Нийтлэл 12 сарын 20, 2017

CGI болон Al технологийн хувьсгал дэлхийд ямар аюул учруулах вэ?

Дэлхий даяар технологийн хувьсгалд өртөж, техник технологи хүний амьдралын салшгүй нэг хэсэг болохын зэрэгцээ, хүний бүхий л чадварыг орлож эхлээд байна.

CGI /Computer-generated imagery/ болон Хиймэл оюун ухааны тусламжтайгаар тухайн хүний зураг, бичлэг, дуу, дүрсийг нь ашиглан хуурамч видео, аудио хийх боломжтой болсон. Энэхүү технологи нь маш хурдацтай хөгжиж байгаа учраас ирэх жилүүдэд хууран мэхлэгчид, суртал ухуулагчид хуурамч аудио болон видеог хийх ажлыг улам хялбархнаар хийх боломжийг олгож байгаа юм.

Тухайлбал,  2017 оны 7 дугаар сард Вашингтоны Их сургуулийн судлаачид хиймэл оюун ухаан ашиглан Ерөнхийлөгч Обамагийн хуурамч видео бичлэгийг хийж үзүүлжээ.

Face2Face-н судлаачид мөн 2016 онд Владимир Путин, Жорж Буш, Доналд Трамп зэрэг улс төрчдийн нүүрний хувирлыг дууриалган хийсэн видеогоо танилцуулсан.

Lyrebird хэмээх программ хангамж  Хиллари Клинтон, Обама, Трамп нарын дууны өнгийг ашиглан хийсэн аудио бичлэгүүдийг ч гарган тавьсан.

Медиа салбарт ч эдгээр программыг өргөнөөр ашиглаж эхлээд байна. Fast furious киноны гол баатар 7 дахь цувралын үеэр амиа алдсан Paul Walker-н дүрийг энэхүү программ болон түүний сүүлийн  дүрс бичлэгүүдийн тусламжтайгаар гүйцээсэн юм. 

Энэхүү технологи нь медиа салбарт ихээхэн дэвшил авчрах боломжтой боловч сошиал нетворк буюу олон нийтийн сүлжээ хөгжсөн үед олон нийт энэхүү программуудыг ашиглаж эхэлвэл дараах эрсдлүүд давхар учрах нь. 

Хуурамч мэдээллийн эх үүсвэр болно

Мэдээлэл хэтэрхий хурдтай тарах болсон энэ үед хэн нэгэн улс төрч, олны танил хүний хуурамч видеог тарааснаар тухайн хүний талаарх ташаа ойлголтыг маш хурдан тараах боломж бүрдэж байгаа юм. Нөгөө талд улс төрчид өөрсдийн хийсэн бодит бичлэгийг хуурамч хэмээн мэлзэх ч боломж олгож байна.

Цахим гадуурхалтыг шинэ түвшинд аваачна

Энэ төрлийн технологи нэвтэрснээр улс төрийн болон бизнесийн стратегийн зорилгод зүй бусаар ашиглагдвал дурын этгээд цахим гадуурхалтыг бий болгох харгис зэвсэг болж болох юм.

Face2Face-н хөгжүүлэгч нар ч цахим гадуурхалтыг шинэ түвшинд аваачих магадлалтай гэдгийг хэлсэн. Их Британийн Хүүхдийн сангийн зүгээс CGI болон хиймэл оюун ухааны тусламжтайгаар бүтээсэн энэ төрлийн технологиудаас өсвөр насны хүүхдүүдээ хол байлгах анхааруулгыг гаргаад байгаа юм.

Цахим гэмт хэргийг цэцэглүүлнэ

Урьд өмнө нь захирлын чинь өмнөөс мэйл илгээж бичиг баримтын тухай мэдээлэл авах, шилжүүлэг хийлгэх зэрэг цахим гэмт хэрэг их байсан бол энэхүү дуу хоолойг дууриалгах программууд нэвтэрвэл захирлынх нь дуу хоолойгоор ажилтнууд руу нь залгаж дуртай мэдээллээ авах боломж бүрдэж байна.

Садар самууны гэмт хэргийн төрлүүдийг нэмэгдүүлнэ

Энэхүү технологийг кино ертөнцөд хэрэглэхийг зөвшөөрөхөөс үл хамааран, энэ технологи дээр суурилан хийсэн видео бичлэгүүд нь садар самуунд уруу татах гэмт хэрэг ихсэх эрсдлийг бий болгож байгаа юм.

Тэгэхээр эндээс бид өөрийн үзэж, харсан болгондоо итгэх боломжгүй болж байгааг ойлгож болно.

Энэхүү технологийг хөгжүүлэгчид нь өөрсдөө авчирч болох эрсдлүүдийг мөн тооцож байгаагаа илэрхийлсэн. Эдгээр төрлийн видео хийх нь тархи угаалт хийх хэрэгсэл болж нийгэмд хүчтэй нөлөөлөл үүсгэх болно гэж Face2face хөгжүүлэхэд тусалсан Justus Thies, Business Insider-д өгсөн ярилцлагадаа дурджээ. Хэрвээ хүүхдүүд ийм төрлийн программ хангамжийг ашиглаж эхэлвэл цахим гадуурхалтыг улам өдөөх магадлалтай гэж тэрээр нэмж хэлжээ.

Бид энэ эрсдлээс хамгаалахын тулд юу хийх ёстой вэ?

Иргэдийн сэтгүүлзүйд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, иргэд мэдээлэлд шүүлтүүртэй хандах сэтгэлгээг нэмэгдүүлэх нь нийгмийн гол хариуцлага байх болно. Фэйсбүүк зэрэг томоохон платформуудын хуурамч мэдээллийг илрүүлэх, хуурамч мэдээллээс хамгаалах механизмаа сайжруулах хичээл зүтгэл мөн томоохон үүрэг гүйцэтгэх юм.

Эх сурвалж: Bussiness Insider

 

Сэтгэгдэл бичих

    • хэхэ
    • 2017-12-22

    Эвгүй юм байна даа.

    • Эрдэнэчимэг
    • 2017-12-21

    Аймаар юмаа. Юунд итгэх вэ?

arrow icon