлаа улсаараа ядуураад байдаг, хачирхалтай гажиг үзэгдэл шүү. Шуналыг л эс дарваас сэтгэл цаддаггүй гэдэг
.
Б.Номинчимэд
Муусайн энэтхэгүүд яг мөн дөө. Нарийндаа хатсан шаарнууд байгаа юм.