Индонези улсын нийслэл Жакарта хотод энэ сарын 1-3-нд болсон Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээнд манай тамирчид 21 алт, 21 мөнгө, 15 хүрэл нийт 57 медаль хүртэн багийн дүнгээр 22531 оноо цуглуулан үнэмлэхүй ялалт байгууллаа. Тус тэмцээнд өндөр чансаатай 21 орны 130 гаруй тамирчин харааны болон сонсголыг сорьсон ой тогтоолтын 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд 3 өдрийн турш өрсөлдөв. Манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 20 тамирчин багш, дасгалжуулагчийн хамт амжилттай оролцлоо.
Насанд хүрэгчдийн ангилалд
"Олон багц хөзөр" төрөлд: ОУ-ын Их мастер Н.Мөнхшүр,
"Нэр-зүс царай" болон “Зураг” төрөлд: ОУ-ын Их Мастер В.Янжаа,
Өсвөр насны ангилалд
"Түүхэн үйл явдал", "Хурдны хөзөр", “Хоёртын тоолол” болон “Олон багц хөзөр” төрлүүдэд: ОУ-ын Мастер Э.Лхагвадулам нар дэлхийн 7 дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.
Түүнчлэн Олон улсын Их мастерын болзлыг Б.Намуун, С.Марал, Н.Намуундарь Д.Сайханбилэг, Б.Ариунбилэг, М.Уянга нар хангаж цол хүртсэн бол Н.Мөнхшүр, Н.Энхшүр, В.Янжаа нар ОУ-ын Их мастерын зэргээ ахиуллаа. Тэмцээний нийлбэр дүнгээр АНУ-ын тамирчин, Дэлхийн чансааны нэг, ОУ-ын Их мастер, Америкийн тамирчин Alex Mullen 9055 оноогоор Дэлхийн аварга болж дэд байранд ОУ-ын Их мастер Н.Мөнхшүр 7880 оноо, гутгаар байранд ОУ-ын Их мастер В.Янжаа 7425 оноогоор тус тус шалгарлаа.
Мөн ОУ-ын Их мастер, Өсвөрийн Дэлхийн аварга, Азийн аварга Н.Мөнхшүр "Азийн хамгийн шилдэг тамирчин-2017" цомын эзэн боллоо.
Сэтгэгдэл бичих