ҮСХ-ны дарга А.Ариунзаяа мал тооллогын талаар урьдчилсан мэдээлэл хийлээ. Улс орон даяар мал тооллогыг 2017 оны 12 сарын 7-ноос 17-ны хооронд зохион байгууллаа.
Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2017 оны жилийн эцэст малын тоо өмнөх оныхтой харьцуулахад 7.8 хувиар өссөн. Жилийн эцсийн малын тоо 66.2 сая толгойд хүрч өмнөх оныхоос 4 саяар нэмэгдсэн байна.
2017 онд малын тоо 5 төрөлдөө өссөн үзүүлэлттэй байна. Үүнд адуу 8.4%, үхэр 7.5%, тэмээ 8.2% хонь 8.1% ямаа 6.9%-иар өссөн байна. Нийт мал сүргийн дотор хонь 45.5хувь, ямаа 41.3 хувийг эзэлж байна.
Адуу, үхэр, хонины тоогоор Архангай аймаг тэргүүлсэн бол, тэмээний тоогоор Өмнөговь, ямааны тоогоор Баянхонгор аймаг тэргүүлжээ.
Малтай өрхийн тоо 228.9 мянгад хүрсэн бөгөөд өмнөх оныхоос 2.3 хувиар өсжээ. Малтай өрхийг малын тоогоор нь бүлэглэн авч үзвэл 200 хүртэл малтай өрх өмнөх оныхоос 1.8 функтээр буурсан бол 201-ээс дээш малтай өрх 0.04-1.0 функтээр өсчээ. Үүнээс үзэхэд бага малтай өрхийн тоо буурч, их малтай өрхийн тоо өссөн үзүүлэлттэй байна.
Шинээр малтай болсон өрх 17 мянга байна. Баруун бүсээс бусад бүсэд шинээр малтай болсон өрхийн тоо өссөн үзүүлэлттэй байна.
Сэтгэгдэл бичих