Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанд Эрүүл мэндийн даатгалын сан байгуулагдсанаас хойшхи үйл ажиллагааны болон санхүүгийн хэрэгжилтийн талаарх тайлан, мэдээллийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хийсэн.
Улсын Их Хурлаас “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай” хуулийг батлан, 1994 оны 1 дүгээр сарын 1-ны өдрөөс мөрдөж эхэлснээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг төсвөөс бүрэн хариуцаж байсныг өөрчилж, төсвийн ачааллыгхуваалцах, эв санааны нэгдлийн зарчимд тулгуурласан үндэсний эрүүл мэндийн даатгалын өнөөгийн тогтолцооны суурийг тавьсан хэмээн сайд С.Чинзориг мэдээллийнхээ эхэнд хэлсэн.
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын салбарын хэмжээнд эрүүл мэндийн даатгалын чиг үүргийг 138 ажилтан хэрэгжүүлдэг бөгөөд үүнээс Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт 46, аймгуудад 68, дүүргүүдэд 24 ажилтан ажиллаж байгаа аж.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар Монгол Улсын бүх иргэн эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах үүрэгтэй бөгөөд даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг Үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар жил бүр тогтоохоор хуульчилсан.
Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог нэвтрүүлсэн цагаас эрүүл мэндийн даатгалд Монгол Улсын нийт хүн амын 73.4-98.6 хувийг хамруулж, сангийн орлогын төлөвлөгөөг жил бүр биелүүлэн, сангийн орлогыг жилээс жилд нэмэгдүүлсээр иржээ. Тухайлбал 1995 онд 7.5 тэрбум төгрөгийн шимтгэлийн орлого төвлөрүүлж байсан бол 2016 онд 302.6 тэрбум төгрөгт хүрч сангийн орлого 40.4 дахин нэмэгдсэн байна.
Харин даатгуулагчийн эрүүл мэндээс үүсэх санхүүгийн эрсдлийг бууруулах зорилгоор эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах тусламж, үйлчилгээний нэр төрөл, төлбөрийн хэмжээг нэмэгдүүлж иржээ. Өөрөөр хэлбэл 1996 онд эрүүл мэндийн даатгалын сангаас давхардсан тоогоор 1246.2 мянган даатгуулагчийн тусламж, үйлчилгээний зардалд 6.4 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2016 онд 5.7 сая даатгуулагчийн тусламж, үйлчилгээний зардалд 238.5 тэрбум төгрөг зарцуулан даруй сангийн зардал 37.3 дахин өссөн байна.
Мөн эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт нь эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн 18.0-31.5 гаруй хувийг, тусламж, үйлчилгээний зардлын 40-45 орчим хувийг эзэлж байгаа аж.
Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого жил бүр зарлагаасаа давсны улмаас санд 2017 оны 11 сарын 30-ны өдрийн байдлаар 473.4 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэлтэй, үүнээс 442.2 тэрбум төгрөг нь банкны харилцах болон хадгаламжийн дансанд, 31.2 тэрбум төгрөг нь Засгийн газрын бонд хэлбэрээр байршиж буй аж.
Эрүүл мэндийн даатгалын тухай хууль шинэчлэн батлагдсанаар 2015 оноос даатгуулагчид үзүүлсэн өндөр өртөг бүхий мэс заслын тусламж, үйлчилгээнд шаардагдах зарим эмнэлгийн хэрэгсэл, протезийн зардлын төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж эхлэн, энэхүү тусламж, үйлчилгээг даатгуулагчид нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлал, Хавдар судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв эмнэлгүүд үзүүлсэн бөгөөд эрүүл мэндийн даатгалын сангаас 2015 онд 2046 даатгуулагчид тусламж, үйлчилгээний зардалд 3.3 тэрбум төгрөг, 2016 онд 11365 даатгуулагчийн 15.6 тэрбум төгрөг, 2017 оны III улирлын байдлаар 10326 даатгуулагчийн 1563 тэрбум төгрөгийн зардлыг дээрх эрүүл мэндийн байгууллагад олгосон нь даатгуулагчийн халааснаасаа төлөх төлбөрийг бууруулж, санхүүгийн эрсдэлээс хамгаалсан байна.
Элэг шилжүүлэн суулгах мэс заслын үед хэрэглэсэн хэрэгслийн үнийн тодорхой хэсгийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж байгаа бөгөөд 2016, 2017 онд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн 8 даатгуулагчийн хэрэгслийн зардалд С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээнд 37000 гаруй даатгуулагч хамрагдан эрүүл мэндийн даатгалын сангаас 3.1 тэрбум төгрөг, В, С вирусийн илрүүлэг, шинжилгээнд 346302 даатгуулагч хамрагдаж, 969,6 сая төгрөг, элэгний С вирусийн эмийн үнийн хөнгөлөлтийг 17395 даатгуулагч эдэлж 6.9 тэрбум төгрөгийн зардлыг даатгалын сангаас тус тус зарцуулсан
гэлээ.
Эх сурвалж: УИХ ХМОНХХ
Сэтгэгдэл бичих