Хүн хүндээ өгдөг хамгийн сайхан бэлгийг аав минь надад өгсөн. Тэр бол надад өгсөн итгэл хэмээн Америкийн сагсан бөмбөгийн дасгалжуулагч Жим Валваю аавынхаа тухай дурсан ярьсан байдаг. Нээрээ л аав хүн хүүхдүүддээ итгэл найдвар түшиг тулгуур нь болдог. Тэд үр хүүхдийнхээ хувьд үгээр хэлж үзгээр зурагдашгүй том ертөнц байдаг. Энэ том ертөнцийг элдэв онол баримтлал зарчмын үүднээс биш бодит амьдралын үүднээс тэдний хүүхэддээ хэрхэн нөлөөлж, хэрхэн дэмждэг тухай “Сайн аав” буланг хүргэдэг билээ. Бид энэ удаа Р.Гантөмөр хэмээх нэгэн аавыг онцолсон юм. Бид түүний охин Нямдарьтай аавынх нь түүнд нөлөөлсөн нөлөөлийн тухай, аавынх нь сайхан зан чанарын тухай ярилцсан юм. Түүний энэхүү яриа Гантөмөр гуайг сайн аав гэдгийг батлах биз ээ.
Аавыг маань Равдангийн Гантөмөр гэдэг. 1975 онд Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн. Аав маань насаараа жолооч хийсэн хүн байгаа юм. Тиймдээ ч надад тос масло бензиний үнэр цаанаа л нэг дотно санагддаг юм л даа. Аав миний түшиг тулгуур, тулах багана итгэл найдвар минь. Бид хоёр их санал нийлдэг. Аав маань миний хийх гэж буй бүхий л зүйлсийг дэмжиж чадах бүхнээрээ тусалж дэмждэг юм. Харин намайг арван жилийн сургуулиа төгсөөд сэтгүүлч мэргэжил сонгоно гэхэд их л ундууцаж билээ. Надад шууд чи сэтгүүлч болж болохгүй гэж хатуухан хориглоогүй ч “Сэтгүүлч” гэдэг их хэцүү мэргэжил. Нэг андуу, эндүү үг хэлбэл гэмт хэрэгтэн ч болж мэдэх хариуцлага өндөртэй, тэгээд ч хамаг залуу насаа үрж, цаг завгүй хөдөлмөрлөөд ч цалин бага гээд л битүүхэн хэлдэг байсан. Харин би сэтгүүлч болох хүсэлтэй. Тэр мөрөөдөл минь намайг улам бүр хурцалж, сэтгүүлч болохын төлөө хичээж байсан ч аавынхаа санааг зовоогоод яахав гээд өөр мэргэжил сонгосон юм.
Тэр мэргэжлээрээ нэг жил орчим сурч, хичээх ёстой би энэ мэргэжилд эзэн байх ёстой гэж хичээсэн ч нэг л болж өгөхгүй байсан. Харин аав маань их гярхай хүн болохоор охиноо дуртай зүйлдээ яаж хичээл зүтгэл гаргадагийг мэддэг болохоор бууж өгсөн юм. Нэг өдөр хичээлээ тараад орж ирсэн аав намайг хэсэг ажиглаж байснаа “Аавын шар охин боломж байвал оройтохоос өмнө дуртай зүйлээрээ суралцаарай” гээд духан дээр минь үнссэн. Би амьдралдаа тийм их хайр аз жаргалыг мэдэрч үзээгүй
. Маргааш нь аав “Өвлийн амралтаараа мэргэжлээ сольж болно гэнээ” гээд инээгээд орж ирж байсан аавыгаа хараад нулимс өөрийн эрхгүй урсаж аавдаа хэмжээлшгүй ихээр баярласан
. Тэгээд аав бид хоёр хөөцөлдсөөр би дуртай мэргэжлээрээ суралцаж аав надад алсаас зааж, зөвлөж, тусалсаар байгаа. Миний охин нэгэнт эхлүүлсэн ажлаа заавал амжилттай дуусгаарай миний охин чадна гэж үргэлж хэлдэг.
Охиныхоо хүсэл мөрөөдлийн төлөө өөрийн үзэл бодлоо үдлэн хөөх аавын минь тэр сэтгэлийг юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байна. Одоо хүртэл аавын минь миний охин чадна аа гэсэн үг чихэнд сонсогдод сэтгэлд хоногшоостой байдаг юм.
Сэтгэгдэл бичих