“Та чадна гэж бодож байвал таны зөв. Та чадна.
Та чадахгүй гэж бодож байвал таны зөв. Та чадахгүй”
Х.Форд
Хөхүүл хүн сайн мэднэ дээ. Гаднаас орж ирсэн хүний цүнхийг хараад, хүнтэй уулзсныг нь сонсоод юм өгч явуулаа болов уу гэж бодоод, хүлээж байсан хүн нь ирээгүйд, зурагтын реклам үзээд байтугай онлайнаар чаталж байхад цаадах хүн нь юм идэхэд хүртэл горьдоод хөх хавдаад бие халуураад хэцүүддэг. Горьдоод хөх хавдахад манайхан баавгайн савар, ихэр хүүхдийн оймс зэргээр домнож эдгээдэг. Үнэндээ айх, уурлах, баярлах, хямрах, гомдох, горьдох зэргээр сэтгэл хөдлөхөд цусанд адреналин болон бусад фермент ихээр ялгарч судас огцом нарийсч эсвэл өргөссөнөөс сүүний судсууд бөглөрч хавддаг, үүнээс шалтгаалаад халуурч бие зарайж эвгүйрхдэг. Түүнчлэн, хөхөнд сүү орсон хойно сааж хөхүүлэхгүй удсанаас, нянгийн халдвар орсноос ч бас хөх хавддаг байна. Эрэгтэй хүний ч хөх хавдах нь бий. Бөглөрсөн судсыг нээхэд юуны ч бай савраар илэх, оймсоор ч юмуу ороолтоор ч юмуу арчих зэрэг механик үйлдэл мэдээж тустай. Гэхдээ хүнээс горьдсоноос хөх хавдахад ховор нандин оймс, шид тустай савраар илэхэд л зүгээр болно гэдэгт ИТГЭЦГЭЭДЭГ учраас нилээн эрэл хайгуул болж олсон “шидэт” зүйлээр хэд илээд өгөхөд л эдгэчих нь бий. Өөрөөр хэлбэл ИТГЭЛИЙН ХҮЧ эмчилгээний үр дүнг нэмэгдүүлдэг гэсэн үг. Үүнийг ПЛАСЕБО ЭФФЕКТ гэдэг
.
- Пласебогийн албан ёсны жишээ 18-р зуунаас эхэлнэ. Америкт Перкинс гэх эмч өвчин намдаах тусгай савааг патентжуулж авав. Өвчтөний өвчтэй газар нь 20 минут төдий байлгахад өвдөлт намдаж сайхан болж ирдэг тул өвчтөнүүд түүн рүү цуврах болов. Савааны шидэнд эргэлзсэн өөр нэг эмч савааг хуулбарлаж яс, тугалга зэргээр хийж өвчтөнүүд дээр туршиж үзэхэд өвчин үнэхээр намдаж байжээ. Эндээс эмчилгээндээ гол нь биш, өвчтөнүүдийн итгэл хүлээлтээс шалтгаалж өвчин намдаж байна гэсэн дүгнэлтэнд хүрэв.
- Пласебо эффект зөвхөн сэтгэл санаанд бус, бие махбодод өөрчлөлт өгдгийг баавгайн саврын дом зэргээс харж болно. 2005 онд Мичиганы Их сургуулийн судлаачид нэгэн судалгаа хийжээ. Хүмүүст өвдөлт өгөх шингэнээр амыг нь зайлуулсны дараа өвчин намдаах үйлчилгээтэй хэмээн пласебо шингэн буюу ердийн уух зүйл өгсөн байдаг. Биеийг нь скандаж судлахад эндорфин ялгаруулах тархины хэсэг идэвхижсэн байжээ. Түүнчлэн, хоёрдох шингэний дараа өвдөлт буурсан гэж туршилтанд оролцогчид хэлцгээжээ.
- Бас нэгэн туршилтанд Паркинсоны өвчинтэй хүмүүст эм өгчээ. Зарим өвчтөнд “санамсаргүй” байдлаар эмийн үнийг 15 дахин үнэтэй болгож хэлсэн байна. Үр дүнд нь
“өндөр үнэтэй” эм уусан өвчтөнүүд “ердийн үнэтэй” эм уусан өвчтөнүүдээс хурдан засал авч байжээ
. - Эмийн өөр өөр компаниуд адил үйлчилгээ, орц найрлагатай ч өөр савлагаа, ондоо нэртэй эмнүүдийг зах зээлд нийлүүлдэг. Шошго, нэр, баглаа боодол, үнэ, хир их рекламдснаас эмийн үйлчилгээ нэмэгддэг нь нэгэнт тодорхой болжээ.
Өвчтэй хүнд тухайн өвчинд огт нөлөөгүй эм танг маш сайн эм, онцгой тустай гэж итгүүлээд өгөхөд үнэхээр тэр хүний өвчин илаарших тохиолдол байдаг. Өвчтөн хэдий чинээ “харанхуй”, мэдлэг тааруу байна төдий чинээ итгэх, итгүүлэх амархан, эмчилгээний үр дүнг үнэхээр сайн авдаг байхад, ном интернетээс гадаад хэлээр өвчин, эмчилгээнийхээ талаар мэдээлэл олж аваад ойлгочих боловсрол дөнгүүр өвчтөн эмчилгээ авахдаа тааруу байдаг талаар эмч нар ярих нь бий. Толгой өвдөхөд анальгин уунгуут л хэдхэн минутын дараа зүгээр болчих нь бий. Үнэндээ 15-20 минутын дараа үйлчилгээ авах байтал уусан даруйд хурдан гайгүй болчихдог нь бид багаасаа л “толгой өвдөхөд анальгин сайн” гээд бат итгэчихсэн, пласебо нөлөөнд орчихсон гэсэн үг. Дээр өгүүлсэнчлэн анагаах ухаан хөгжөөгүй үед өвчний эмчилгээ болон хагалгааны үед мэдээ алдуулах зэрэгт пласебо нөлөөг нилээн хэрэглэдэг байжээ. Өдгөө ч Өмнөд Америк, Африк, Азийн зарим газар оронд хүй нэгдлээрээ шахуу амьдралтай тосгодод зөвхөн анагаах ухаанд гэлтгүй амьдрал ахуйд пласебо арга, нөлөө түгээмэл
байж харагддаг. Манайд ч мөн түгээмэл. Ухаандаа хэн нэгэн хүн таныг олж нээн, баргийн хүний хиймгүй үйлдэл хийлгэнэ. Та архи уусан ч найгүй согтохгүй, учир нь өөрөө ууж буй хэрэг биш, архи биш ус ундаа гэж ИТГЭСЭН учраас пласебо нөлөөнд орно. Өөр хүний дуу хоолойгоор ярина, дууны хөвчийн яльгүй хэлбэлзэл хөдөлгөөнд гарах авианы долгион өөрчлөгдөж буй хэрэг, цээл залуу тод биш хөгшин бүүдгэр хоолойгоор “харилцдаг” нь учиртай. Халуун чулуу, хүйтэн мөсөнд умбуулсан ч ИТГЭЛИЙН ХҮЧЭЭР, ПЛАСЕБО НӨЛӨӨГӨӨР тодорхой үеийг даваад гарна. Гэвч бие махбодод хязгаар байдгаас чанагдаж шалзарсан, галд түлэгдсэн, амьсгал боогдсон зэрэг золгүй ослууд (хэргүүд) цөөнгүй гарсан.
Шашинд пласебо итгэл үнэмшил ихээхэн нөлөөтэй. Та ИТГЭЖ л байвал хүмүүсийн уншиж өгч байгааг ойлгосон ойлгоогүй огтхон ч хамаагүй, “номын хүч” таны итгэлээр дамжин тус дэмээ өгнө. Бүтэн сайн болгонд сүмд очин залбирах нь таныг аварна. Учир нь ном уншуулсны дараа, залбирсны дараа таны санаа сэтгэл хөнгөрөөд, засал аваад ирнэ, сэтгэлзүй шинэ сайхан, гэгээлэг зүйлд бэлтгэгдэнэ, та өөртөө итгэлтэй, урам зориг орж хүчтэй болно, тэр хирээрээ таны хийх үйлдэл, эцсийн үр дүн сайжирна. Та ИТГЭХГҮЙ бол хэнбугай ч танд хараал ерөөл хийлгэсэн гэж бай, танд нөлөө үзүүлэхгүй
, харин ИТГЭЖ байвал та өөрийгөө бүтэлгүйтэл, азгүйтэлд бэлтгэж эхэлнэ, үр дүнд нь үнэнээсээ бүтэлгүйтнэ.
Түүнчлэн хэт итгээд сөрөг үр дүнд хүрэхийг носебо гэдэг. “Ид шидтэй” эм уугаад эдгэнэ гэж итгэж хүлээтэл улам дордож бүр үхэх сэхэхдээ ч тулдаг байна.
Саявтархан би нэг том ажлын өмнө амарч эрч хүч авах санаатай дугуй унаж салхилахаар болов. Өглөө дэлгүүр орж, юм цуглуулаад лангуун дундуур явж байтал дээрээс хайрцагтай юм толгой дээр нурж унан, барьж явсан юмнуудаа алдаж хагалж, өөрөө гэмтэнгээ дөхөв. Удаахан нь дугуйнуудаа түшүүлж тавьчихаад зогсож байтал нэг дугуй налж унан дугуй сэвтэнгээ дөхөв, өөрөө бэртэнгээ алдав. Уулын дугуй надад оногдож, донсолгоо бартаанд гоё юм гээд жийж гарав. Харайлгаж, жирийлгэж байгаад годройтож, 2 метр агаарт “аялан” унаж гараа гэмтээн хэд хоногтоо л юм боллоо. Өглөө нь ганц нэг азгүйтсэнээ “... бүтэлгүйтэх вий, аюул осол, болгоомж, мэдээтэй байх хэрэгтэй ...” хэмээн өөртөө хэлж байгаад, тулсан мөчид хурдан зөв шийдэл гаргаж чадалгүй дугуйгаа хаяж нисээд гэмтчихэж байгаа юм. Яачих вий, ийчих вий гэсэн зовнил нь зориг хүчийг мохоож, өөртөө итгэх итгэлийг давж, оновчтой шийдвэр гаргах чадварыг бууруулчихсан
байжээ. Юу бодож итгэнэ түүгээр л болж, хохь минь болсон хэрэг. Жижиг азгүйтлийг том юм болох гэж байсны дохио сануулга, эсвэл томхон бүтэлгүйтлийг үүнээс ч том аюул осол болох байсан, хаагаад урдуур нь харин ч гайгүй өнгөрлөө хэмээн тайлбарлах нь бий. Ямартаа ч өөр зүйл хийх боломж гарч сонголт нэмэгдсэнээр эцсийн дүндээ сайн ч бай муу ч бай аливаа нэгэн үр дагаварт хүрчээ. Зүйрлэвэл, та “зүгээр суулгүй зүлгээд суугаад” байвал ямарваа үр дүнд хүрэх боломж тань нэмэгдэнэ, сонголтууд бий болно
, үүнийг “аз” гэж болно.
Аз авчирдаг гэх сахиус эдлэлийг биедээ авч явснаар, шалгалт тэмцээнийг амжилттай давна гэсэн сэтгэлзүй бэлтгэгдэж, хичээж чармайлт гаргаснаар үнэхээр “аз ирж” болдог. Эсрэгээрээ өглөө орноосоо буруу хөл дээрээ босчихлоо, бүтэлгүй явдал тохиолдоно гэж итгэх аваас осол бүтэлгүйтэлд л бие сэтгэлээ бэлдэн азгүйтэлтэй л учирдаг байна. Надад тохиолдсон дугуйн осол үүний жишээ байжээ.
Пласебо итгэлийг суралцах, зорилгодоо хүрэх, асуудал бэрхшээлийг даван туулах, амьдралдаа эерэг өөрчлөлт оруулах, амжилтанд хүрэх зэрэгт хэрэглэвэл нэн тустай. Нэг найз маань байдаг юм. Анх оюутан болж хотод орж ирээд Баянхошуу эсвэл Дарь-Эхэд хашаа байшинтай болох юмсан гэж мөрөөдөж, зорьж байсан гэсэн. Мөрөөдөл зорилгодоо ИТГЭЛ ДҮҮРЭН, биелүүлэхийн төлөө шантралгүй зүтгэж, мөрөөдлийн хашаа байшин нь 1-2-3 өрөө байр, улмаар хаус болон биелж, өдгөө олон олон айлын голомт бадрах өргөө сууцыг цогцлоон байгуулах их үйлст эрч хүч, урам зориг дүүрэн яваа билээ.
Холбоотой нийтлэл:
Эрвээхэйн нөлөө ба Отгонтэнгэрийн осол
ОЮУНЫ ЯДУУРАЛ ба ЗАРИМДАГ ШИНЖЛЭХ УХААН
Сэтгэгдэл бичих